МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
ОРШИЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх миний бие улс орон, нийт иргэнийхээ эрх ашгийг дээдэлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, сонгодог парламентын ардчилал, хараат бус шүүх, хүчирхэг эдийн засагтай, баялгийнхаа эзэд болсон чинээлэг хангалуун, аз жаргалтай иргэдтэй улс болгон эрчтэй хөгжүүлэх эрхэм зорилго бүхий “Шударга ёс – Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө Ард түмэндээ өргөн барьж байна.
НЭГ. ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Шударга бусын хонгилыг нурааж, ардаа алагчилдаггүй, авилгаас ангид шударга төрийг цогцлоох, эр зоригтой, эрс шийдэмгий зорилтуудыг дэвшүүллээ.
Сонгодог парламент, хараат бус шүүхтэй, хувь хүн бус хууль засагладаг шударга ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох заалтуудыг тусгалаа.
Хуулийн гадуур, хулгайн замаар алдагдсан орд баялгууд, улсын үйлдвэрүүдээ Монголын төр, ард түмэндээ эргүүлэн авч, үр шимийг нь иргэн бүрдээ тэгш, шударга хуваарилах бодлогоо тодорхойллоо.
ХОЁР. ЭВ ЭВДЭХ БУС ЭВ НЭГДЭХ ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Үндэсний эв нэгдлийг бататгаж, төрдөө итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэх, УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойллоо.
Үндэсний язгуур эрх ашиг, хүний эрх, эрх чөлөө, иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, үндэсний зөвшилцөл ойлголцлын асуудлыг онцгойлон анхаарахаар тусгалаа.
Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бэхжүүлж, батлан хамгаалах салбарын чадамжийг нэмэгдүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өсгөх, гадаад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлүүдийг чухалчлан орууллаа.
ГУРАВ. ХӨГЖИЛ, ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ
Монгол хүн бүр чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндийн цогц үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүртэх, хүн амаа өсгөх, гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд, ахмад, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ивээлдээ авах төрийн бодлогоо тодорхойллоо.
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн их бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэн, газрын тосны үйлдвэрийнхээ үүдийг нээх, хөгжлийн төмөр судас - Мянганы төмөр замаа бүтээн байгуулах, цахилгаан станцуудаа босгох, түлш шатахуун, гэрэл дулаан, хүнсний дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортлох хөгжилд тэмүүлсэн зорилтуудаа шингээлээ.
Малчид, тариаланчид, баялаг бүтээгчид, хот, хөдөөгийн иргэдрүүгээ чиглэсэн байгаль эхээ хайрлах, ногоон үйлдвэрлэлийг дэмжих, мал аж ахуй, газар тариалан, хариуцлагатай уул уурхайг эрчимтэй хөгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэг хөгжлийн бодлогоо тусгалаа.
МИНИЙ БИЕ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР:
Монгол Улсад минь: Шударга ёс тогтож, хариуцлагатай, ёс зүйт ардчилсан төр цогцолсон байна. Үндэсний аюулгүй байдал бэхжиж, батлан хамгаалах тогтолцоо төгөлдөржсөн байна. Гадаад бодлогын нэгдмэл байдал хангагдаж, олон улс дахь Монгол Улсын нэр хүнд өссөн байна.
Монголын нийгэмд: Язгуур эрх ашгаа дээдэлсэн ард түмний эв нэгдэл батажсан байна. Эдийн засаг хүчирхэгжиж, чинээлэг хангалуун дундаж давхарга зонхилсон байна. Үндэсний үнэт зүйл, өв соёлын дархлаа бэхэжсэн байна.
Монгол хүн, айл өрх бүр: Эх орныхоо өгөөж баялгаас тэгш, шударгаар хүртдэг болсон байна. Ажил хөдөлмөртэй, ашиг орлоготой, чинээлэг хангалуун болсон байна. Эрүүл энх, өнөр өтгөн, сэтгэл тэнүүн, аз жаргалтай болсон байна.
Би шударга үнэний түүчээ, ардаа өмгөөлөгч, авилга хулгайг таслагч Шударга ёсны ерөнхийлөгч байна.
Би ард түмнийхээ эвийн зангиа, ардчилал, үндэс язгуураа дээдлэгч Эв нэгдлийн ерөнхийлөгч байна.
Би эхлүүлсэн их бүтээн байгуулалтаа эрчимжүүлэгч, хэлснээ хэрэгжүүлэгч Хөгжил дэвшлийн ерөнхийлөгч байна.
Монгол эх орноо сэргэн мандалт, хөгжил дэвшилд хөтлөх “Шударга ёс – Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөр маань ард түмэн Та бүхний их итгэл, мэргэн сонголтоор баталгаажна гэдэгт би итгэж байна.
Миний бие мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, манлайлан ажиллахаа тангараглаж байна.
НЭГ. ШУДАРГА ЁС
1.1. ХАРИУЦЛАГАТАЙ ТӨР – ШУДАРГА НИЙГЭМ
“Чин шударгууг зарчим болгоно
Чингис хааныхаа зарлигийг ёс болгоно”
ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН НИЙГЭМ
1.1.1. Хүний эрх, эрх чөлөөг хангах тогтолцоог бэхжүүлэн, зөрчлийг зогсоож эрхийг сэргээх ажлыг тууштай дэмжинэ. Хүний эрхийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн хэвшлийн оролцоог өргөтгөн, иргэдийн санаачилгыг дэмжин ажиллана.
1.1.2. Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт, дарамт шахалтыг тасалж, хэлмэгдлээс ангид байх зарчмыг чанд баримтлан хүний эрхийг тууштай хамгаална.
1.1.3. Хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдаж байгаа эсэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэр нь бүрэн хэрэгждэг байх чиглэлээр хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.
АРДАА АЛАГЧИЛДАГГҮЙ ТӨР
1.1.4. Төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоож, хууль алагчлалгүй үйлчлэх, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлнэ.
СОНГОДОГ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛАЛ
1.1.5. Ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, ард түмний төлөөллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, үр өгөөжтэй байх зарчмыг хэвшүүлнэ.
1.1.6. Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ.
1.1.7. УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ.
1.1.8. Төрийн бодлого, шийдвэрт иргэдийн шууд оролцоог хангаж, иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийг санаачилна.
1.1.9. Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд санаачилна.
ӨНДӨР ЁС ЗҮЙТЭЙ, МЭРГЭШСЭН ТӨРИЙН АЛБА
1.1.10. Улс орныг хөгжилд хөтлөх чадамжтай, зөв бүтэц, зохион байгуулалттай төрийн албыг төлөвшүүлж, “Сайн засаглал”-ыг бэхжүүлнэ.
1.1.11. Төрийн албаны хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлж, мэдлэг, чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж, хууль дээдэлдэг, ард түмэндээ үйлчилдэг болгох иж бүрэн шинэтгэл хийнэ.
АВИЛГАГҮЙ УЛС
1.1.12. Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авилга, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авилгаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ.
1.1.13. Төр засгийн аль ч шатны албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрхзүйн орчныг бий болгоно.
БАЯЛГИЙН ШУДАРГА ХУВААРИЛАЛТ
1.1.14. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана.
1.1.15. Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоо бий болгохыг дэмжинэ.
ШУДАРГА, ХАРААТ БУС ШҮҮХ
1.1.16. Шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ.
1.1.17. Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хүн бүрт хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ.
ЦАХИМ МОНГОЛ
1.1.18. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, тэгш хүртээмжтэй, хүнд суртал, дарамт чирэгдлээс ангид байлгах “Цахим үндэстэн” бодлогыг дэмжинэ.
1.2. ИРГЭНДЭЭ ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ – ШУДАРГА ХУВААРИЛАЛТ
“Иргэн баян бол улс баян”
ОЛОН ТУЛГУУРТ ЭДИЙН ЗАСАГ
1.2.1. Эдийн засгийг олон тулгууртай болгох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэндээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах төрийн бодлогыг дэмжиж ажиллана.
ХӨГЖИЛД ХӨТЛӨХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
1.2.2. Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, байгалийн хийн хоолой, үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суурь дэд бүтцийг өргөтгөн олон улсын сүлжээнд холбохыг дэмжиж ажиллана.
1.2.3. “Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана.
ХҮНС ЭКСПОРТЛОГЧ УЛС
1.2.4. Хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх “Органик хүнс экспортлогч улс” үндэсний хөтөлбөрийг санаачилж ажиллана.
ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОГЧ УЛС
1.2.5. Эх орноо цахилгаан, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр бүрэн хангаж, Тавантолгой, Шивээ-Овоогийн ДЦС, Эрдэнэбүрэний УЦС байгуулах, Багануур, Улаанбаатарын ДЦС III-ын өргөтгөл, 10 аймгийн дулааны станцын төслийг дэмжиж, Зүүн Өмнөд Азийн сүлжээнд холбон эрчим хүч экспортлогч улс болох бодлогоо дэмжиж ажиллана.
БҮТЭЭЛЧ ШИНЖЛЭХ УХААН
1.2.6. Монгол Улсад аж үйлдвэрийн IV хувьсгалыг амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, их өгөгдлийг удирдах, боловсруулах технологи, хиймэл оюун ухаан, зүйлсийн интернет, финтек, үүлэн тооцоолол, био, нано технологи, дижитал хөгжлийг дэмжсэн хууль санаачилна. Инновацийн татваргүй, чөлөөт бүс байгуулах бодлогыг дэмжинэ.
1.2.7. Шинжлэх ухаан, инновацийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг бүтээлч хэлбэрт шилжүүлж, нэгдсэн кластераар зохион байгуулахыг Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
ОЛБОРЛОЛТООС БОЛОВСРУУЛАЛТАД
1.2.8. Уул уурхайн томоохон ордуудыг үндэсний эрх ашигт нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулна. Алт, зэс, төмөр, нүүрс, газрын тос, газрын ховор элемент зэрэг баялгаа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олборлолтоос боловсруулалтад шилжих бодлогыг дэмжинэ.
МОНГОЛ ШАТАХУУН
1.2.9. “Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусган, нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавихад онцгой анхаарч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ.
ҮР ӨГӨӨЖТЭЙ ОЮУТОЛГОЙ
1.2.10. Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана.
БУЯНТ МАЛЫН ҮР ШИМ
1.2.11. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт амжилттай хослуулан загварчлан хөгжүүлэх, “Хөдөө аж ахуйн хоршоолол”-ын бодлогыг дэмжинэ. “Малчны хотноос үйлдвэрийн цехэд” хөтөлбөр санаачлан, стандартын шаардлага хангасан түүх эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог төрийн бодлогоор дэмжиж ажиллана.
1.2.12. Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, импортыг орлох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд”-ыг сэргээн байгуулах ажлыг дэмжинэ.
1.2.13. Малын удмын сан, сүргийн бүтцийг сайжруулж, үржил селекцийн ажлыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Бэлчээр усжуулах, худаг гаргах, малын тэжээлийн тариалалт, үйлдвэрлэл, хангамжийг өргөтгөх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ.
ЭРЧИМЖСЭН ГАЗАР ТАРИАЛАН
1.2.14. Газар тариалангийн усжуулалт, эрчимжүүлэлт, хөрс хамгаалалт, үр соортын ажлыг сайжруулан “Атар IV аян”-ыг өрнүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.
ТӨРӨЛЖСӨН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
1.2.15. Нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх уламжлал, унаган байгальд түшиглэсэн төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлж, үндэсний хөгжлийн бие даасан тэргүүлэх салбар болгох бодлогыг дэмжиж ажиллана.
ҮНДЭСНИЙ БАЯЛАГ БҮТЭЭГЧИД
1.2.16. Иргэд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд олгож буй зээлийн хүүг нэг оронтой тоонд барих, баялаг бүтээгчдэд дарамтгүй, хүртээмжтэй санхүү, мөнгөний бодлогыг дэмжиж ажиллана.
1.2.17. Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжих “Эх оронч худалдан авалт” хөтөлбөр санаачилна.
КОВИДГҮЙ МОНГОЛ
1.2.18. Ковид-19 цар тахлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа хурдтай сэргээх Засгийн газрын хөтөлбөрийг тууштай дэмжиж, нягт хамтран ажиллана.
1.2.19. Ард түмнээ бүрэн вакцинжуулж, дархлаажуулах “Ковидгүй Монгол” санаачилгыг дэвшүүлж, манлайлж ажиллана. Ковидтой нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг төрийн албан хаагчдын нийгмийн хамгаалал, урамшууллын бодлогыг онцгой анхаарч Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
1.3. НАНДИГНАН ДЭЭДЛЭХ ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, ҮНЭТ ЗҮЙЛ
“Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрд өвлүүлэн бадраая”
ҮНДЭСНИЙ ХЭЛ – ҮНЭТ ЗҮЙЛ
1.3.1. Эх хэлний бодлогын хэрэгжилтэд онцгойлон анхаарна. Монгол Улсын уул, ус, газар нутгийн нэрийг уугуул эхээр нь хадгалан хэрэглэж, олон улсын болон үндэсний баримт бичиг, газрын зурагт тусган баталгаажуулна.
МОНГОЛ ХҮН – МОНГОЛЫН БАХАРХАЛ
1.3.2. Монгол хүний үнэ цэнэ, авьяас чадварын үнэлэмжийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Төрийн дээд шагналын журмыг шинэчилж, хөдөлмөр бүтээлийг бодитоор үнэлдэг оновчтой тогтолцоо бүрдүүлнэ.
ӨВ СОЁЛОО – ЭХ ОРОНДОО
1.3.3. “Өв соёлоо-Эх орондоо” уриалга гаргаж, үндэсний соёлын өв, түүхийн сурвалж, археологийн олдвор, урлагийн бүтээлийн үндсэн эх, анхдагч хуулбарыг эх орондоо авч ирэх хөтөлбөр боловсруулна. Дэлхийд тархсан болон эх орондоо байгаа өв соёлын “Бүртгэлийн нэгдсэн сан”-тай болох чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана.
1.3.4. Үндэсний өв соёл, урлагийн бүтээл, тэдгээрийн хуулбарыг гадаадад гаргах, худалдан борлуулах үйл ажиллагаатай холбоотой харилцааг хуулиар чангатган зохицуулна.
1.3.5. Түүх соёлын өв, археологи, палеонтологийн олдворыг тонон сүйтгэж байгаа үйлдэлтэй хатуу тэмцэж, хүлээлгэх хариуцлагыг чангатгасан хууль санаачилж хэрэгжүүлнэ.
1.3.6. Олон улсын Монгол судлалын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлнэ. “Чингис судлалын олон улсын холбоо”-г санаачлан байгуулж, өв соёлоо эх орондоо төвлөрүүлэн судлах ажлыг эрчимжүүлэх чиглэл Засгийн газарт өгч, хамтран ажиллана.
1.3.7. Уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандаж, төрийн тахилгат хайрханууд, үндэсний бахархалт зүйлсийг дээдлэн хамгаалах зарлиг гаргана.
СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ - ҮНДЭСНИЙ БАЯЛАГ
1.3.8. Монгол туургатны өв соёлыг “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” болгон хөгжүүлэхийг дэмжинэ. Дэлхийд танигдсан соёл, урлагийн Монгол брэндийг хөгжүүлэх “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулан, соёлын салбарт эхлүүлсэн их бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ.
1.3.9. Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор “Нүүдэлчдийн соёл, спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулах санаачилга гарган, ивээлдээ авч хэрэгжүүлнэ.
1.3.10. Монголын соёлын өвийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх бодлого хэрэгжүүлж, “Нүүдэллэх Монгол ёс, зан үйл”, “Говийн хадны зургийн цогцолбор”, “Хүннүгийн язгууртны булш”, “Өндөр гэгээн Занабазарын хийц”, “Уламжлалт анагаах ухаан” зэрэг өв соёлоо ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ.
1.3.11. Монголын төрт улсын гал голомт Орхон, Тамирын хөндий, их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий, олон ястны өлгий Алтай-Саяны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судлах, хамгаалах, сэргээн засварлах бодлогыг ивээлдээ авч хэрэгжүүлнэ.
ХОЁР. ЭВ НЭГДЭЛ
2.1. ЭРХЭМЛЭН ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ
“Эв эеийг эрхэм болгоно,
Эрх чөлөөг эрдэнэ болгоно”
ЭВТЭЙ МОНГОЛ
2.1.1. Ард түмнийхээ эв нэгдлийг бүх талаар бэхжүүлж, эе эвддэг бус эв нэгддэг байхыг эрхэмлэнэ. Үндэсний язгуур эрх ашиг, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэлд аюул занал учруулж болзошгүй аливаа санаархлыг хатуу хориглоно.
2.1.2. Нийгэмд баян хоосны ялгаралд суурилсан талцал хуваагдал үүсэж, гүнзгийрэн ужиграхаас сэргийлж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг баримтлан, ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлнэ.
ИТГЭЛЦЭЛ – ЭВ НЭГДЭЛ
2.1.3. Иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, төр засаг, нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцох боломжийг хангаж, төр, ард түмэн, үндэсний цөөнхийн харилцан итгэлцлийг бүх шатанд бататгана.
2.1.4. Улс төр, нийгмийн ээдрээтэй асуудлыг үндэсний хэмжээний зөвшилцөл, ойлголцлын зарчмаар шийдвэрлэж, улс төрийн манлайлал үзүүлж ажиллана.
2.2. ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГ – АЮУЛГҮЙ БАЙДАЛ
“Тулганд дүрэлзэх гал ариун байг,
Тусгаар тогтнол мөнх байг”
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ – ТӨРИЙН ОЙ САНАМЖ
2.2.1. Тусгаар тогтнол, эдийн засаг, үндэсний түүх, соёл иргэншил, байгаль орчин, монгол хүний аюулгүй байдлыг чухалчлан анхаарч, учирч болзошгүй аюул занал, эрсдэл, сорилтоос сэргийлэн хамгаална.
2.2.2. Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, холбогдох хууль, тогтоомжийг үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн шинэчилнэ. “Монгол хүний аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Эм, хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрүүд санаачлан боловсруулна.
2.2.3. “Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн нэгдсэн сан” бүрдүүлэн, Монгол төрийн ой санамжийг бэхжүүлж, кибер аюулгүй байдлыг хангах тухай хууль санаачилна.
НЭГДМЭЛ УДИРДЛАГАТАЙ ЗЭВСЭГТ ХҮЧИН
2.2.4. Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн, аливаа аюултай тэмцэх үндэсний чадамжийг нэмэгдүүлнэ. Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бусад байгууллагын төрийн захиргааны удирдлагын нэгдмэл байдлыг бий болгож, орон нутгийн хамгаалалтын цэгцтэй тогтолцоог бүрдүүлнэ.
2.2.5. Хил хамгаалалтын чадавхыг дээшлүүлэн, хилийн цэргийн байгууллагыг төгөлдөржүүлж, улсын хилийн халдашгүй дархан байдал, хилийн зурвасын хамгаалалт, инженерийн байгууламжийг шинэчилж, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангана.
2.2.6. Онцгой байдлын албаны үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх үндэсний чадамжийг дээшлүүлнэ.
МОНГОЛ ЦЭРЭГ – ЭНХИЙН ЦЭРЭГ
2.2.7. Батлан хамгаалах салбарын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай үргэлжлүүлэн, НҮБ-ын энхийг сахиулах болон хүмүүнлэгийн бусад ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорино. Зэвсэглэл, техникийг үе шаттайгаар шинэчлэн, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх бодлого баримтална.
2.2.8. Цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг олон улсын жишигт хүргэж, офицер, ахлагч нарыг орон сууцаар бүрэн хангах “Цэргийн хотхон” хөтөлбөр боловсруулна.
ЦЭРГИЙН АЛБА – ИРГЭНИЙ ТӨЛӨВШИЛ
2.2.9. Цэргийн анги, салбарыг залууст эх оронч үзлээр хүмүүжих, бие бялдраа хөгжүүлэх, сэтгэлийн хат тэнхээтэй болох, тодорхой мэргэжил эзэмших, хүний хөгжлийн орчин, иргэний төлөвшлийн сургууль болгон хөгжүүлж, цэргийн дүрмийн бус харилцаа, дэгийг арилгана.
2.2.10. Цэрэг-иргэний хамгаалалтын болон их, дээд сургуулийн цэргийн хэргийн сургалт, бэлтгэлийн уламжлалыг сэргээж, Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн” хөдөлгөөн өрнүүлнэ.
2.3. ХӨГЖИЛД ХӨТЛӨХ НЭГДМЭЛ ГАДААД БОДЛОГО
“Монгол төрийнхөө алтан аргамжааг бэхэлнэ,
Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгана.”
ГАДААД БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАР
2.3.1. ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлээ батжуулан хөгжүүлж, “Гуравдагч хөрш” орнууд, олон улсын байгууллагуудтай өрнүүлж буй харилцааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
2.3.2. Олон улс, бүс нутгийн харилцаанд гарч буй өөрчлөлт шинэчлэл, зөрчил сөргөлдөөнд анхааралтай хандаж, үндэсний ашиг сонирхлыг дээдлэн эвлэрлийг эрхэмлэгч байх идэвх санаачлагатай гадаад бодлого хэрэгжүүлнэ.
НҮБ ДАХЬ ОРОЛЦОО, ХУВЬ НЭМЭР
2.3.3. НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоог идэвхжүүлнэ. Хүн төрөлхтөнд дайны эсрэг оюун санаа, сэтгэлгээний дархлаа тогтоох зорилгоор есдүгээр сарын 2-ныг “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлнэ.
ОЛОН УЛС ДАХЬ МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНД
2.3.4. Олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг улам өндөрт өргөнө. Монгол Улсын нэр хүндийг нэмэгдүүлэх ардчилал, хүний эрх, засаглал, хэвлэлийн эрх чөлөө, жендер, авилга, бизнес эрхлэлт, аз жаргалын үзүүлэлтийг цаашид нэг ч байраар ухраахгүй, ахиулан ажиллана.
ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ГАДААД БОДЛОГО, САНААЧИЛГА
2.3.5. Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу тал, төрийн бодлогын залгамж чанараа хадгалан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа - “Транзит Монгол Улс” болох зорилтыг дэвшүүлж ажиллана.
2.3.6. Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжин, харилцан ашигтай, Монгол Улсын эрх ашигт нийцсэн “Хөгжилд хөтлөх хөрөнгө оруулалт” үзэл баримтлалыг санаачлан боловсруулж, Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
ИРГЭНД ХҮРСЭН ГАДААД БОДЛОГО
2.3.7. “Хүчирхэг монгол паспорт” хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний гадаад паспорттай иргэдийн визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ.
2.3.8. Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилтот арга хэмжээг өргөтгөнө. Тэдний үр хүүхдүүд эх хэлээ сурч, уламжлалт ёс заншлаа өвлөн хадгалахыг дэмжинэ. Эх орондоо ирэх, суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
2.3.9. Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд, харьяатын асуудлаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДИПЛОМАТ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.3.10. Дэлхий нийтэд сорилт болсон цар тахал, гамшгийн эрсдэлтэй тэмцэх хамтын ажиллагааг тэлж, эрүүл мэндийн дипломат бодлого, үйл ажиллагааг хөгжүүлнэ.
СОЁЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН ДИПЛОМАТ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.3.11. Үндэсний соёл, ёс заншил, өв түүхээ ардын болон сонгодог урлаг, кино, рок поп, спорт, хүмүүнлэгийн бүх хэлбэрээр дамжуулан гадаадад сурталчлах ажлыг эрчимжүүлнэ.
МЭРГЭШСЭН ДИПЛОМАТ АЛБА
2.3.12. Цахим дипломат бодлого хэрэгжүүлнэ. Дипломат төлөөлөгчийн газрууд тэргүүнгүй удаан хугацаанд ажиллаж байгаа гажуудлыг бүрэн арилгана.
2.3.13. Дипломат албаны мэргэжил, ур чадварын шаардлагыг дээшлүүлж, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чангатган, алдаа, дутагдал гаргавал заавал хариуцлага хүлээлгэдэг байх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ.
ГУРАВ. ХӨГЖИЛ ДЭВШИЛ
3.1. МОНГОЛ ХҮН – МОНГОЛЫН БАЯЛАГ
“Улсын үндэс газар,
Улсын баялаг иргэн”
ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛОВСРОЛ
3.1.1. Монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэн болгон хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.
3.1.2. Боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг тогтвортой байлгах, сургуулийн орчныг хотхоны хэлбэрээр хөгжүүлэх, малчин өрхийн хүүхдийн боловсролд онцгой анхаарна.
3.1.3. Эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”-ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.
3.1.4. Монгол Улсын дээд боловсролын чанарыг олон улсын жишигт ойртуулж, “Судалгааны их сургууль”-ийг хөгжүүлж, гадаадын оюутан, судлаачийн тоог нэмэгдүүлэн боловсролын экспортыг дэмжинэ.
ХҮРТЭЭМЖТЭЙ ЭРҮҮЛ МЭНД
3.1.5. Монгол Улсын иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоонд жилд нэг удаа тэгш хамруулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг дэлхийн жишигт хүргэн, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн, эрүүл мэндийн экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжинэ.
3.1.6. “Эрүүл – эх,нялхас” үндэсний хөтөлбөр санаачлан боловсруулж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг дэлхийн түвшинд нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана. Эх, нялхсын эрүүл мэндийг онцгойлон анхаарна.
3.1.7. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдээ чийрэгжүүлэх зорилгоор “Эрүүл чийрэг монгол хүн” хөдөлгөөн өрнүүлнэ.
3.1.8. Хүн амаа өсгөх, удмын сангаа хамгаалах бодлогыг тууштай баримталж, олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих зарлиг гаргана.
ЗАЛУУЧУУД – МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
3.1.9. “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”, “Залуучуудын Үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
3.1.10. Инноваци, бүтээлч байдал, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй эрхлэх ур чадвар (энтрепренер), гарааны бизнес (старт апп) эрхлэлт, хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлэх бодлогыг дэмжиж ажиллана.
3.1.11. “Орлоготой оюутан” тусгай хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
3.1.12. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нэн шаардлагатай, дутагдаж байгаа, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцдаг тогтолцоонд шилжих хууль санаачилна.
3.1.13. Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй - 2100 оюутан" хөтөлбөрийг санаачлан ажиллана.
3.1.14. Хүүхэд, залуусын дунд “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлж, ном унших соёл, дадлыг түгээн дэлгэрүүлнэ.
3.1.15. Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох “Дөл”, “Шонхор” хөтөлбөрийг сэргээн хэрэгжүүлнэ. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургуулийн эрэгтэй оюутны тоог нэмэгдүүлэх, сайн дурын үндсэн дээр эмэгтэй оюутныг хамруулах бодлого хэрэгжүүлнэ.
3.1.16. Дотоод, гадаадын их, дээд сургуулийн шинэ төгсөгчдийг төрийн албанд ажиллах тэгш боломж олгох хууль эрхзүйн орчин бүрдүүлнэ.
3.1.17. Залуу гэр бүл, залууст зориулсан “Залуус хороолол”-ыг Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд байгуулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана.
ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ
3.1.18. “Халамжаас хөдөлмөрт” бодлого хэрэгжүүлж, иргэдийн ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
3.1.19. Мэргэжлийн боловсрол, сургалтыг үндэсний бүтээн байгуулалт, ажлын байр, ажил олгогчдын эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх “Шинэ зууны баялаг бүтээгч” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ.
ЯДУУРЛААС АНГИД МОНГОЛ ӨРХ
3.1.20. Ажилгүйдлийг бууруулах хүрээнд ажлын байр нэмэгдүүлж, чинээлэг дундаж давхаргыг хүн амын зонхилох хэсэг болгоход чиглэсэн ядуурлыг бууруулах цогц бодлого боловсруулна.
3.1.21. Ажилтай, орлоготой өрх бүрийг орон сууцтай болгох, олон хүүхэдтэй гэр бүлд нэн тэргүүнд хөнгөлөлт үзүүлэх “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачилна.
ЗОРИЛТОТ ДЭМЖЛЭГ - ЭЗНЭЭ ОЛСОН ХАЛАМЖ
3.1.22. Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд зөв хүн болон төлөвших нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн нийгмийн хамгааллын бодлогыг тогтвортой байлгах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх “Бүхнийг хүүхдийн төлөө” уриалга гаргаж ажиллана.
3.1.23. Жендэрийн тухай хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлыг анхааралдаа авч Засгийн газарт чиглэл өгнө.
3.1.24. Ахмадуудын насны хишиг, нийгмийн хамгаалал, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг дэмжиж, “Ахмадын хотхон”-ууд байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
3.1.25. Ахмад настныг ажиллуулж, тэдний туршлага, ур чадварыг залуу үед өвлүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.
3.1.26. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, барилга байгууламж, нийтийн тээвэр, гудамж, зам талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгохыг шаардаж ажиллана.
ЭРСДЭЛГҮЙ МОНГОЛ ӨРХ
3.1.27. Архидалт, хар тамхи, донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлж, хатуу тэмцэх хүрээнд “Эрсдэлгүй Монгол өрх” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ. Архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана. Хар тамхины худалдаа, хэрэглээг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг эрс чангатгана.
3.1.28. Угийн бичиг, удмын түүхээ хөтөлдөг уламжлалыг сэргээн, цус ойртолт, хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг хангах зарлиг гаргаж хэрэгжүүлнэ.
3.2. НОГООН ХӨГЖИЛ - МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
“Өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн газар шороо
Үр хойчис голомтоо тулах амин нутгаа хайрлая”
ГАЗАР, БЭЛЧЭЭР - АМЬДРАЛЫН ҮНДЭС
3.2.1. Малын бэлчээр, тариалангийн газрын зохистой ашиглалт, менежментийг сайжруулж, бэлчээрийн доройтол, цөлжилттэй тэмцэх, нөхөн сэргээх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ.
УС - ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ
3.2.2. “Эх оронч гол” хөтөлбөр хэрэгжүүлэн хур тунадас, гадаргын ус хуримтлуулах томоохон усан сан, хөв, далан, дамжуулах хоолой байгуулан, тал хээр, говийн бүсийг усжуулах, гүний усаа хэмнэх бодлогыг дэмжиж ажиллана.
ОЙ МОД, АМЬТАН, УРГАМАЛ - ЭХ ОРНЫ БАЯЛАГ
3.2.3. Монгол орны байгалийн тэнцвэрт байдал, экосистем, ой мод, ховор ургамал, амьтны төрөл зүйлийг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөхөн сэргээх ажлыг дэмжиж, “Монголдоо мод тарья” хөдөлгөөн өрнүүлнэ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.