70001921
info@nam.mn
Мэдээ

УЛС ТУНХАГЛАСНЫ 97 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

НамАдмин
21 цаг 28 минутын өмнө


Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 97 жилийн ойн өдөр тохиож байна.



Манай улс одоогоос 97 жилийн өмнө буюу 1924 оны 11 сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурлын арван дөрөвдүгээр тогтоолоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж байв. Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн тусгаар тогтнолын үнэ цэнэтэй үйл хэрэг болсон бөгөөд орчин цагийн Монгол Улсын төрийн байгуулалтын гол хэлбэр болох бүгд найрамдах засаг буюу ардчилсан ёсны зарчмын үндсэн дээр, сонгуулийн журмаар засгийн бүх эрх нэгээс нөгөөд шилждэг зохион байгуулалтыг тунхагласан юм. Түүнчлэн Анхдугаар Үндсэн хуулиа боловсруулахын тулд монголчууд бид хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь судалгааг хийж, Ази тивдээ анхдагч бичмэл Үндсэн хуулийг баталж, дэлхий дахины үндсэн хуульт ёсны нэн шинэ түүхийг бүтээлцсэн юм.


 
1946 оны 10-р сарын 20-нд Монгол Улс анх удаа ард нийтийн санал асуулга явуулж, 100 хувийн саналаар эрх чөлөөгөө баталгаажуулсаны 75 жилийн ой, НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил,Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ой тохиож байна.


 
Монгол Улсыг тусгаар тогтносон Бүгд Найрамдах Улс болгон, дэлхий дахинд зарлан тунхагласан энэ өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга,Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нар болон Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүд,  ажлын албаны төлөөл Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.



Хүн төрөлхтний өмнө тулгараад буй “COVID-19” цар тахлын амаргүй цаг хугацаа тохиож буй ч энэхүү түүхэн өдрийг Монгол хүн бүр өвөг дээдсийнхээ холч мэргэн ухаан, улс орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, түүх соёл, ёс уламжлалаа сэтгэл зүрхэндээ эрхэмлэн дээдэлж, бахархаж байх учиртай.

Бүрэн эрхт Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!





 


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.