101 жилийн түүхтэй Монгол Ардын нам хүний эрхийг хамгаалсан, жендэрийн тэгш эрхийг бий болгосон Социал демократ үзэл баримтлалтай нам болохоо 30-р Их хурлаараа тодотгосон. Үзэл баримтлалаа тодотгон зарлаж, цаасанд буулгаад орхих бус бодит ажил болгох нь өнөөдөр хамгийн чухал. Тиймээс үзэл баримтлал, намын бодлого шийдвэрийг намын бүх шатны гишүүдэд таниулах ойлгуулах ажил энэ өдрүүдэд ээлж дараатай хийгдэж байна. Хоёр долоо хоногийн өмнөөс Монгол Ардын намын Бага хурлын гишүүдэд зориулсан сургалт хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж эхэлсэн. Эхний сургалтаар намын зорилт, хөтөлбөр, шинэчлэлийн талаар таниулан ойлгуулсан бол энэ долоо хоногоос эхэлж байгаа 2 дахь шатны сургалтаар ёс зүй, авлига албан тушаалын гэмт хэрэг, цахим нам-2.0 талаар сургалт явагдаж байна.
10 дугаар сарын 03-ны өдрийн сургалтыг Монгол Ардын намын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ удирдан явуулсан. Тэрбээр Монгол Ардын нам нь цахим хэлбэрт орж бүх шатны гишүүдийг Монгол орны хаанаас ч намын бүх ажил, бодлого шийдвэртэй танилцаж, улмаар оролцох боломжтой болсныг танилцууллаа.
Сургалтад нийслэлд ажиллаж амьдарч байгаа 373 гишүүн оролцож байна. Энэхүү сургалтад хамрагдсан Бага хурлын гишүүд энэ сарын 23-ны өдрөөс эхлэн өөрсдийн сонсгогдсон аймгийн бүх сумдаар ажиллах юм.
Монгол Ардын нам бол хүний эрхийг дээдлэгч улс төрийн хүчин. Тийм ч учраас хүний эрхийг зөрчиж буй 318 хуулийн 800 орчим зүйл заалтыг ил болгож хуульч, нийгмийн байгууллага, иргэдийн санал бодлыг нээлттэй сонсох хэлэлцүүлгийг долоо хоног тутам тогтмол зохион байгуулж байна. Мөн 30 мянган хүнийг хүний эрхийн манлайлагч багш болгон бэлтгэж байна.
Монгол Ардын Нам 09-р сарын 15-ны өдөр “Оролцъё Төлөөлье” уриан дор Жендэрийн эрх тэгш байдал сэдвийн хүрээнд Удирдах ажилтны хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Монгол улсад улс төрийн 36 нам, хүчин, эвсэл бүртгэлтэй байдаг. Монгол Ардын нам эдгээр улс төрийн намуудыг манлайлан ийнхүү зөвхөн Жендэрийн асуудлыг хөндсөн хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад Монгол Ардын нам онцгой анхаарч бүх шатанд эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж байгаа. Тийм ч учраас энэ өдөр зохион байгуулагдсан сургалтад МУИС, Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор Д.Бумдарь, Монгол Ардын Намын дэргэдэх “Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын Хүрээлэн”-гийн захирал Х.Баасанжаргал нар оролцож Социал Демократ үзэл баримтлал, Хүний эрхийн чиглэлээр сургалт явуулав.
Монгол Ардын нам нь хүний эрхийг дээдэлж, жендэрийн асуудлыг улс төрийн нам хүчнээс анх удаагаа хөндөж, авлига албан тушаалын хэрэгтэй тэмцэж Монгол улсын иргэн бүрд тэгш эрх олгох нөхцөл боломжийг бий болгохыг зорьж буй намын бодлого шийдвэрийг Бага хурлын гишүүд бүрэн дэмжиж байгаагаа сургалтын үеэр илэрхийлж байлаа. Монгол Ардын намын Бага хурал 469 гишүүнтэй. Цаашид гишүүдийг намын ажилд идэвхтэй оролцуулах зорилготой сургалтуудыг тогтмол зохион байгуулах юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.