
МОНГОЛ СОЁЛЫГ МОНГОЛЫН БАЯЛАГ БОЛГОНО
Дэлхийн эдийн засагт соёлын бүтээлч үйлдвэрлэл 2.2 их наяд доллараар хэмжигддэг бөгөөд 29 сая хүнийг ажлын байраар хангаж байгаа том зах зээл юм. Энэ бол уул уурхайн салбараас 6.4 дахин том гэсэн үг. Олон улсын экспортын салбарт эрдэс баялгаас илүү соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн том үүрэг гүйцэтгэж байгаа аж. Манай улсын хувьд ч гэсэн ирээдүйд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг экспортын гол салбар болгож хөгжүүлэх боломжтой. Ингэхийн тулд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн урт хугацааны тогтвортой бодлогыг гаргаж, орчныг нь бүрдүүлж байж том тоглогч болно. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын талаар суурь судалгаа, статистикийг бэлтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар, бүрэн бус урьдчилсан мэдээллээр Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын үнэлгээ 143 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.4 хувийг эзэлж байна. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөөд эхэлбэл энэ тоо ДНБ-ий дөрвөн хувь болж арав дахин өснө гэж үзэж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцах үеэр дээрх тоон мэдээллүүдийг салбарын яамнаас танилцуулсан юм. Соёлын сайд Ч.Номин соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын суурь судалгаа, статистик, тоон мэдээлэл, энэ салбарыг хөгжүүлэх үндэсний бодлогын талаар товч мэдээлэл өгсөн. Тэрбээр, “Бид өнөөдөр өв соёлоо бүтээлч сэтгэлгээ, техник технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг далайцтай хөгжүүлж, Монгол Улсынхаа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахын сацуу дэлхийд монгол хүний авьяас, оюуныг таниулах цаг болсон. Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн “Монгол соёл Монголын баялаг” стратеги төлөвлөгөөг дэвшүүлэн, Монгол Улсын Засгийн газарт танилцуулж, судалгаа, шинжилгээний болон бодлогын төлөвлөлтийг нь гарган, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа” гэлээ.

“СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮЛЭХ САЛБАР ЮМ”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, Монгол Улс нүүдлийн соёл иргэншилтэй, эзэнт гүрний арвин түүхтэй. Тиймээс Монгол Улсын хувьд соёл бол тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа гэдгийг онцолсон юм. Тэрбээр “Миний хувьд өнөөдрийн уулзалтаар та бүхэнтэй ярилцах гэж байгаа зүйл бол өмнө нь явж байснаас арай өөрөөр асуудлыг харахыг хүсэж байна. “Сайн довтолгоо бол хамгаалалт” гэдэг үгэнд би дуртай. Аливаа нэг зүйл тэлж байж тэр нь өөрөө илүү хамгаалагдах ийм чухал агуулга руу ордог. Тийм учраас өнөөдрийг би Монгол Улс өөрийнхөө соёлыг олон улсад илүү их таниулах гэж хичээсэн соёлын салбарынхны шинэ хуудас байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ агуулгаараа Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бид эдийн засгийн тэргүүлэх салбар гэж үзэж байгаа. Анх үүнийг ярихад олон хүн шүүмжлэлтэй хандаж байсан. Яагаад соёл эдийн засгийн асуудал юм бэ. Соёл гэдэг хөдөө аж ахуй, уул уурхай, олборлолт юм уу. Эсвэл эрчим хүч юм уу гэдэг байсан. Соёл бүх зүйл. Соёл бол аялал жуулчлал. Соёл бол инновац. Соёл бол боловсрол. Харамсалтай нь, бид бусдын соёлын маркетинг дээр хийсэн зүйлд сүүлийн жилүүдэд хэт автсан. Одоо харин илүү өөрсдийн соёлыг түгээн дэлгэрүүлэх тал дээрээ анхаарах нь чухал. Монголын зах зээл дээр урлагаар дэлхийн хэмжээний оддын түвшинд амьдрах тийм ч амар биш. Яагаад гэхээр зах зээл маань өөрөө тийм. Эсвэл бид Монголдоо маш сайн хийж байгаа зүйлийг олон улсад таниулах бас тийм ч амар биш. Тийм учраас үүн дээр бидний хувьд төр засаг, хувийн хэвшил, хувь хүмүүс, уран бүтээлчид та бүхэн хамтарсан, нэг стратегитэй байх ёстой” гэсэн юм.
Ерөнхий сайд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэлхийд гаргасан сайн жишээгээр “Хү” хамтлагийг дурдсан юм. “Тус хамтлагийн “Гэрэгэ” дуу 2019 онд гарсан даруйдаа дэлхийн шилдэг 50 дууны жагсаалтад багтсан. Юүтүүбт дундаж хандалт 76 сая байгаа аж. Тэгвэл бид яаж “Хү” хамтлаг шиг 76 сая хандалттай, юүтүүбт имфлюнсер болсон, дэлхийд монгол соёлыг түрж, довтолж байгаа тийм бүтээлч хэсгийг гаргаж ирэх вэ гэдэгт санаа, бодлоо уралдуулах ёстой. Үүнийг бүтээлч үйлдвэрлэл гэж нэрлэнэ” хэмээн Ерөнхий сайд ярилаа. Тэрбээр мөн Монголын тухай өгүүлдэг “Марко Поло” киног соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг жишээ болгон, уг кино монгол ахуй, соёлыг тусгаж, монгол жүжигчдийг тоглуулсан зэрэг нь маш том эхлэл. Тиймээс “Марко Поло” киноны гуравдугаар ангийн зураг авалтыг Монголд хийх талаар санал тавьж яагаад болохгүй гэж гэсэн санал гаргасан юм. “Аватар” киноны зураг авсан газрууд өнөөдөр аялал жуулчлалын чухал маршрут болсон шиг монголчууд нэг том кино хийх гэж зориод, тэр нь дэлхийд танил аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох боломж бий. Үүнийг хамтдаа хийж чадвал уул уурхайн төслүүдээс ч илүү их том хөрөнгө оруулалт, боломжийг Монголд авч ирэхийг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл энэ бол давтагдашгүй, бас шавхагдашгүй нөөц. Нэг том бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гаргахад маш олон хүн суралцана, дараа үеийнхэн бэлтгэгдэнэ. Ийм онцлогтой салбар хэмээн Ерөнхий сайд онцлов.
“ЭКСПОРТОД ГАРАХ БОЛОМЖТОЙ БҮХ КОНТЕНТЫГ ОНЦГОЙЛОН ДЭМЖИНЭ”
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхантай уулзах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгээс онцлох хэсгийг товчлон хүргэе.
“Өнөөдөр бид тээвэр, ложистикийн салбарыг хөгжүүлэх нь зайлшгүй. Уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулах нь мэдээж. Гэхдээ 15-20 жилийн дараа эрчим хүчний нүүрсний хэрэглээ урд хөршид болон Европын холбооны улсуудад эрс багасахаар байгаа. Бидэнд нүүрс ухаж төсвөө тэжээдэг цонх үе 15 хүрэхгүй жил л үлдэж байна. Энэ богино хугацааг бид яагаад бусад салбарыг таниулах тал дээр анхаарч, соёлын маркетингийг хийж болохгүй гэж. Жишээлбэл, тээвэр ложистикийн салбарынхан киногоор дамжуулаад Монгол Улс далайд гарцгүй, гэхдээ ийм технологи ашигладаг гэдэг агуулгыг яагаад гаргаж ирж болохгүй гэж. Дэлхийд хамгийн их жуулчин ирдэг дөрвөн улсын дунд бид амьдардаг. Яагаад бид агаарын тээврийн либералчлалыг кино, соёл урлагаар дамжуулан дэлхийд хүргэж болохгүй гэж. Монгол Улс хоёр том гүрний дунд байдаг, ардчилсан тогтолцоотой цөөхөн улсын нэг. Бидэнд ирж байгаа сорилт, амаргүй зүйлсийн дундуур Монгол Улс ардчиллыг хамгаалж явсаар байгаа. Яагаад бид энэ талаа илүү их тайлбарлаж болохгүй гэж. Энэ мэтээр бид олон зүйлийг өөр талаас тайлбарлах нь чухал гэж бодож байгаа юм.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 3360 орчим ААН үйл ажиллагаа явуулж байгаа нь нийт ААН-ийн 3.4 хувийг эзэлж байна. Монгол соёлын давлагаа гэдэг шиг, монгол соёл яаж илүү эдийн засгийн хувьд оновчтой байх вэ гэдгийг өнөөдөр бодитой ярья гэж бодож байна. Шинжлэх ухааны салбарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй маш нягт холбоотой байгаасай гэж боддог. Миний хувьд ганц зүйлийг хүсэж байгаа. Тэр нь шинжлэх ухааныг мөнгөөр хараач ээ. Инновац гарч байгаа бол тэр нь эдийн засагт хэрэгтэй байх ёстой. Тэрийг нь бид эхэлж дэмждэг байя. Мэдээж олон ном гаргаж, олон юм хийж байна. Тэр зөв. Гэхдээ уламжлалт байдлаа бид одоо бодитой зах зээлтэйгээ уях хэрэгтэй. Жишээ нь, манай эрүүл мэндийн салбарынхан түрүүчийн Засгийн газрын хуралдаанд вакцины үйлдвэрлэл болон явцыг орлуулах эмийн бэлдмэлтэй холбоотой инновацын технологи гаргаснаа танилцуулсан. Мэдээж технологийн хувьд хол зөрүүтэй асуудлууд байгаа тухай ярьж байсан. Гэхдээ Засгийн газрын байр суурь юу байсан гэхээр өнөөдөр тэд чадахгүй байх нь тийм ч сонин биш. Тэгж бодож байгаа нь маш сонин. Нэг үгээр хэлбэл, бид ковидын вакциныг орлуулах хэмжээний бэлдмэлийг гаргаж чадна аа гэж Монголын эрүүл мэндийн салбарынхан үзэж байгаа нь маш үнэ цэнтэй зүйл. Тэд нэг удаа бүтэлгүйтэж болно. Хоёр удаа бүтэлгүйтэж болно. Магадгүй чадаж болно. Тэгвэл бид дэмжье гэж байгаа юм. Улс орны эдийн засагтай уялдаж байвал дэмжинэ. Тэгж уялдахгүй бол тэр номонд л үлдэнэ. Маш олон инновац, технологи гарч байгаа ч гэсэн тэр нь тухайн салбартаа л үлдэж байна. Тиймээс өнөөдөр Засгийн газар инновацыг дэмжинэ. Нэг зүйл хэлэхэд, гадаад зах зээл, ялангуяа экспортод гарах боломжтой бүх контентыг онцгойлон дэмжье. Үүнийг эдийн засаг гэж үзнэ. Хөгжлийн банк болон бусад эх үүсвэр, ямар боломжууд байна вэ. Засгийн газар бонд босгох тал дээр, мөн тодорхой төсвийн дэмжлэг үзүүлэх тал дээр нь, эсвэл хамтын ажиллагаа өрнүүлэх тал дээр нь ч гэсэн үүнийг хийе. Дэлхий рүү гарахад нь Засгийн газар дэмжье. “Нэтфликс”-тэй холбогдохыг хүсэж байгаа киноны салбарынхан, баримтат кино хийгээд олон улсын зах зээлд гарахыг хүсэж байгаа продакшнууд байгаа бол дэмжье. “Бумбардай” гээд хөөрхөн цуврал бий. Дэлхийн хамгийн том фестивалиудад та бүхнийгээ аваад очъё. Дэлхийн хамгийн том соёлын бүтээлч үйлдвэрлэл креатив индастри дээр нь Соёлын сайдыг явуулъя. Шаардлагатай бол тэр үеэр нь Ерөнхий сайдын албан ёсны айлчлал хийе. Хамт очъё. Томоохон компаниуд, томоохон фестиваль хийх гэж гэрээ хэлцэл хийвэл түүн дээр татварын ч юм уу, төр засгаас үзүүлж болох зүйл дээр дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлье. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлье. Магадгүй эхний 10 жилд нэг хөнгөлөлттэй, цаашаа шатлан өгсөх, Монголд кино хийх, соёлын бүтээлч үйлвэрлэл хөгжүүлэх амар байдаг гэсэн имижтэй болъё.
Өнгөрсөнтэйгөө хэт зууралдахгүй, юмыг томоор хараад урагш явъя. Энэ салбарынхан бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй тал бий. Тэгсэн хэрнээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс цөөхөн. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт “тамын тогооны үлгэрийг” зогсооё. Цаг хугацааг дэмий үрэхгүйгээр маш бүтээлч, идэвхтэй, уламжлалтай, уялдаа холбоотой ашигламаар байна. Миний хувьд ямар нэгэн байдлаар, Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг зүгээр бэлгэдлийн байдлаар ашиглаж, та бүхний үнэтэй цаг хугацаан дээр эс үйлдэл хийхгүй. Маш бүтээлч байх болно. Та бүхэн нэг алхвал би хоёр алхахын төлөө ажиллах болно. Хэдэн жилийн дараа Монгол Улсын төлбөрийн тэнцэл дээр соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг энэ салбар уул уурхайтай тэнцэхүйц орлого оруулдаг, тэр статистикийг парламент дээр шагшин магтдаг тийм эдийн засгийг бүрдүүлэхийн төлөө хамтарч ажиллая”.
“ХЯЗГААРЛАГДМАЛ НӨӨЦӨӨ БУС ОЮУНЫ БҮТЭЭЛЭЭ ЭКСПОРТОЛЪЁ”
Уулзалтад дүрслэх урлаг, хувцас загвар, дижитал дизайн, дуу хөгжим, кино урлаг зэрэг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын залуу уран бүтээлчид болон ААН-ийн төлөөлөл оролцож, өөр өөрсдийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлаа танилцуулсан юм. Дүрслэх урлагийн салбарыг төлөөлж Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч Б.Гантуяа “Чөлөөт уран бүтээлчдийн нийгмийн даатгалыг төр хариуцах, олон улсын үзэсгэлэнд оролцох, урлан, бүтээл туурвих зэрэгт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, “дэлхийн олимп” гэгдэх Венецийн Биеннальд тогтмол оролцуулах, дүрслэх урлагийн сургуулийн сургалтын хөтөлбөр, заах арга зүй, байрыг стандартад нийцүүлэх санал гаргасан бол хувцас загварын салбарыг төлөөлж “Michel&Amazonka” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал “Менежер, зохион бүтээгч, нэхмэл сүлжмэлийн тооцоологч зэрэг нарийн мэргэжлээр сургах, суралцахад дэмжлэг үзүүлэх, түүхий эд материал, бөс бараа, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, Төв Азийн загварын долоо хоногийг дотоодод тогтмол зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд оролцоход дэмжих, энэ салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлэх, гадаад худалдаа, экспорт хийхэд дэмжих шаардлагатай гэсэн санал хэлэв.
“Beer night” студийн найруулагч, аниматор Г.Анхныбаяр давхар татварын гэрээгүй байдаг нь олон улсаас орлого олдог аж ахуйн нэгжид дарамт болдогт анхаарах хэрэгтэй байгааг хэлээд хязгаарлагдмал нөөцөө бус оюуны бүтээлээ экспортолъё хэмээн уриалсан. “Playtime festival”-ыг санаачлагч, захирал Ц.Нацагдорж “Дэлхийн хөгжмийн топ наадмуудын зохион байгуулагч зэрэг нөлөөтэй хүмүүсийг авчирч хамтлаг, дуучдаа дэлхийд танилцуулах, чадварт хөрөнгө оруулах, хөгжим хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх, зохиогчийн эрхийн чиглэлээр шүүгчдийг сургах зэргээр хамтын удирдлагын байгууллагын чадавх, ажлыг нь дэмжих, гадаадын уран бүтээлчдэд олгож байгаа 20 хувийн татварыг хоёр хувь болгох, хөгжмийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлж, уран бүтээлчдийн НӨАТ-ыг бууруулах, “Playtime" наадмыг 2025 он гэхэд 100 мянган үзэгчтэй “Азийн топ-5” наадмын нэг болгох санал хэлэв.
"М plus" ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр “Дижитал медиа хөгжүүлэх чиглэлээр бид үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, 470 гаруй мянган хэрэглэгчтэй цахим болон аудио ном, хөгжим бүхий аппликэйшн нэвтрүүлсэн. Хамтран ажиллахад бэлэн” гэсэн юм. Кино урлагийн салбарынхныг төлөөлж уулзалтад оролцсон “Гуру медиа" ХХК-ийн продюсер Ц.Ариунаа “Хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх, дэлхийд өрсөлдөх бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх, найруулагч, зураглаач, дууны найруулагч зэрэг нэн эрэлттэй мэргэжлээр гадаадад сургах, олон улсын кино наадамд оролцох, сургалтын тэтгэлэг олгох, кино студи, продакшныг НӨАТ-аас чөлөөлөх, энэ салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн дэмжлэгийг татвараас хасагдах зардалд тооцох зэрэг хүсэлт тавилаа.
"Хү" хамтлагийн продюсер Д.Дашдондог сайн хамтлагийг дэлхийд гарахад сайн баг ард нь ажилладаг жишгийг нэвтрүүлэх, Ерөнхий сайдын дэргэдэх Соёл, урлагийн зөвлөлийн гишүүн, архитектор Б.Батжав соёлжсон орчин бүрдүүлэх, түүх өгүүлсэн барилга, байгууламжаа авч үлдэхэд анхаарах хэрэгтэйг хэллээ. Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун соёлын өвөө хадгалах, хамгаалах, өвлүүлэх, суурь баазаа бүрдүүлэх, хүнээ хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх, “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар циркийн жүжигчин, сайн багш бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Сангийн сайд Б.Жавхлан татвар, гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх талаар тодруулга өгч тодорхой саналуудыг судалж үзэхээ илэрхийлэв.
Засгийн газрын тэргүүн түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж хамтран ажиллахыг ч мөн уриалав. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэл уул уурхайгаас дутахгүй орлого олох боломжтойг Ерөнхий сайд онцолсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 он хүртэл Холливудын нэг киног Монголдоо хийлгэхээр холбогдох яамд, төрийн байгууллага, хувийн хэвшил одооноос хариуцсан чиглэлээрээ ажиллаж эхлэх, улсын төсөвт эхний шатны хөрөнгийг тусгах, “Netflix”-д таваас доошгүй монгол контент байршуулах, “Наадам” гэсэн цогц бүтээл хийж улсаа сурталчлах зорилт дэвшүүлэв. Эдгээртэй холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах, зураг төсөл гаргах, гадаад талаас тавих стандарт шаардлагыг нь хангах, гадаад сурталчилгаа, маркетинг зэрэгт дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Соёлын яам "Монгол соёл Монголын баялаг" арга хэмжээний хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.
Г.ХАНГАРДИ