Үзэл баримтлалынхаа гол цөмийг хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг тогтоох, жендэрийн тэгш эрхийг хангахад чиглүүлсэн Монгол Ардын намын удирдлагууд 11-р сарын 11-нийг хүртэл хугацаанд Нийслэлийн төвийн 6 дүүргийн намын анхан шатны байгууллагын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй лхагва, баасан гариг бүр “Өглөөний уулзалт” хийж байгаа билээ
Эрх барьж байгаа намын зөв бодлого, шийдэл нь төрийн үйл хэрэгт эерэг нөлөө үзүүлэх учиртай. Удирдах шатанд зөв бодлого шийдвэр гаргаад байхад анхан болон дунд шатанд хэрэгжилт хангалтгүй байвал ямар ч үр дүнд хүрэхгүй. Тийм ч учраас Монгол Ардын нам анхан шатны бүх байгууллагын удирдлага, гишүүд, дэмжигчдэд зориулж энэхүү “Өглөөний уулзалт”-ыг зохион байгуулж байгаа юм. Уулзалтаар Социал демократ үзэл баримтлал, “Цахим нам-2.0” хөтөлбөр, шударга ёс, хүний эрхийг хэрхэн хангах, хэрхэн хамгаалах талын мэдээллийг өгөхийн зэрэгцээ Монгол Ардын намын цаашдын зорилтын талаарх мэдээллийг өглөө.
Монгол Ардын нам Монгол улсын анхны улс төрийн хүчин. Энэ ч утгаар зөв бодлого, шийдлийн анхдагч байсаар ирсэн юм. Хүний эрхийг зөрчиж байгаа хуулийн 800 гаруй зүйл заалтыг хуульчдын багаар тодорхой болгуулж УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн, Эмэгтэйчүүд болон жендэрийн тэгш эрхийг хангах үндэсний хэмжээний томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан, Цаасаар дамжсан хүнд суртлыг арилгаж төрийн бүх үйлчилгээг Цахим хэлбэрт шилжүүлж эхэлсэн нь намын анхан шатны байгууллагын гишүүд, дэмжигчдийн талархлыг хүлээж байна.
Энэ өдөр Монгол Ардын намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд Баянзүрх дүүргийн 21, 22, 23, 24-р хорооны гишүүд, дэмжигчидтэй, Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 23, 27-р хороо, Монгол Ардын намын Намын Байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва Чингэлтэй дүүргийн 16, 17, 18, 22-р хороо, Монгол Ардын намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү Сүхбаатар дүүргийн 13, 14, 15-р хорооны гишүүд, дэмжигчидтэй, Монгол Ардын Намын Технологи, инновацын газрын дарга Н.Жавхлан Баянгол дүүргийн 11, 12, 14, 15, 23-р хороо, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Эрхэмбаатар Хан-Уул дүүргийн 15, 17, 18, 19, 20, 22-р хорооны гишүүд дэмжигчидтэй “Өглөөний уулзалт”-аар уулзаж, санал бодлыг нь сонслоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.