УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд таны дуу хоолой бишгүй байсан. “Төрд эмэгтэйчүүдийн оролцоог хангая” гэж байнга шахуу дуугардаг хүний хувьд ач холбогдлыг нь юу гэж хардаг вэ?
-Би анх 2011 онд төрийн бодлогод эмэгтэйчүүдийг оролцуулах нь ямар ач холбогдолтой, чухлыг ярьж байлаа. Тэр үед намайг бусад гишүүн ойлгодоггүй байсан. “Чи юун эмэгтэйчүүдийг онцолж ярьдаг, сүрхий хүн бэ” гэж ёжлох гишүүн ч цөөнгүй байв. Аливаа үзэл хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдоход цаг хугацаатай юм байна. Нийгмийн хандлага, сэтгэлгээ 12 жилийн өмнөхөөс үлэмж өөрчлөгдөж. 2008-2012 онд парламентын хэмжээнд гурван эмэгтэй гишүүн байсан. Өнөөдөр 76 гишүүний 13 нь эмэгтэй байна. Сайн тал нь парламент бүрдэх бүрд эмэгтэйчүүдийн тоо өсөж байгаад би хувьдаа баярладаг. Гэхдээ дэлхий нийтийн улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, квотыг харвал бид үнэхээр хоцорч явна. Одоогоос 12 жилийн өмнө нийгмийн тэгш ёс, улс төр дэх жендэрийн оролцоо, гүйцэтгэх засаглалд эмэгтэйчүүдийн манлайлал хэрэгтэй гэх зэргээр ярьж, чадлынхаа хэрээр дуу хоолойгоо хүргэж, ярьж явсаар квотыг 20 хувьд хүргэх шийдвэр гаргуулж байлаа.
-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд орж ирснээр ямар эерэг хандлага бий болох вэ?
-Парламент гэдэг нь ард түмний төлөөллийн институц мөн юм бол заавал эмэгтэйчүүдийн төлөөлөл хангагдах ёстой. Ард түмнийг үндсэн хоёр бүлэгт хувааж үзвэл нэг бүлгийнх нь том төлөөлөл нь эмэгтэйчүүд. Энэ том бүлгийн төлөөллөөс парламентад тэнцүүдүү оруулж ирэхгүй бол парламентын хүлээн зөвшөөрөгдөх хууль ёсны байдал ямар хэмжээнд байх вэ. Яагаад бид энэ талаар ярьж квотыг нь өндөр тогтоох ёстой вэ гэхээр Монгол Улс хоцроод байна. Булчингийн хүчин чадлаар биш оюун ухаан, технологийн хүчин чадлаар бусад улс хурдацтай урагшилж байна. Эмэгтэйчүүдийн төлөөллийг 30, болж өгвөл 50 хувьд хүргэх ёстой. Ингэснээр маш олон талт дэвшил гарна. Өрөөсөн зүйл гэдэг дутууг илэрхийлдэг. Тэгэхээр төр дэх эмэгтэй төлөөллийн давуу тал тэр хэрээр ач холбогдолтой нь гарцаагүй.
-Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь хөгжлийн стратеги юм гэж та нэгэн ярилцлагадаа онцолсон байсан. Яагаад ингэж үзэж байгаа вэ?
-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоотой байхыг эрхийн гэхээсээ илүү хөгжлийн асуудал гэж хардаг. Яагаад хөгжлийн стратеги болж байгаа юм гэхээр өнөөгийн нийгмийн харилцаанд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах, нийгмийн баялгийг тэгш хуваарилах, дуу хоолой, манлайлал, хүсэл зориг хүчтэй байгаа учраас тэдний төлөөллийг төрд тэр хэмжээгээр оруулж ирж байж нийгмийн бүх хэсэгт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдийн эрх, үүрэг төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшинд хангагдана. Хоёрдугаарт, нийгмийн баялгийн хуваарилалт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй санаачилгатай оролцох боломж нь энэ замаар илүү хангагдана. Боломж бүрдэнэ. Энэ утгаараа Монгол Улсын хөгжлийн стратеги, XXI зууны төрийн бодлогын тогтвортой хүчин зүйл бол жендэрийн тэгш оролцоог хангах. Магадгүй 20-30 жилийн дараа эрэгтэйчүүдийн олон талт асуудал өнөөдрийн “Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог хангая” гэж байгаа шиг хөндөгдөх байх. Аль нь байлаа ч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрх, оролцоо, төлөөллийг 50:50 хувьд хангах ёстой. Энэ бол хөгжил дэвшилд илүү хөтөлнө. Эмэгтэйчүүдийг ганц гэр бүлийн хүрээний асуудалд л оролц гэж үздэг хандлага хоцрогдсон, өрөөсгөл үзэл. Нийгмийн үйл хэрэг, нийгмийн баялгийн хуваарилалтад тэд тэгш оролцох ёстой. Эмэгтэйчүүд бодлогод оролцох, шийдвэр гаргахад төлөөлөл нь жигд байх нь хөгжлийн стратеги. Хөгжлийг түргэтгэх, хурдасгах хүчин зүйл.
-Хамгийн сүүлд та эмэгтэйчүүдийн квотын асуудлаар хэзээ, хаана дуугарсан бэ?
-2021 онд Л.Оюун-Эрдэнэ даргыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох үеэр онцгойлон авч үзэхийг хэлж байсан. Хэлсэн үгээ ч санаж байна. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай асуудлыг анхаарах хэрэгтэй. Засгийн газрын гишүүдийн 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх квот бий. Үүнийг шинэ Ерөнхий сайд маань анхаарч, нэмэх талаар ажиллаарай. УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүдийн байр суурийг би дэмжиж байна. Жендэрийн мэдрэмжтэй Засгийн газар байгуулагдана гэж найдаж байна” гэж хэлж байсан. Энэ мэт эмэгтэйчүүдийн квотыг ахиулах, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд сонсох, жендэрийн мэдрэмжтэй Засгийн газар байгуулахыг дэмжсэн хэсэгт миний дуу хоолой ямагт байж ирсэн. Хамгийн сүүлд “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” форумд эмэгтэйчүүдийн квотыг нэмэх ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.