70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: “Өглөөний уулзалт” ...

Админ
2022/10/07


2021 онд Монгол Ардын нам 30 дугаар Их хурлаараа Социал демократ үзэл баримтлалтай нам болохоо маш тодорхой зарлаж, Хүний эрх, Шударга ёс, Эв санааны нэгдлийг дээдэлнэ гэдгээ бүх нийтэд бататган тунхагласан. Ингэхдээ цаасан дээр буулгаж тунхаглаад орхих бус бодит ажил болгоход онцгой ач холбогдол өгч ажиллаж байна.



Эрх баригч намын бодлого, шийдвэр нь эцэстээ төрийн үйл хэрэг болдог. Тийм ч учраас Монгол Ардын намын Удирдах Зөвлөлийн Ажлын Албанаас 6 бүлэг болон хуваагдаж нийслэлийн зургаан дүүрэг дэх намын анхан шатны байгууллагын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй “Өглөөний уулзалт” хийж Жендэрийн тэгш эрхийг хэрхэн бий болгох, Авлига албан тушаалын хэрэгтэй яаж тэмцэх тухай мэдээллийг өгөхийн зэрэгцээ Шинэ сэргэлтийн бодлого, “Цахим нам-2.0” хөтөлбөрийн талаар танилцуулж байна.






Төр засаг, намын удирдлага аливаа асуудалд зөв шийдэл, шуурхай шийдвэрийг гаргаад байхад гүйцэтгэл нь төрийн болон улс төрийн намын анхан, дунд шатанд очоод замхарч үр дүнгүй болдог тохиолдол өмнө нь байсан нь үнэн. Энэ нь иргэд, гишүүдийн бухимдлыг хүргэж төр, иргэний үл ойлголцлыг бий болгодог. Тэгвэл Монгол Ардын нам энэ зөрчлийг арилгаж аливаа шийдэл, шийдвэр аль ч шатанд цаг алдалгүй, бодитоор шууд хүрч байх нөхцөл боломжийг бий болгох зорилготойгоор энэхүү “Өглөөний уулзалт”-ыг хийж байгаа юм. Намын удирдлагууд анхан шатны гишүүд, дэмжигчидтэйгээ ойр ойрхон уулзаж, санал бодлыг нь сонсож, санал хүсэлтийг нь хүлээн авч нүүр тулсан халуун дотно харилцаа үүсгэж байгаад гишүүд талархалтай байгаагаа илэрхийлж байна.

Жендэрийн мэдрэмжтэй, Шударга, эв нэгдэлтэй байх үзэл баримтлалыг гишүүд бүрэн дэмжиж байна

Мөн эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүдийн асуудлыг хөндөн жендэрийн тэгш эрхийн төлөө улс төрийн намуудаас анх удаагаа том сэдэв болгон орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулсан явдалд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.



Нийгэм эрүүл, аюулгүй, цэвэр байхын гол үндэс шалтгаан нь шударга ёс. Шударга ёсыг бий болгож авлига хээл хахуултай хатуу тэмцэж байгаа намын удирдлагуудын үйл ажиллагааг 100 хувь дэмжихээ ч гишүүд илэрхийллээ. Ингэж чадвал хүний бүх эрх бүрэн дүүрэн хангагдах, хамгаалагдах нөхцөл боломж бүрдэх ёстой гэдгийг ахмад гишүүд захиж байна.



Монгол Ардын намын “Шинэ сэргэлтийн бодлого” бол Монгол Улсын хөгжлийн гол суурь үзэл баримтлал, сайн төлөвлөгөө болж чадсан гэж үзэж байгаагаа ч гишүүд хэлээд энэ бодлогыг богино хугацаанд бодит ажил болгож үр дүнд хүргэхийн тулд ийнхүү анхан шатны байгууллагын гишүүдтэй уулзаж байгаа нь цагаа олсон ажил гэж тодорхойлж байлаа.

Залуучууд МАН-ын үзэл баримтлал, Засгийн газрын бодлого, шийдвэрт сэтгэл хангалуун байна

Монгол Ардын намын Социал демократ үзэл баримтлалын гол үнэт зүйл бол тэгш эрх, шударга ёс. Тиймээс намын болон төрийн дээд шатанд ажиллаж байгаа зүй бус үйлдэл гаргасан намын гишүүддээ улс төрийн хатуу хариуцлага хүлээлгэж ялгаваргүй хандах зарчмыг баримтлан ажиллаж байна.

Хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас нэг сургуулийн захирлыг зүй бус үйлдэл гаргасных нь төлөө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй адил Засгийн газрын гишүүнийг иргэдээ ялгаварласан зүй бус үг хэлснийх нь төлөө улс төрийн хариуцлага хүлээлгэсэн нь энэ засгийн газрын аливаа шийдвэр ямар нэгэн ялгавартай гарах ёсгүй гэж хэлсэн Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг хий хоосон лоозон үг бус бодит шийдвэр, ажил болж байгааг харуулсан. Энэ бол маш зөв шийдвэр, зөв хандлага, зөв хэв маягийг улс төрийн нам, төр засгийн ажилд бий болгосон явдал боллоо. Ийм л байвал Монголын залуучууд ирээдүйдээ итгэлтэй байж чадна гэдгийг анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчид хэлж байлаа.



Энэ өдөр Монгол Ардын намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд Сүхбаатар дүүргийн 7, 9, 11-р хороо, Монгол Ардын намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15-р хороо, Монгол Ардын намын Нарийн Бичгийн дарга Б.Тулга Хан-Уул дүүргийн 7, 8, 9, 23, 24-р хороо, Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва Чингэлтэй дүүргийн 7, 8, 9-р хороо, Монгол Ардын намын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ Баянгол дүүргийн 19, 20, 24, 25-р хороо, Монгол Ардын намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү Баянзүрх дүүргийн 9, 10, 11, 12-р хорооны Монгол Ардын намын гишүүд, дэмжигчидтэй “Өглөөний уулзалт”-аар уулзаж тэдний санал бодлыг сонсохын зэрэгцээ Монгол Ардын намаас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцууллаа.


















“Өглөөний уулзалт” нь 2022 оны 09 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 11-нийг хүртэл долоо хоног бүрийн Лхагва, Баасан гаригийн өглөө 07:30 – 09:30 цагийн хооронд намын анхан шатны байгууллагуудад болно.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.