Монголын Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 101 жилийн ой, “Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна.
Одоогоос 101 жилийн тэртээ, С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нарын ардын хувьсгалын анхны долоон баатрууд нэгдэн, Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн түүхтэй.
Намын хоёр зууны түүхэн солбицлын жил болох 2021 онд Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаа хийж, Эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн “СОЦИАЛ ДЕМОКРАТ” үзэл баримтлалтай улс төрийн байгууллага гэдгээ тодотгож, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх улс төрийн шийдвэр гаргасан юм.
Мөн “Авлигын эсрэг дэвшилтэт бодлого”-оо тунхаглаж, Хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах замаар хүний эрх, эрх чөлөөнд халддаг бурангуй явдлыг даруй арилгахын төлөө хатуу зогсохоо мэдэгдэж, намын шинэ зууны хөгжлийн зорилтоо тодорхойлсон билээ.
Монгол Ардын Нам ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоож, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлж, социал демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн, бодитой хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж, хүний эрхийг хуульчлан хамгаалах, авлигатай тэмцэх, хүнд суртлыг арилгах дэвшилтэт бодлогуудаа хэрэгжүүлж эхэллээ.
“Эх орончдын өдөр” Монгол Улсын ирээдүйн хөгжлийг хамтдаа бүтээх залуус Монгол Ардын Намын 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд шинээр элсч, намын гишүүний бат илэрхийлэх гардан авлаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Улс төрийн бодлогын газрын дарга М.Ганхүлэг, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцов.
Арга хэмжээний үеэр Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд хэлсэн үгэндээ “Энэхүү түүхэн өдөр намын гишүүнээр элсэх шийдвэрийг гаргаж, улс төрийн сонголтоо хийж байгаа нь та бүхний амьдралын бас нэг түүхэн өдөр гэж бодож байна. Монгол Ардын Намын хөдөлгөгч хүч бол гишүүд юм. Ард түмэнгүйгээр улс орон гэж байхгүйтэй адил гишүүд, дэмжигчидгүйгээр Монгол Ардын Нам оршин тогтнох аргагүй юм. Гишүүний хариуцлага, ёс зүй, ажил хэрэгч чанар, мэдлэг боловсролоос намын манлайлах чадвар, хамаардаг. Намын гишүүн байна гэдэг нь эвлэлдэн нэгдэх Үндсэн хуулийн эрхээ эдэлж, улс орноо хөгжүүлэх, сайн сайхан нийгмийг байгуулах үндсэн зорилготой улс төрийн намын үйл ажиллагаанд сайн дураараа оролцож буй үнэ цэнтэй зүйл юм. Монгол Ардын Намын үнэт зүйл, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааг дэмжиж, гишүүнээр элсэх иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсээр байгаагийн дунд залуу үеийн төлөөлөл гишүүнээр элсэх нь ч бас нэмэгдэж байна. Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Нам шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Гэхдээ энэ жил онцлогтой. Намын бат илэрхийлэх олгоод өнгөрөх биш шинээр гишүүдээ сургаж, намын үйл хэрэг, үзэл баримтлалыг шинэ гишүүддээ олгох зорилго тавьж, “ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ”-ыг та бүхэндээ хийж байгаа юм. Энэхүү сургалтаар Социал демократ үзэл баримтлал гэж юу вэ, яагаад чухал вэ, Монгол Ардын Намын үнэт зүйл, эрхэм зорилго юу байх талаар товч мэдээллийг хүргэх болно. Цаашид гишүүдээ сургаж, дадлагажуулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч олон төрлийн сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулна. Та бүхэн намын үндсэн дүрмээ судлан танилцаж, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог намын шилдэг боловсон хүчин болж чадна гэж итгэж байна” гэлээ.
Монгол Ардын Намын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж элсэн орсон гишүүдэд чадахуйн зарчмаар шатлан дэвших адил тэгш боломжийг олгож, гишүүн төвтэй, нээлттэй нам болохыг зорин ажиллаж байна. Цаашид шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээ сар бүр уламжлал болон зохион байгуулагдана.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.