Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяагаар ахлуулсан ажлын хэсэг “Нээлттэй нам” уулзалтын хүрээнд Говь-Алтай аймгийн Бигэр суманд ажиллаж байна. Ажлын хэсгийн уулзалт Бигэр сумын МАН-ын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчидтэй сумын намын хорооны үйл ажиллагааны талаарх дотоод уулзалтаар эхлэв.
Түүний дараа Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа Бигэр сумын намын ахмад гишүүд болох малчин Д.Одонхүү, Т.Амарсайхан, Д.Гарамсүрэн нартай уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Мөн Бигэр сумын иргэд оролцсон “Нээлттэй нам” уулзалт хэлэлцүүлгийг сумын соёлын төвд зохион байгуулав.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр Бигэр сумын иргэдийн зүгээс Нутгийн зам төслийг үргэлжлүүлж, сумд хоорондын замын бүтээн байгуулалт, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, сум нутагтаа амьдарч байгаа иргэдээ дэмжсэн бодлого хэрэгжүүлэх, багш нарын чадавхыг сайжруулах, сумдад ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх зэрэг санал хүсэлтүүдийг хэлж байлаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.