Булган аймгийн Монгол Ардын Намын хорооноос 08-р сарын 05, 06-ны өдрүүдэд “Бид Хамтдаа” аян зохион байгууллаа. Аянд Булган аймгийн 16 сум, 1 тосгонд ажиллаж, амьдарч байгаа Монгол Ардын Намын 500 гаруй гишүүд, дэмжигчид оролцсон байна.
Аяны хүрээнд Найдангийн Энхбаатар “сургагч багш” урилгаар хүрэлцэн ирж нийт оролцогчдод “Итгэл үнэмшил, Үнэт зүйл, Эерэг хандлага” сэдвийн хүрээнд сургалт хийж бүх оролцогчдод оюуны хөрөнгө оруулалт хийсэн юм. Оролцогчдын хувьд аливаа асуудалд байнга сөрөг талыг харж ярьж, бичдэг болоод байгаа энэ үед ямар нэгэн асуудлыг эерэг талаас харж, илүү бүтээмжтэй байх, илүү санаачилгатай байхад энэхүү сургалт сайн нөлөө үзүүлнэ гэж байлаа.
Хоёр өдөр үргэлжилсэн аяны хүрээнд оролцогчид танин мэдэхүй болон бусад чиглэлийн сургалтанд хамрагдсанаас гадна хурд, хүч, авхаалж самбаагаа ч сорив. Тухайлбал "Олс таталтын тэмцээн" зохион байгуулагдсан юм. Тус тэмцээний Нэгдүгээр байранд Хишиг-Өндөр сум, Хоёрдугаар байранд Дашинчилэн сум, Гуравдугаар байранд Сэлэнгэ сум тус тус шалгарлаа.
Аяны үйл ажиллагаанд Булган аймгаас Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оролцсон байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.