70001921
info@nam.mn
Мэдээ

ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

НамАдмин
2021/09/17



 
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105  жилийн ой өнөөдөр тохиож байна.


Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, гишүүд, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, “Ю.Цэдэнбалын академи”-ийн төлөөллүүд болон Ю.Цэдэнбалын ар гэр, төрөл төрөгсөд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.



Монгол Ардын Намын Дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр хэлсэн үгэндээ “Түүхэн ойг тэмдэглэхийн утга учир нь өнгөрсөн түүхээ эгнэгт үл умартаж, өрнөх ирээдүйгээ бүтээхийн төлөө өнөөдөр хичээнгүйлэн зүтгэхэд оршдог. Ю.Цэдэнбал нам, улсыг хагас зуун жил тэргүүлэхдээ хүйтэн дайны хүнд бэрх цаг үед төрийнхөө тусгаар тогтнолыг бэхжүүлэн хадгалж чадсан төдийгүй эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс суурийг хөгжүүлсэн билээ. Ю.Цэдэнбал Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх талаар тууштай зүтгэл гаргаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Монголын төрийн удирдагчдаас анх удаа үг хэлсэн төдийгүй 16 жил үргэлжилсэн ухаалаг гадаад бодлогын үр дүнд 1961 онд Монгол Улс НҮБ-д элсч, үе үеийн эх орончдын мөрөөдөл болсон тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Нэгэн зууны тэртээ хатан зоригт эх орончдын байгуулсан Монгол Ардын Намыг Ю.Цэдэнбал дөч гаруй жил удирдахдаа цаг үеийнхээ сорилт бэрхшээлийг хамтын зүтгэл, холч ухаанаар даван туулж, хөгжин мандсан Монгол Улсыг үлдээсэн түүхтэй. Түүний удирдлагын он жилүүд буюу 1940-1984 онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 50 дахин, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 244 дахин, 1976-1986 онд уулын үйлдвэрийн бүтээгдэхүүн 18.7 дахин өсжээ. Аж үйлдвэржүүлэх бодлогын үр дүнд Эрдэнэт, Дархан зэрэг үйлдвэрийн цогцолбор хотууд баригдаж, олон арван үйлдвэрүүд ашиглалтад орж, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоосон юм” хэмээн онцоллоо.



Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал нь 1916 онд Увс аймагт, айлын тав дахь хүү болон мэндэлжээ. Тэрбээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж, 1940 оноос хойш нам, төрийг тасралтгүй 44 жил удирдсан байдаг. Энэ хугацаандаа улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг баталгаажуулан, хөгжил дэвшлийг авч ирж, улс ардын аж ахуйн бүхий л салбарыг бий болгон, ард түмнээ эрүүл, боловсрол соёлтой болгоод зогсохгүй НҮБ-д Монгол Улсаа гишүүнээр элсүүлэн, төрийнхөө далбааг НҮБ-ын тэнгэрт мандуулж, огторгуйн уудамд иргэнээ нисгэх их үйлсийг удирдан манлайлсан МУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар юм.



Тэрээр түүхийн эгзэгтэй мөчид санаачлагыг гартаа авч 1963 онд БНХАУ-тай, 1977 онд ЗХУ-тай тус тус хилийн гэрээг амжилттай хийж, хөрш орнуудаар торгон хилээ хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн ач холбогдолтой үйл хэргийг зохион байгуулж байжээ.  Мөн атар газрыг эзэмших, их бүтээн байгуулалтыг цогцлоон сүндэрлүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлсэн бичиг үсэгтэн болгох түүхэн үйл хэргийг удирдан манлайлсан улс төрийн удирдагч юм.



Түүнчлэн бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон анхны улс болж ЮНЕСКО-ын шагнал хүртэж, Монгол гэдэг нэрийг дэлхий нийтэд зарлуулж чадсан түүхэн бахархал мөн л түүний үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн зууны Монгол Улсын мал аж ахуй, дэд бүтэц боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, гадаад хамтын ажиллагаа зэргээс эхлээд нийгмийн бүхий л салбарт олсон үсрэнгүй хөгжил дэвшлийг Ю.Цэдэнбал гэдэг хүний түүхэн хэргээс салгахын аргагүй юм
.



XX зууны монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээж, хоёргүй үнэн сэтгэлээр төр засгаа удирдаж, Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэн энэ өдөр зөвхөн түүний алдар гавьяаг дурсаад зогсохгүй, түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хөдөлмөрлөж байсан ахмад үеийнхээ хичээл зүтгэлийг хүндэтгэж, тэдний үнэтэй сургамж зөвлөгөөг сонсон ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн зорилго дор цугладаг.



“Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын Академи”-иас улс орноо хөгжүүлэхэд байгуулсан гавьяа зүтгэл, ажил амьдралыг нь тусган харуулсан цуврал 10 боть ном, судалгааны чиглэлээр 58 ном, 70 өгүүлэл, 8 удаагийн эрдэм шинжилгээний хурал, цуврал баримтат кино зэргийг олны хүртээл болгосон. Цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлэн Ю.Цэдэнбалын гэр музей байгуулж залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой ажиллаж байна.








 

 


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.