70001921
info@nam.mn
Мэдээ

МАН ХҮНИЙ ЭРХИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙГААГАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

НамАдмин
2021/12/02

Хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлогыг танилцуулах цуврал уулзалтад эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.

МАН-ын  ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар хүний эрхийг хамгаалах дэвшилтэт бодлогыг иргэд, олон нийт болон намын гишүүдээр хэлэлцүүлэх ажлыг эрх баригч нам эхлүүлээд байгаа билээ. Үүнээс өмнөх есөн сарын хугацаанд хуульч, судлаачидтай хамтран хүний эрхийн төлөв байдал, хууль эрх зүйн орчинтой холбоотой олон талт судалгааг явуулсан юм. Ингэснээр энэ сарын 6-нд болох 30 дахь Их хурлаар хүний эрхийн асуудлыг онцгойлон авч хэлэлцэх бөгөөд тусгайлсан бодлого гаргахаар ажиллахаар байна. МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны төлөөлөл оролцсон энэ удаагийн уулзалтад УИХ-ын эмэгтэй гишүүдээс гадна төрийн бүх шатны ажилд гар, бие оролцож явсан туршлагатай эрхмүүд болон залуу үеийн төлөөллөөс гадна 21 аймаг, есөн дүүргийн НАМЭХ-ны тэргүүлэгчид  оролцон, МАН-аас хэрэгжүүлэх дэвшилтэт бодлогод хүний эрхтэй холбоотойгоор ямар заалт тусгах нь зүйтэй тухайд санал бодлоо хуваалцлаа.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Их хурлаар хэлэлцүүлэх дэвшилтэт бодлогын талаар болон эрх баригч нам цаашид хүний эрхийн чиглэлд ямар амбийцтайгаар ажиллах талаар үндсэн илтгэлийг тавьсан юм. Тэрбээр энэ удаагийн Их хурлаар бодлого ярилцсан, улс эх орныхоо хөгжлийн төлөвлөлтийг хэлэлцсэн, бодлогын нам болсноо тайлбарлан таниулсан хурал байлгахыг хичээн ажиллаж байгаагаа хэлээд “МАН-ын хувьд удаа дараагийн УИХ-ын сонгуульд 65, 62 суудалтайгаар томоохон ялалт байгуулсан энэ үедээ үүргээ биелүүлэх, ухамсарлах, маш хариуцлагатай байх шаардлага тулгарч байгааг ухаарч байгаа. Тиймээс нийгэмд ямар өөрчлөлт, шинэчлэлт авчрахыг олон нийт биднээс хүсэж байгааг мэдэхийн тулд  удаа дараагийн судалгааг явуулж үзсэн. Олон нийтийн зүгээс нийгэмд шударга ёсыг тогтоох, авлига хүнд суртлыг арилгах, хариуцлагагүй байдлыг таслан зогсоохыг ихээхэн хүсэж байгаа нь тодорхой харагдсан. Гэхдээ энэ бол дан ганц манай намтай холбоотой бус сүүлийн 20-30 жилийн хугацаанд бугшсан асуудал бөгөөд МАН эрх барьж буй энэ цаг хугацаандаа дээрх асуудлыг сууриар нь өөрчлөхийг хүсэж байна. Түүнчлэн хүний эрхийн зөрчил нийгэмд бас нэг том асуудал болчихжээ. Хүн өөрт оногдсон эрхээ эдлэхээс гадна үүргээ биелүүлдэг байх, энэ харилцаатай холбоотой хүний эрхийн асуудалд анхаарч ажиллахыг хүсэж байна. Гуравдугаарт,  улс орны эдийн засгийг сайжруулж, нийгэмд тэгш оролцоог бий болгох зэрэгт социал демократ үзэл баримтлалтай зүүн төвийн намын хувьд онцгой анхаарал хандуулж  ажиллахыг хэлж байгаа юм. Тиймээс эдгээр асуудлыг намын удирдлагын түвшинд болон Удирдах зөвлөлөөр удаа дараа ярьж, сүүлийн жил гаруйн хугацаанд олон талт судалгааг явуулсны дагуу  үр дүнг нь танилцуулж эхэлж байгаа нь энэ” хэмээн мэдээллийн эхэнд онцлов. 


 
Эрх баригч нам хүний эрхийн асуудлыг тэргүүлэх бодлогын түвшинд гаргаж ирэх болсон үндэслэл нь МАН УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр  таван бүлэг  зүйл, заалтыг тусгасан. Ерөөсөө хүний эрхийг хамгаалах нь цаг үеийн шаардлага болсон. Тухайлбал, ковид цар тахалтай холбоотойгоор олон салбарт  хүний эрхийн олон талт зөрчил үүсч байгаа учраас зохицуулалт, шийдлийг шаардаж  эхэлсэн. Үүнийг дагаад эдийн засаг ба хүний эрхийн асуудлаас гадна цахим орчин дахь хүний эрхийг хамгаалах асуудал ч анхаарал татах хэмжээнд гарч ирээд байгаа билээ. Тиймээс зохистой хүний эрх гэдэг ойлголт шинэ тутам бий болоод байгаа юм. Цаашлаад хүний эрхийн төлөв байдлыг олон улсын түвшинд сайжруулах шаардлага бодитоор  үүссэн. Жишээлбэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс  улс орнуудыг хүний эрхийн хөгжлийн индексээр судлахад манай улс 2019 онд 189 улсаас 92-т эрэмбэлэгдэж байсан бол 2020 онд 99 дүгээр байрт орсон байх жишээний. Манай улс байр ухарсан шалтгааныг аваад үзэхээр  бид энэ чиглэлд дорвитой алхам хийхгүй байгаа нь харагддаг байна. Гэтэл бусад улсууд  эрэмбээ ахиулахын  тулд хүний эрхийг хамгаалах орчин нөхцөлөө сайжруулахын үүднээс хүний хөгжлөө дэмжсэн ажил, арга хэмжээг санаачлан хийж, хэрэгжүүлсээр байна. Тэгэхээр Монгол Улс энэ тухайд  дорвитой санал, санаачилга гаргаж ажиллах шаардлагатай гэж эрх баригч МАН үзэж байгаа юм.

Тиймээс энэ чиглэлд явуулсан бодлогын болон социологийн судалгааныхаа дүгнэлтэд үндэслэн хууль эрх зүйн орчинд  ямар  зөрчил байна вэ, үүнийг хэрхэн шинэчлэх шаардлага байна вэ гэдгийг судаллаа. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй 797 хууль байна. Эдгээрээс материаллаг болон процессын  буюу өдөр тутмын нийгмийн амьдралыг зохицуулдаг 319 хуулийн 11900 орчим заалтад шинжилгээ хийж үзэхэд   800 орчим заалт нь “Хүний эрхийн зөрчилтэй” гэсэн дүгнэлт гарсан.  Энэ бол эрх баригч нам анх удаа санаачлан хэрэгжүүлж буй ажил   бөгөөд  бидний хийж, хэрэгжүүлэх гэрийн даалгавар болон гарч ирж байна гэдэг дүгнэлтэд хүрээд байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  онцоллоо.


 
“Хүний эрх бол тоологддог, хэмжигддэг зүйл биш боловч нийгмийн харилцааг зохицуулж буй энэ олон хуулийн, олон заалтад шинжилгээ хийсний үндсэн дээр өөрсдийнхөө гэрийн даалгаврыг гаргаж авч байгаа нь энэ. Товчхондоо бидний эхлүүлсэн энэ ажлын гол зорилго нь хүний эрхийг хамгаална гээд уриа лоозон бариад явдаг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүс, байгууллагуудад ажиллах нөхцөл, боломж буюу суурийг нь бүтэн болгох гэж байгаа ажил гэдгийг ялгаж салгах ойлгох ёстой. Эцсийн дүндээ МАН эрх барьж байх үедээ хүний эрхийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг хийж эхлүүлснээрээ цаашдаа магадгүй 10 жилийн хугацаанд хүний эрхийн чиглэлээр цаг үеэ дагасан өөрчлөлт, шинэчлэлтийг  хууль эрх зүйн хүрээнд бодитоор хамгаалдаг болох боломж бүрдэх том ач холбогдолтой юм. Цаашлаад бид дээр дурдсан 800 заалтад өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд зогсохгүй хэрэгжүүлж чадвал Монгол Улс дахь хүний эрхийн орчин, нөхцөл нь олон улсын хэмжээнд жишээ болж дурсагдах том амбийцтайгаар ажиллаж байна” хэмээн Д.Амарбаясгалан дарга энэ үеэр тодотгосон юм.  

Хүний эрхийг хамгаалах чиглэлд МАН тодорхой ажлыг хийж хэрэгжүүлэх нь бидний том даалгавар гэж үзсэний үндсэн дээр “Хүний эрх ба дэвшилтэт бодлогын хүрээлэн”-г албан ёсоор байгуулсан билээ. Эцсийн дүндээ эрхээ мэддэг, үүргээ хэрэгжүүлдэг үндэсний, нийтийн эрх ашгийг өмнөө тавьж чаддаг ухамсартай иргэдийг бэлтгэх нь  МАН-ын  үндсэн зорилго юм.

 

 
Энэ удаагийн хуралдаанд оролцсон эмэгтэйчүүдийн зүгээс МАН түүхэндээ маш чухалд тооцогдох олон санал, санаачилгыг гарган, бодит ажил хэрэг болгож байсныг дурдаад энэ удаад Их хурлын төлөөлөгчдөөрөө дамжуулан хүний эрхийг хэлэлцэхээр болсныг  талархан хүлээн авч буйгаа илэрхийлж байлаа. Түүнчлэн  хүний эрхийн чиглэлээр хийсэн олон талт судалгааг маш бодитой  болсныг  дүгнэхийн зэрэгцээ эдгээрийг шийдэх арга замыг тодорхой болгож явах нь чухал гэдгийг хэлж байлаа. Нөгөөтэйгүүр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухайд  эрчүүдийн адил буюу жендерийн мэдрэмжтэй хандахыг ч мөн сануулав.
 

 
Хууль зүйн дэд сайд асан В.Удвал “Хүний эрх бол шударга ёсны хэмжүүр” хэмээн тодотгоод “Хүний эрхийн төлөв байдлаа сайжруулах тухайд НҮБ-аас манай улсад маш олон зөвлөмж, зөвлөгөөг өгдөг. Гагцхүү түүнийг хэрэгжүүлэх тухайд учир дутагдалтай ажиллаж ирсэн учраас МАН үүнд анхаарал хандуулах шаардлагатай. Хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ёстой хамгийн чухал ажил нь магадгүй энэ байх шүү” хэмээн онцлов. Түүнчлэн тэрбээр хүний эрхийн асуудлыг “Тогтвортой хөгжил-2030”-тай заавал уялдуулах  ёстой. Мөн  хүний эрхийг зохицуулсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тухайд онцгой ач холбогдол өгөхийг сануулав.


Харин НАМЭХ-ны тэргүүлэгч Д.Энхжаргал “МАН маш зөв санал, санаачилгыг гаргаж байгаад талархалтай байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар  манай улс 189 орноос 92-т эрэмбэлэгдэж байна гэдэг бол бид хүний эрхийн асуудлаар сайн ажиллаж чадахгүй байгаагийн илрэл. Тиймээс МАН 30 дахь Их хурлын гол хэлэлцүүлэх асуудлаар хүний эрхийг сонгосон нь маш чухал ач холбогдолтой” хэмээн тодорхойлоод эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж байгаа учраас энэ талаарх зарим тоо, баримтыг хуваалцан саналаа хэлэв. Тухайлбал, тэрбээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхээс даруй 10-15 хувиар бага байгааг тэгшитгэх зэрэг асуудалд анхаарал хандуулахыг хүсээд хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудалд шаардлагатай өөрчлөлтийг хийхийг сануулав. Түүнчлэн хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудалд онцгойлон анхаарч, шүүх, прокурорын түвшинд анхаарч ажиллах хэрэгтэйг тодотголоо.

Харин  Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “100 жилийн түүхтэй МАН шинэ зууны босгыг эхлүүлэхдээ хүний эрхийг дээдлэх том бодлого гаргахаар ажиллаж байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хүний эрхийн тухай ярина гэдэг том зориг байдаг. Учир нь үүний ард маш том хариуцлага явж байдаг учраас эрх баригч нам хүний эрхийн чиглэлд ийм манлайлал үзүүлж байгаа нь Монгол Улс цаашид дэлхийд хүний эрхийн “хэлээр” ярихад  маш чухал ач холбогдолтой зүйл юм. Хүний эрхийг хамгаалагчдыг дэмжихгүй гэхэд үгүйсгэхгүй байх нь хүний эрхийн түвшинг ахиулахад асар том хувь нэмэр оруулж байдаг. МАН-аас хуульч судлаачидтай хамтран хийсэн эдгээр судалгааны дүн, эхлүүлж буй санал санаачилгатай холбоотойгоор хүний эрхийн индекс цаашид дээшлэх нь гарцаагүй. Тиймээс МАН-аас гаргаж буй энэ санаачилгыг маш таатайгаар хүлээн авч байна. Байшингаар жишвэл энэ бол ердөө хундаам буюу сууриа  тавьж байгаа хэрэг. Цаашид хэдэн давхар, ямар өнгөтэй, хэчнээн өрөөтэй байшин болох вэ гэдгийн үндэс суурь нь өнөөдрийн МАН-ын санаачилга болно” хэмээн  тодорхойлов. Түүнчлэн жендерийн мэдрэмжтэй хот төлөвлөлт, төсвийн тэгш хуваарилалт, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт эрх баригч нам илүү дэвшилтэт бодлого гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа эмэгтэйчүүдийн төлөөлөл илэрхийллээ.
 






 

ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.