Социал Демократ Монголын Оюутны Холбооноос 7 дахь жилдээ “SDCAMP оюутны зуны цугларалт” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ жил БНСУ, БНХАУ, Япон, Энэтхэг, Лаос улсын оюутан залуусаас гадна, 21 аймаг, 9 дүүргийн 600 орчим оюутан энэхүү арга хэмжээнд хамрагджээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, СДМОХ-ны ерөнхийлөгч, ХХААХҮ-ийн дэд М.Ганхүлэг нар оролцсон юм.
Энэ жилийн зуны цугларалт “Энхийн давлагаа” уриан дор зохион байгуулагдлаа. Монгол улсын тусгаар тогтнол, эх оронч үзлийг оюутан, залууст түгээн дэлгэрүүлж, олон улсын оюутнуудын хамтын ажиллагаа, энхийг эрхэмлэсэн эх оронч иргэдийг бий болгоход цугларалтын зорилго оршиж байлаа.
“SDCAMP оюутны зуны цугларалт” арга хэмжээний хүрээнд Хүний эрх, Байгууллагын соёл гэсэн сургалтуудыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Хүний эрх дэвшилтэт бодогын хүрээлэн, Стратеги академитай хамтран зохион байгуулсан юм. Мөн спортын 6 төрөл, урлагийн 4 төрлөөр нөхөрсөгөөр өрсөлдөж шилдэг оюутан залуусаа шалгарууллаа.
Мөн СДМОХ-ны дэргэдэх 5 байгууллагын нэрэмжит “Сошиал контент” уралдааныг зарлаж сошиал орчинд эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх агуулга бүхий видео контентоор салбар холбоод өрсөлдсөн юм.
Социал Демократ Монголын Оюутны Холбооноос энэ жил салбар холбоодын хөгжлийн жилийг зарлаж салбар холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлж, их дээд сургуулиуд, олон улсад салбар холбоогоо нээхээр ажиллаж байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.