
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой төр төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний жагсаалттай нэгтгэн ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолоор батлан, 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд ЭМДҮЗ-ийн дээрх тогтоолоор даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын төлбөр, ЭМДС болон иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон. Тодруулбал, бүх төрлийн хорт хавдрын эмийн эмчилгээ болон мэс засал, хавдрын дараах хими болон химийн эмчилгээ, амбулаторийн хяналт, хими, туяаны өдрийн эмчилгээ, хавдрын дараах сэргээн засах эмчилгээ зэрэг хорт хавдар, түүнтэй холбоотой бүх төрлийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцаж байна. Үүний үр дүнд зөвхөн энэ оны гуравдугаар сард гэхэд 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум, 5035 иргэний мэс заслын тусламж үйлчилгээнд 6.8 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас олгожээ. Түүнчлэн энэ оны эхний 3 сарын байдлаар нийт 188 221 зорилтот бүлгийн иргэнд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЭМДС-аас санхүүжүүлсэн байна. Ингэснээр хүн амын зорилтот бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдэд эрүүл мэндээс үүдэх санхүүгийн бодит дарамт учруулахгүйгээр эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Д.ЖАРГАЛ