70001921
info@nam.mn
Мэдээ

Монгол Ардын Нам орон нутагт жендэрийн манлайлагчдыг бэлтгэж эхэллээ

Админ
1 цаг 26 минутын өмнө

Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд жендэрийн асуудал хөндөгдөн яригдах үед гол төлөв эмэгтэйчүүдтэй холбогддог. Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж, тэгш эрх эдэлж чадахгүй, шийдвэр гаргах түвшинд төлөөлөлгүй, оролцоо бага, зүй бус үйлдлийн дийлэнх хохирогч нь эмэгтэйчүүд охид байдаг нь жендэрийн асуудлыг эмэгтэй хүнтэй холбон хөндөх зайлшгүй нөхцөлийг үүсгэдэг. Монгол Ардын Нам 30 дугаар Их хурлаараа социал демократ үзэл баримтлал, үндсэн чиглэлээ улам тодотгож, намын хөтөлбөрөө шинэчлэн баталсан. Социал Демократ үзэл баримтлалын тулгын гурван чулуу болсон үнэт зүйлсийн нэг бол хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалж, бүрэн дүүрэн эдлүүлэх явдал юм. Нийгмийн гишүүн бүр сэтгэл хангалуун, эрх чөлөөтэй амьдрах боломжийг зөвхөн ардчилсан төр, засаг л бодит ажил болгоно. Монгол Ардын Намын хувьд цахимд бүртгэлтэй  283,782 гишүүний 45.3 хувь нь эрэгтэй, 54.7 хувь нь эмэгтэй гишүүд байна. Энэ нь Монгол Ардын нам нийгэм дэх хүйсийн харьцааг төлөөлж чадахуйц тоо юм.

10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Монгол Ардын Нам хүний эрх, нийгмийн тэгш оролцоог хангахад чиглэсэн “Жендэрийн манлайлагч”-ийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан жендэрийн манлайлагчид нь хувьсан өөрчлөгдөж буй хандлагыг дэмжигч нам болж төлөвшихөд хамтран ажиллах, 2024 оны УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэхдээ эр, эм хүйсийн тэгш байдлыг хангахад дэмжиж ажиллах юм. Монгол Ардын Нам "Жендэрийн манлайлагч" санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.


Монгол Ардын Нам 28-р Их хурлаараа “2011 оны Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд заасан 25 хувь”, “УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл” байна гэсэн заалтыг ахиулж 30 хувийн босгыг заалт болгон оруулсан. Мөн үүнээс гадна намын дүрмийн дагуу намын шат шатны удирдах албан тушаалд 23-37.4 хувьд нь эмэгтэйчүүд сонгогдон ажиллаж байна.

Жендэрийн тэнцвэрийн асуудал нь УИХ, Засгийн газар, Улаанбаатар хотод тодорхой түвшинд хүрч чадсан. Харин хөдөө орон нутаг тодруулбал аймаг, сум, баг, хороо буюу анхан, дунд шатанд харьцангуй бага үзүүлэлттэй байгаа нь орон нутагт жендэрийн асуудал илүү хурцаар ярих байдлыг бий болгож байна. Тийм ч учраас энэхүү сургалтанд 21 аймаг, 9 дүүргийн намын хорооны 60 гишүүн хамрагдсан юм. 


2023 оныг Монгол Ардын Намын хувьд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын жил болгон ажиллах төлөвлөгөөтэй байгаагийн зэрэгцээ намын бүтцэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах хороог Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэргэд байгуулаад байна.

 

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.