Ц.ТӨВӨӨ /Монгол Улсын Гавьяат багш, хурандаа/
Нийслэл хүрээнд байгуулагдсан хувьсгалт нууц хоёр бүлгэм 1920 оны зургаадугаар сарын 25-нд хамтран хуралдаж МАН хэмээх нэгэн улс төрийн хүчин байгуулагдсан ба түүнийг Д.Сүхбаатараар удирдуулсан С.Данзан, Д.Догсом, Н.Дугаржав, Д.Бодоо, Д.Чагдаржав, Х.Чойбалсан, Д.Лосол нарын эх оронч үүсгэн байгуулсан билээ. Миний бие 1967 онд МАХН-д орлогч гишүүнээр элсэн, жилийн дараа жинхэнэ гишүүн болсон. Энэ үеэс эх орончдын энэ намын эгнээнд бат зогсож, түүний улаан шугамнаас нэг ч алхам хазайлгүй явсаар одоо 60 гаруй жил болж байна. Би 1981 оноос УБДС-ийн оюутны цэргийн сургалт эрхэлсэн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байхдаа энэ сургуулийн Намын хорооны шийдвэрээр дээд сургуулийн түүх-философийн багшийн ангид орж онц сайн дүнтэй төгссөн. 1990-ээд онд намын анхан шатны үүр, хороодын ажил жигд биш байх үед нийслэлийн Намын хороо намайг намын анхан шатны үүрийн даргаар ажиллуулахаар томилсон. 1999 онд болсон намын анхан шатны үүр, хороодын дарга нарын улсын зөвлөгөөнд шалгаран оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, намын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Энэбиш нартай дурсгалын зураг татуулж байлаа. 2000 онд Мянганы замын бүтээн байгуулалтын ажил өрнөх үед би Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны анхан шатны 65 дугаар үүрийн даргаар ажиллаж байлаа. Энэ үүрийн намын ахмад гишүүн Хөдөлмөрийн баатар Р.Чимиддорж, түүний эхнэр, Монголын анхны 11 генералын нэг хошууч генерал С.Балданы эхнэр Ч.Цэрэндулам, намын ахмад гишүүн Должин нар нийлж өөрсдийн санаачилгаар Мянганы замын ажилчдын гарын жийрэг болгох үүднээс 2000 хос бээлий оёж, 1000 хосыг нийслэлийн намын хорооны дарга Өлзий, үлдсэн 500 хосыг хотын Авто хөгжлийн замын газрын дарга Буд, бусдыг нь Сүхбаатар дүүргийн намын хорооны шинэ байрыг барьж байсан Гавьяат барилгачин Ө.Дорждэрэмд хандивлан өгсөн. Манай 65 дугаар үүрт Хөдөлмөрийн баатар Цэрэн-Очир, Р.Чимэддорж, Ардын жүжигчин Г.Очирбат, Ардын багш, чөлөөт бөхийн Гавьяат дасгалжуулагч С.Магсар, Ч.Дамдиншарав, Гавьяат жүжигчин Д.Тунгалаг, Энхтуяа, гавьяат жүжигчин Бат-Өлзий, бас түүний эхнэр худалдааны гавьяат ажилтан Р.Чулуухай зэрэг нэрд гарсан гишүүн олон байлаа. Ахмад гишүүн Ч.Цэрэндулам, сарынхаа тэтгэврийн мөнгийг авангуут бүгдийг нь санхүүгийн талаар дэмжихийн тулд би намдаа хандивлахаар шийдлээ. Миний нэгэн адил манай үүрийн бусад гишүүн ингэж ажиллаач гэж уриалж байна гэхэд үүрийн хуралд сууж байсан бусад гишүүн түүнд баяр хүргэн алга ташиж билээ. Намын үүрийн гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэл гаргах, хурал хийх, тэргүүлэгч нараа гишүүд, сонсогчдын дунд явуулж ажиллуулах, татвар хураах, гишүүн элсүүлэх, хэвлэл захиалах, тэргүүн гишүүнээ дээд удирдлагад тодорхойлж шагнуулах зэрэг нь намын анхан шатны үүрийн гол ажил юм. Ялангуяа гишүүдийн эгнээг өргөтгөхийн тулд гишүүн элсүүлэх нь намын үүрийн даргын зайлшгүй гүйцэтгэх гол ажил мөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд миний бие үүрийнхээ тэргүүлэгч, гишүүдэд хандаж гишүүн бүр тодорхой тооны охид, хөвгүүд, ахмадуудыг гишүүнээр элсүүлэх ажил зохиоё гэж тохиролцон бүгд 250-аад шинэ гишүүн элсүүлж, одоогийн Шадар сайд асан Я.Содбаатар, Л.Тэрбишдагва, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Ц.Цогзолмаа, намын ахмад гишүүн Т.Галсан, Ичинхорлоо бид намд элссэн шинэ гишүүдэд батлахыг нь баяр ёслолын байдалтайгаар гардуулж баяр хүргэж байлаа. Олон намын системтэй, парламентын засаглалтай болсон үед олон шатны сонгууль явагдах бүрийд би намаас нэр дэвшсэн лидерүүдийн түүхт намтар, бас намын мөрийн хөтөлбөрүүдийг урьдчилан судалж иргэд, сонгогчдод тодорхой тайлбарлан ухуулсаар ирлээ. Жишээ нь, 2000 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргийн 76 дугаар тойрогт нэр дэвшсэн Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа, Гавьяат хуульч Д.Мөрөнг сонгуулахын тулд би түүнтэй хамтран итгэмжлэгдсэн ухуулагч, үүрийн даргаар хамтран ажиллаж Сүхбаатар дүүргийн Сэлбийн зуслан, Дамбадаржаа, Дарь-Эх, Бэлх, Сэлх, Гүнжийн хошуу, Цолмонгийн ам, Шадивлан, Салхит, Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн мянга, Долоон буудал зэрэг газраар ухуулгын машин, тараах материалтай, урлаг, спортын хэсэгтэйгээр уйгагүй явж ажилласан. Энэ үеэр зарим ахмадууд татвараа өгмөөр байна гэхээс гадна 4-5 охин, хөвгүүн гишүүнээр элсэх хүсэлт гаргахад би “Манай сонгуулийн штаб зургаан буудалд байдаг Тэнд уулзъя” гэж тохиролцов. Бид олонхыг хамарсан цуглааныг Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн зааланд болох үеэр нэр дэвшигч Д.Мөрөн өөрөө сагсан бөмбөг тоглож үзүүлсэнд сонгогчдод нэлээд таалагдав. Энэ цуглаанд Дамбадаржаалин хийдийн зүүн энгэрт орших Ардчилсан намын хэсэг залуу сонгогч оролцоод хэлэхдээ “Танай ухуулга сурталчилгаа бидэнд үнэхээр таалагдлаа. Бид Д.Мөрөн нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Учир нь манай АН ажиллахгүй байна” гэж билээ. Энэ мэтчилэнгээр бидний ухуулга сурталчилгаа амжилттай болж, нэр дэвшигч Д.Мөрөн 2000 оны УИХ-ын сонгуульд ялсан. Энэ сонгуульд МАХН 72 суудлыг нь авч УИХ-ын сонгуульд илт давуугаа харууллаа. Миний удирдсан 65, 76, 71 дүгээр үүр улсын тэргүүн болж миний бие тэргүүний үүрийн даргаар шалгарсан юм. Хэдхэн сарын өмнө 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн намын төв хэвлэл “Монголын үнэн” сонин МАН Тусгаар тогтнолын ордонд 2009 онд шилжиж орсонтой холбогдуулан бичсэн “Тусгаар тогтнолын ордон” , “Намд үндэслэл сайтай нэр хэрэгтэй”, “МАН олонх болох магадлал өндөр байна”, “Нэр дэвшсэн эмэгтэй гишүүдээ дэмжье” зэрэг материалыг цаг тухайд нь нийтэлж өгсөнд би баяртай байдаг. Би намын удирдлагуудын итгэл хүлээж хэд хэдэн сонгуульт ажилд томилогдож байлаа. 2006 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл намын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Ч.Дашдэмбэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дашдэлэг нарын томилолтоор намын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүлэгчээр, бас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, намын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Цогзолмаагийн удирдсан намын хорооны Ахмадын холбооны даргаар томилогдон ажиллаж байлаа. Бас 2000-аад оны үед Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч, намын ахмад гишүүн С.Пүрэв надтай уулзаж ярилцлага аваад “Монголын үнэн” сонинд намайг “Сонгуулийн өвөө” гэж бичсэн бий. Би 65 дугаар үүрийн даргаар ажиллаж байхдаа нэг гэр бүл доторх олон намын гишүүнтэй айл өрхөд түшиглэн “Гэр бүл” хөдөлгөөнийг байгуулж сонгууль явагдах бүрд уриалга гаргаж сониноор уламжлан орон даяар тараасан нь нам олонхын санал авахад тусалсан. 2013 оны Улсын баяр наадмын сүүлчийн 13-ны өдөр нийслэлийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдлага санаачилж Сүхбаатарын талбайд монгол дээл сурталчлах өдөрлөг зохиосон. Энэ арга хэмжээнд оролцох урилгыг Сүхбаатар дүүргийн Тамгын газар өөрийн тавдугаар хороогоор уламжлан надад ирүүлсэн. Урилгын дагуу энэ арга хэмжээнд Сүхбаатарын талбай руу зохион байгуулалттай парадаар явж очиж оролцсон. Энэ өдөр салхи сэвэлзэн бороо орсон. Энэ арга хэмжээний үед гадаад, дотоодын сонин хэвлэлийн сурвалжлагч, гэрэл зурагчид миний зургийг авсан байж. Тэр жилийн намар над руу баяр хүргэж утасдаж, та сониноо, зургаа, олж авсан уу. “Дээлтэй монгол” болжээ. Од болсон өвөө“ гэх мэтээр сурвалжлагч, гэрэл зурагчдын дуранд орж бичигдсэнээр “Дээлтэй монгол” нэр авсан. 2020 оны хавар Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар манай анхан шатны үүрээр уламжлан сурвалжлагч, сэтгүүлч, гэрэл зурагчдыг манай гэр рүү илгээж ярилцлага авахуулсанд баярладаг. Энэ ярилцлага манай хүүхдүүдийн гар утасны фэйсбүүкт бичигдсэн ч бид компьютерт оруулж баримтат кино маягаар баярлан үзэж байна. Ингэж намаа дэмжиж ажилласан хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн сонгуулийн штаб, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн, намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар надад Хүндэт өргөмжлөл, талархал, баярын бичгүүд болон гарын бэлгээр урамшуулан шагнасанд миний бие баяртай байдаг. Тэрчлэн намын Их, Бага хурал чуулган зөвлөлгөөн, уулзалтуудад төлөөлөгчөөр болон урилгаар оролцуулж намын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”, медалиудаар урамшуулан шагнасанд баярлаж сууна.