Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга О.Батнайрамдалаар ахлуулсан баг Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд ажиллаж намын гишүүд, дэмжигч иргэдтэй уулзлаа.
Уулзалтаар 21 аймгийн намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлага, намын гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг хүргэж, санал бодлыг нь сонсов. Гишүүд, дэмжигчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Хүүхдийн мөнгөний олголтын талаар санал бодлоо хэлсэн юм.
Даланзадгад суманд дулааны цахилгаан станц, авто замын эвдрэлийн асуудал нэн түрүүнд шийдвэрлэвэл зохих асуудлын нэг болоод байгааг ч онцоллоо.
Өмнөговьчууд Засгийн газрын хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хийгдэх Цагаандэл уулын боомтын асуудлыг бүрэн дэмжихийн зэрэгцээ олон нийтийн хэлэлцүүлэг хийх тухай саналаа илэрхийлж байв.
Түүнчлэн уулзалтын үеэр Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан 2022 оны шилдэг менежменттэй намын байгууллагаар шалгарсан Өмнөговь аймгийн МАН-ын хорооны шагнал, мөн улсын тэргүүний намын анхан шатны байгууллагаар шалгарсан Өмнөговь аймгийн Манлай сумын МАН-ын хорооны шагналыг тус тус гардууллаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.