70001921
info@nam.mn
Мэдээ

АНУ-ын Нью-Йорк хотод 67 дахь удаагийн комиссын хуралдаан боллоо

Админ
2023/03/28

Европын Социалистуудын Нам (ЕСН) нь Их Британи, Норвег зэрэг тэргүүтэй европын улс орны социалист, социал демократ, хөдөлмөрийн болон ардчилсан намуудыг нэгтгэдэг томоохон улс төрийн хүчин юм. Тус нам нь одоогоор 33 гишүүнчлэл бүхий намыг нэгтгэж, дэвшилтэт Европыг бий болгох эрхэм зорилготой.

Европын Социалистуудын Намын үнэт зүйл нь ардчилал, эрх чөлөө, тэгш эрх, энх тайван болон шударга ёс юм. Эдгээр үнэт зүйл нь өөр хоорондоо харилцан шүтэлцээтэйн хамт дэвшилтэт нийгмийг бий болгох үндэс болдог.

ЕСН нь ШИНЭ НИЙГМИЙН ГЭРЭЭ хэмээх тунхаглалыг дэвшүүлж, социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг билээ.

Өөрсдийн эрхэм зорилгын хүрээнд АНУ-ын Нью-Йорк хотод 2023 оны 3 сард дижитал эринд жендерийн тэгш байдлыг хангах асуудлаар  67 дахь удаагийн “Эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь” комиссын хуралдаанд ЕСН-ын төлөөлөл оролцсон.

Тус комиссын хуралдаанаар жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад инновац, технологийн өөрчлөлт, дижитал эрин үеийн боловсролын асуудлыг тэргүүлэх чиглэл болгожээ. Харин ЕСН болон НҮБ-ын эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн багийнхан хамтран “Цахим орчин дах тэгш бус байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, олон зууны турш нийгэмд тогтож ирсэн жендерийн талаарх хэвшмэл ойлголт нь дижитал эринд хэрхэн үргэлжилж байгаа талаар бодлогын судалгаа, шинжилгээний үр дүнг хэлэлцүүлсэн байна.

Энэ үеэр ЕСН-ын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Зита Гурмай:

“Бид дижитал эриний шилжилт ба жендерийн тэгш байдлын хоорондын уялдаа холбоог эртнээс судлах нь өмнөх нийгмээс улбаалж ирсэн тэгш бус байдал шинэ технологиудаар дамжин хэрхэн бэхжиж, шинэ хэлбэрээр илэрч байгаа талаарх мэдлэг, ойлголтоо дээшлүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.

Бид дижитал эрин зуунд жендерийн тэгш байдлыг орхигдуулахаас урьдчилан сэргийлэх ёстой. Мөн бид хамтдаа нэгдэж, хүн бүрд илүү сайн сайхан ирээдүйг бүтээх дэвшилтэт бодлогын шийдлийг судлахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх учиртай.

Бид Европын Холбоо болон олон улсын хэмжээнд жендерийн тэгш байдлын эсрэг эсэргүүцэл улам нэмэгдэж байгааг харж байна. Эдгээр хөдөлгөөнүүд нь өргөн сүлжээтэй, санхүүгийн томоохон дэмжлэгтэй байгаа нь жендерийн тэгш байдлыг хангахад гарч буй ахиц дэвшлийг үр дүнгүй болгох аюулыг дагуулж байна. Иймд бид сонор сэрэмжтэй байж, эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдлыг хамгаалах байр сууриныхаа төлөө хатуу зогсох ёстой" гэжээ.

Мөн хуралдааны үеэр олон улсад буюу Иран, Афганистан, Украин дахь эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй байдлын талаар хэлэлцэж, цаашид уг асуудлыг нарийвчлан судалж, бүс нутаг, улс орон бүрд эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурин дээр санал нэгджээ. Харин 2024 онд болох Европын Холбооны парламентын сонгуульд социал демократ намуудын өрсөлдөөн нь дижитал эрин дэх жендерийн тэгш бус байдлын асуудлыг дэвшилтэт арга замаар шийдвэрлэх бодлогын шийдэл дээр өрнөнө хэмээн олон улсын бодлогын шинжээчид таамаглаж байна.

ЭХ СУРВАЛЖ: https://pes.eu/equality/pes-women-csw67-gender-equality-digitalisation/

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.