МАН өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд 30 дугаар Их хурлаа хийж, Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлан тодотгосон. Мөн “Шинэ зуун-Дэвшилтэд бодлого” 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн баталсан.30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.
Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад 15 аймгийн 236 суманд хүрч ажиллахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байна.
Арваннэгдүгээр сарын 7-12-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ удаагийн сургалтын аймгийн төвүүд ажиллах багуудыг МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас намын Нарийн бичгийн дарга нар болон Газрын дарга нар ахлах бол сумдад хүрч ажиллах багуудыг 30 дугаар Их хурлаас сонгогдсон намын Бага хурлын гишүүд ахалж ажиллаж байна.
МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнээр ахлуулсан баг өнөөдөр /2022.11.07/ Булган аймагт ажиллаж байна. Нээлтийн арга хэмжээнд МАН-ын Цахим шилжилтийн хэлтсийн дарга Х.Энхбат, УИХ-ын гишүүн, Булган аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Намын хорооны дарга Д.Мэндсайхан болон Бага хурлын гишүүд, аймгийн намын хорооны гишүүд дэмжигчид оролцлоо. Булган аймгийн сургалтыг МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ нээсэн юм. Тэрбээр МАН-ын бодлого, үйл ажиллагаа, Социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өгөв. Булган аймаг 16 сумтай бөгөөд нийтдээ таван баг тус бүр гурван суманд сургалт, уулзалтаа хийх юм. Тодруулбал, энэ сарын 8-10-ны өдрүүдэд МАН-ын Бага хурлын гишүүн Б.Баярмагнайгаар ахлуулсан баг Баяннуур, Дашинчилэн, Рашаант суманд ажиллах бол Бага хурлын гишүүн Б.Хажидмаагаар ахлуулсан баг Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр суманд, Бага хурлын гишүүн Ё.Отгонбаяраар ахлуулсан баг Бүрэгхангай, Орхон, Сайхан суманд, Бага хурлын гишүүн М.Ариунболдоор ахлуулсан баг Баянагт, Хутаг-Өндөр, Тэшиг суманд, Бага хурлын гишүүн Э.Мөнхмаралаар ахлуулсан баг Бугат, Сэлэнгэ, Хангал, Хялганат суманд тус тус ажиллана.
Багууд МАН-ын 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлого зэрэг Монгол Ардын Намын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгч, Хүний эрх, Жендэрийн сургагч багш нарын сургалтуудыг орох юм. Мөн анхан шатны гишүүд дэмжигчдийн санал хүсэлтийг сонсоно.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.