Монгол Ардын нам, Хятадын Коммунист намтай хамтран “Эмэгтэй гишүүдийн хөгжил” сэдэвт цахим семинар өнөөдөр боллоо. Цахим семинар Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад Харилцааны сайдын орлогч Гуо Ежоу үг хэлснээр эхэлсэн юм.
Монгол Ардын нам, Хятадын Коммунист намтай хамтран намын дэргэдэх залуучуудын байгууллага, намын анхан шатны удирдлагуудыг хамруулсан цуврал цахим сургалтуудыг амжилттай зохион байгуулсаар байгаа билээ.
Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа энэхүү ээлжит семинар, сургалтыг улс төрийн намын эмэгтэй гишүүдийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн сэдвээр зохион байгуулж байгаа юм.
Нээлтийн үеэр Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Б.Тулга үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “Юуны өмнө тун удахгүй зохион байгуулагдах Хятадын Коммунист Намын 20 дугаар Их хурлыг тохиолдуулан танд болон Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны яамны нийт гишүүдэд халуун баяр хүргэж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Хятадын Коммунист намын удирдлага дор Бүгд Найрамдах Хятад Ард улс нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт амжилтаар дүүрэн, цар тахлыг амжилттай даван туулахын үлгэр жишээг харуулж, олон жилийн ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэн, урт удаан хугацаанд эрэлхийлсэн зорилтоо биелүүлж, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Өвлийн олимпын XXIV наадмыг товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулж түүхэн амжилт гаргасан. Хоёр улс, хоёр намын хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд гаргахад МАН-ын зүгээс бүрэн дэмжиж, онцгойлон анхаарч ажиллах болно. Цаашид Монгол Ардын Нам, Хятадын Коммунист намтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засаг, салбар хоорондын хөгжил, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, соёлын, байгаль орчны, хүмүүнлэгийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлогыг дэмжих болно” гэлээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.