Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл 21 аймагт ажиллаж гишүүд, дэмжигчидтэй уулзаж байна. 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллалаа.
Уулзалтын үеэр Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг намын анхан, дунд шатны байгууллага болон дэргэдэх ТББ-уудын удирдлага, гишүүд, дэмжигчдэд хүргэж, санал бодлыг нь сонсов. Мөн Монгол Ардын Намын 30-р Их хурлаар хэлэлцсэн асуудал, шийдвэр, Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулсан юм.
Энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган зохион байгуулагдаж хөдөө орон нутгийг хэрхэн хөгжүүлэх, шилжин суурьшсан иргэн аж ахуйн нэгжийг хэрхэн дэмжих, хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийг хэрхэн ажлын байраар хангах, нийгмийн баталгааг нь хэрхэн хангах тухай олон шийдлийг танилцуулсан юм.
Иргэдийн хувьд хөдөө орон нутгийг хөгжүүлэх “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганыг цагаа олсон арга хэмжээ болсон гэдгийг тодотгоод өөр өөрийн саналаа хэлж байсан юм. Өвөрхангай аймгийн хувьд аялал жуулчлалын чиглэлээр илүү хурдацтай хөгжих боломжтой гэж тодорхойлдог. Энэ ч утгаар Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар Аялал жуулчлалын бодлого, Цахим Үндэстэн гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд илтгэл тавьж, гишүүд дэмжигчдийн асуултад хариулт өгсөн юм. Маргааш Архангай аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзана.
Намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт 03 дугаар сарын 20-ноос 03 дугаар 26-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.