70001921
info@nam.mn
Мэдээ

Нийслэлийн МАН-ын хороо 98 нас хүрлээ

Админ
2023/04/21

Монголын XX зууны нийгмийн хөгжил, бүтээн байгуулалттай хамт МАН-ын түүхийг заавал дурд­даг. Үүнтэй ижил Улаанбаатар хотын сүүлийн 100 жилийн түүхийг хөндөхөөр Хотын намын хороо буюу өнөөгийн нийслэлийн МАН-ын хорооны түүх салшгүй холбоотой явдаг. 

Үнэндээ түүхийн хуудсыг сөхөж хара­хаар нийслэл Улаанбаатар, нийс­лэлийн МАН-ын хороо гэсэн энэ хоёр нэр салшгүй холбоотой. Тодруулбал, 1923 онд нийслэл хүрээнд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захир­гааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийд­вэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловс­руулан батлуулжээ. 

Улмаар нийслэл хүрээнд намын үүрүүдийг байгуулах шийдвэр гаргаж, яамдад байгуулсан намын үүрүүдийг татан буулгажээ. 1925 онд жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн Монгол ардын намын хороо анхдугаар их хурлаа хийж, нэг гэр, хоёр авдартайгаар байгуу­лан, гэрээ одоогийн Төрийн ордны зүүн талд буй хэвлэх үйлд­вэрийн хашаанд барьжээ. 

Үүдэндээ “Намын Улаанбаатар хотын хороо” гэсэн улаан даавуун дээр бичсэн хаяг бүхий энэ гэрээс өнөөд­рийн нийслэлийн МАН-ын хороо­ны түүх эхэлдэг. Нийслэлийн Мон­гол ардын намын хороо анх байгуу­лаг­дахдаа 421 гишүүнтэй байжээ. Эдгээр гишүүн Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөх, шинэ амьд­рал, шинэ соёл, шинэ орчны төлөө хөлс хүч, хөдөлмөр бүтээлээ зориул­саар ирсэн юм.

Тухайлбал, гишүүдийн хурлаар нийслэл доторх хог буртгийг цэвэрлэх тухай асуудлыг хэлэл­цэж, нам, эвлэлийн гишүүдийн оролцоотойгоор хур хогийг устган дарах, ариун цэвэр сахих журам гаргаж, баруун, зүүн Сэлбийн гүүрийг өргөтгөх, сэлбэн засварлах, усны суваг шуудуу татах ажлыг хийж, хотыг цэцэрлэгжүүлэх ажлыг ч санаачлан эхлүүлжээ. 

Нийслэлийн Монгол ардын намын хорооны гишүүд 1960-аад оны үед их бүтээн байгуулалтыг гардан удирдаж байв. Тодруулбал, аж үйлд­вэрийн комбинатын нэхмэл, ноос угаах, гутал, том шир, оёдол, эсгий-эсгий гутал, шевро, шевретийн найман үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, дэмжиж байсан юм. Хотын цэвэрлэх байгуу­лам­жийн барилгын эхний ээл­жийг 1969 онд ашиглалтад оруулж, 1970 онд хөдөлмөрийг шинж­лэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах асуудлаар Улаан­баатар хотын зөвлөлгөөн хийж, үйлдвэр, барилгын 29 газрын үйл ажил­лагааны зохион байгуу­лалтад судалгаа хийж, 1980-аад оны дундаас үйлдвэрлэлд чанарын удирдлагын системийг нэвт­рүүлж, хотын намын хорооноос бүтээг­дэхүүний чанарыг социалист бусад орны ижил төрлийн бүтээгдэхүүний түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байлаа. 

Тус хорооны гишүүд 1990 онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хөдөлгөөнийг дэмжин, V бүгд хурлаараа “Хотын намын хорооны үйл ажиллагаанд хийх дүгнэлт цаашид шинэчлэх зорилт”-ын тухай илтгэлийг хэлэлцэж, хотын намын байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчлэх тухай тогтоол гаргаж байжээ. Энэ бол түүх. 

Нийслэлийн МАН-ын байгуул­лагын түүх нь Монгол Улсын ХХ зуун дахь орчин цагийн бүтээн байгуулалтын ам­жилт, бодит үр дүн, монгол үндэст­ний сэргэн мандалт, хүн амын болон нийг­мийн хөгжлийн дэвшил, Монгол Улсын улс төрийн ууган хүчний хөгжил, төлөвшил, шинэчлэлийн түүх юм. Тэгвэл одоогоос 98 жилийн тэртээ 400 гаруйхан гишүүнтэйгээр үйл ажил­лагаагаа эхлүүлж байсан нийслэлийн Монгол ардын намын байгууллага нь өнөөдөр 202 хороонд намын хороо, 577 үүр, 69 мянга гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.