УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяатай ярилцлаа.
-Та СДМЭХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээж аваад хоёр сар өнгөрч байна. Ажлаа хаанаас эхлэв, цаашдаа юунд анхаарах вэ?
-Миний бие, тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр сарын хугацаа өнгөрч байна. СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүддээ “Монголын үнэн” сониноороо дамжуулан баярлаж талархсанаа илэрхийлье. Энэ хугацаанд бид хамтдаа олон ажлыг амжуулсныг дурдахад таатай байна. Удирдах зөвлөлийн хурлууд товлосон хугацаандаа болж, эмэгтэйчүүдийн эрх оролцоо, манлайлал, нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурь, нөлөөллийн ажлуудын уялдаа холбоо сайжирч, мэдээлэл, харилцан туршлага солилцох, чадавхжуулах сургалт, анхан шатны нэгж байгууллагууддаа хүрч ажиллаж эхэллээ.
СДМЭХ-ноос дүрмийнхээ хүрээнд хөгжлийн бодлогоо тодорхойлох бодлогын зөвлөлүүд байгууллаа. Хууль эрх зүй, нийгэм, бизнес гэсэн гурван чиглэлээр бодлогын зөвлөл байгуулснаар эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын чиглэл нийгмийн асуудал, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийн асуудалд төрийн зүгээс дэвшүүлж байгаа бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн шинэчлэлд бидний оруулах хувь нэмэр эрс сайжирна гэж үзэж болно.
Эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, тэдний хөдөлмөрийн үнэлэмж, эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжтэй үйлчилгээ авах боломжуудыг улам сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана.
-СДМЭХ энэ онд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?
-СДМЭХ-ноос санаачлан цахим сэтгүүл гаргаж эхэллээ. Анхны дугаараа гуравдугаар сарын 13-нд үндэсний хэмжээнд түгээсэн. Сэтгүүлээ сар бүр эрхлэн гаргахаар төлөвлөж байна. Цахим сэтгүүлээрээ холбооныхоо зорилго, чиг хандлага, үйл ажиллагаа, ололт амжилт, анхан шатны нэгж байгууллагуудын туршлага, бүтээлч ажлуудыг түгээхээс гадна олон улсын хамтын ажиллагаатай байгууллагуудын туршлага, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооны талаар эрдэмтэн, судлаачдын байр суурь, судалгааны бүтээлүүдийг олны хүртээл болгоно.
СДМЭХ, СДМОХ-той хамтран “Жендэрийн эрх тэгш байдалд таны оролцоо” эсээ бичлэгийн уралдааныг гуравдугаар сарын 8-наас дөрөвдүгээр сарын 28-ныг хүртэл их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутнуудын дунд зарласан жендэрийн мэдрэмжтэй улс төр, боловсрол, эдийн засаг гээд бүх салбарын хүрээнд хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах боломж, гарц гаргалгаа, шийдлийн бодитой алхмуудыг хийснийг олон нийт сайшааж байна. Бид ч нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлт хандлагыг бодитой хүргэх зорилгоор оюутан залуучуудын дуу хоолой, үзэл бодол, байр суурийг дэмжин энэхүү ажлыг зохион байгуулж байгаа юм.
Манай Ажлын албанаас эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндэд онцгойлон анхаарна. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй эрт илрүүлгийн аянд идэвхтэй оролцох уриалгыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, үндэсний хэмжээнд эхлүүлсэн. Энэ аян Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд манай холбооноос оруулсан бодитой алхам гэж үзэж байна.
-Танай холбооноос “Манлайлагч 350” хөтөлбөрийг зохион байгуулж байна. Эмэгтэйчүүдийн төлөөллийг хэр өргөн хүрээнд хамруулав?
-МАН, СДМЭХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран эмэгтэйчүүдээ сургаж бэлтгэх, чадавхжуулах, нийгэмд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, тэдний манлайлах бололцоог сурталчлах, олон нийтэд таниулах, эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Манлайлагч -350” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. СДМЭХ-ноос аймаг, нийслэл, дүүргийн МАН-ын хороо, СДМЭХ-ны салбар холбоодтойгоо зөвшилцөн, хөтөлбөрт хамрагдах эмэгтэйчүүдийнхээ бүрэлдэхүүнийг сонгосон. Аймаг бүрээс 10, нийслэлээс 20, дүүргээс 90, манай Удирдах зөвлөлөөс 30 эмэгтэй хамрагдана.
-Сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд ямар мэдлэг, туршлага олж авах бол?
-Эмэгтэйчүүд орон нутагтаа болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, мэргэжил мэргэшлээрээ туршлага хуримтлуулах, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах, хариуцлагатай байх, харилцаа хандлага, ёс суртахууны хувьд бусдад үлгэр дуурайл үзүүлдэг байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, сургалтаа чиглүүллээ.
СДМЭХ-ноос “Манлайлагч -350” хөтөлбөрийн сургалтад оролцогчдод зориулан өглөөний уулзалтын удирдамж гарган ажиллаж байна. Өглөөний уулзалтын үеэр эмэгтэйчүүддээ өсөж дэвжихэд нь урам зориг өгөх, нэр хүндтэй хүмүүсийн амжилтын түүхийг хуваалцаж байна.
Манай холбооны ажлын алба болон дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллөөс санаачлан “Алсын хараа -2050”, Шинэ сэргэлтийн бодлого, “D Parliament” иргэдийн оролцоог хангах цахим систем, өсвөр насны хүүхдийн онцлог, эцэг эхийн хамгаалал сэдвээр тус тус мэдээлэл сургалтын хоёр цагийн үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.