Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, 9 дүүрэгт “Удирдах ажилтнуудыг чадавхжуулах цогц хөтөлбөр” сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг энэ сарын 22, 23-ны өдөр нийслэлийн Багануур дүүрэгт зохион байгууллаа. Уг үйл ажиллагааг НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Адилбиш Монгол Ардын Намын 30 дугаар Их хурлаас батлан гаргасан “Социал демократ үзэл баримтлал” сэдэвт сургалтаар эхлүүллээ.
Сургалтыг Хүний эрхийн дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн багш Г.Өлзийт, Хувь хүний хөгжлийн институтийн багш М.Эрдэнэчимэг, Г.Даваажав, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантөгс нар явуулсан юм.
Багануур дүүрэгт болсон сургалт “Социал демократ үзэл баримтлал”, “Хүний эрхийн сургалт”, “Харилцаа хандлага”, “Санхүүгийн боловсрол”, “EQ–Сэтгэл хөдлөлөө ойлгох, удирдах”, “Зорилгодоо хүрэх ур чадварт суралцах-Стратегич сэтгэлгээг хөгжүүлэх нь”, “Стресс менежмент” зэрэг сэдвээр ахисан түвшинд явагдлаа.
Хоёр өдөр явагдсан сургалтад оролцсон нийт оролцогчдод НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Л.Амгалан, НАМЭХ-ны Хяналтын хорооны дарга Ш.Алтанчимэг, НАМЭХ-ны УЗ-ийн гишүүн Д.Гантөгс, Багануур дүүргийн НАМЭХ-ны дарга Б.Буянхишиг нар сертифекат гардууллаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.