Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хороо намын гишүүдийн сахилгыг чангатгаж, хариуцлагыг дээшлүүлэх, намын эв нэгдлийг хамгаалан бэхжүүлэх, намын дээд байгууллагын тогтоол шийдвэрийг биелүүлэхэд хяналт тавих үүрэгтэй. 30 дахь Их хурлаар шинэчлэгдэж, 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн билээ.
Хяналтын Ерөнхий хороо 2022 оныг ёс зүй сахилга хариуцлагын жил болгон зарласан. Тэгвэл өнөөдөр /2022.03.03/ “Социал демократ үзэл-Хүний эрх ба ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд, Н.Энхбаатар, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл нар оролцож байна.
“Социал демократ үзэл-Хүний эрх ба ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын төрийн соёрхолт, академич С.Нарангэрэл “Хүмүүн байхын утга ёс суртахуунд оршвой” сэдвээр, Шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон “Хүн ба хүмүүн: Ёс зүй-эрхийн зохилдолт харьцаа”, Монгол Ардын намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар “Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудал” сэдвээр илтгэл тавилаа.
Мөн МУИС-ийн багш, доктор, профессор Д.Бумдарь “Улс төрийн хариуцлага” сэдвээр, МУИС-ийн багш, доктор, профессор Мөнхсайхан “Зүй ёс ба үндсэн эрх”, МУИС-ийн багш, доктор, дэд профессор Ц.Батболд “Улс төрийн намын социал демократ үзэл” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
“Социал демократ үзэл- Хүний эрх ба ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Тусгаар Тогтнолын ордонд үргэлжилж байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.