70001921
info@nam.mn
Мэдээ

Б.Баасанжаргал: ГЭРЭЛ ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛДЭГ | Миний нэг өдөр

НамАдмин
2021/05/12

eNAM аппликейшн-ы эрхлэн гаргадаг "Миний нэг өдөр" ярилцлагын буланд Монгол Ардын Намын Улс Төрийн Бодлогын Газрын “Олон нийттэй харилцах хэлтэс”-н дарга Б.Баасанжаргал оролцлоо.


Хоёулаа ярилцлагаа төрж өссөн нутаг, бага насны тань дурсамжаас эхлүүлбэл ямар вэ. Ховд нутгийнх гэсэн байх аа?
Бага нас минь Ховд аймагт өнгөрсөн. Бусад хүүхдүүдийн адил айлын том хүүхэд ямар үүрэгтэй байдаг уу тэр бүгдийг л хийдэг хүүхэд байлаа. Арван жилээ дүүргээд их сургуульд ордог жил гэр бүлийнхэнтэйгээ хотод орж ирсэн. Ер нь бол өөрийгөө хотын иргэн л гэж боддог шүү.Инээв Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факултетийн түүхийн ангид элсэн орж, дөрвөн жил суралцсанаар Түүхч, түүхийн багш мэргэжилтэй болсон. Төгсөөд Монголын Үндэсний түүхийн музейд ажилд орж байв.
 
Нуулгүй хэлэхэд их сургуульд сураад түүхч болсон хэрнээ яагаад үйлчлэгчээс ажлаа эхэлсэн юм бол гэдэг нь жаахан гайхширал төрүүлсэн шүү? 
Инээв Тийм ээ. Би их сургуулиа төгсөөд шууд ажилд орсон. Тухайн үед манай мундаг түүхчдийн нэг, Үндэсний түүхийн музейн захирал асан С.Идшинноров гуай ажилд авч, “Чи ажлыг багаас нь эхлэх хэрэгтэй. Мэргэжлийн хүн ч гэлээ би шууд эрдэм шинжилгээ судалгааны ажилд авахгүй. Чи эхлээд 00 үйлчлэгчээс ажлаа эхэл” гэсэн. Хэлсэн ажлыг нь хоёр сар гаруйн хугацаанд хийсний дараа дахин дуудаж “За одоо чиний ажлыг ахиулна” гэж хэлж билээ. Ийнхүү анхны ажил минь музейн үзмэр харагч, музейн бүртгэл мэдээллийн санчаар ажиллах болсон сайхан түүх бий. 
 
Мэргэжилдээ дурлах үе нь ийнхүү эхэлжээ? 
Тэгэлгүй яахав. Их түүхээ нүдээр харж, гараар мэдэрч,  ажил  мэргэжилдээ сонирхолтой болж эхэлсэн. Энэ цаг үеэс эхлэн 11 жил Монголын түүхэнд холбогдох үзмэрийг цуглуулах, хадгалах, хамгаалах ажлыг хийсэн байдаг юм. 
 
Дурлаж хийсэн ажлаа МАН-ын ажлаар солих болсон шалтгаан тань юу вэ. Энэ асуултыг олон хүн сонирхож, асуугаасай гэж хүсч байгаа нь дамжиггүй?
2010 оноос МАН-д ажиллах болсон. МАН музей, түүхийн цогц архивтай болох ажил санаачилж эхлүүлсэн.  Гэхдээ нам гэдэг өнцгөөс нэг харж “ За даа яах бол. Улс төрийн ажил яригдах байх” гэсэн бодол төрж байсныг нуухгүй ээ. Гэтэл байдал тэс өөр байсан. Хүмүүс нь нээлттэй, санал бодлоо  чөлөөтэй илэрхийлдэг, биенээ сайхан хүндэтгэдэг хүн хоорондын харилцаа нь надад маш их  таалагдсан. Магадгүй энэ бүхэн нь намайг одоо болтол ажиллах сэтгэл, зүтгэлтэй болгож өгсөн байж мэднэ. Дээр нь ахмадаа хүндэтгэх гэдэг өв, уламжлал манай байгууллагад  бүр төлөвшил болоод тогтчихсон зүйл. Номын сан, архив, хэвлэлийн алба гээд зөвхөн улс төрчдөөр төсөөлж болохгүй том байгууллага юм шүү.  Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан манай хэвлэлийн албаны дарга байх үеэс эхлээд ажилласан.  Улс төрийн бодлогын хэлтсийн олон нийттэй харилцах алба  гэж байгуулагдаад хоёр дахь жилтэйгээ золгож байна. Эргэх холбоо сайтай ажилладгаас гадна аль ч насны хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авах, санал бодлыг нь сонсох олон ажил хийдэг.  
 
Таны үндсэн мэргэжилтэй бас шууд холбогддог байх нь? 
Манай ахмадууд бол түүхийн гэрч. Тэднээсээ маш их зүйл сонсож мэдэж авдаг. Ингээд бодохоор бидний ажил бүгд хоорондоо нарийн уялдаа холбоотой байгаа биз. Аман мэдээ, дурсамж цуглуулахад тэдний минь яриа надад маш их үнэ цэнэтэй.  Хэлж буй санааг нь манай ажлын залуучууд хэрхэн олон нийт, нийгэмд хүргэх вэ гэдэг анхаарч ажилладаг. Ингээд бодохоор манай ажлын ахмад залуу үе гээд эргэх холбоо маш сайтай.  
 
Монгол Улсын түүх бол Монгол ардын намын түүх гэх хүмүүс цөөнгүй бий. Харин та үүнтэй санал нийлдэг үү? 
Нийлдэг. 1921 оны оны үндэсний ардчилсан хувьсгалаар тусгаар тогтнолоо олж, тусгаар тогтнолоо баталгаажуулан, хөдөө аж ахуй орноос аж үйлдвэрийн орон болгож, бүтээн байгуулалтыг өрнүүлж, өөрчлөн байгуулалтанд манлайлан оролцохдоо намын тогтоол шийдвэрээр явж байсан хэдий ч Монгол Улс орны төлөө, хөгжлийн чигийг тодорхойлж ирсэн байдаг. 
 
Үндсэн ажлынхаа хажуугаар хоббигоо өргөжүүлж чадаж байна уу. Тийм цаг зав гаргаж байгаа юу? 
Миний хувьд Монголын түүхэн гэрэл зураг судлах, цуглуулах дуртай. “Монголын түүхэн гэрэл зураг судлалын зарим асуудал” сэдвээр магистрын зэргээ хамгаалсан. ХХ зууны эхэн үед Монгол оронд ирж байсан судлаачид, жууулчид монголын түүхийг харуулсан гэрэл зураг авч тухайн орны архив ном, хүрээлэнд хадгалагдаж үлдсэн нь бий. Гэрэл зургаас тухайн үеийн нийгэм, улс төр, хүмүүсийн соёл гээд бүх зүйлийг  харж болдог. Тухайн үеийн нийгэм, ард түмний амьдрал, хувцас хэрэглэл, айлын амьжиргаа зэрэг бүх зүйл тод харагдана. Тиймээс гэрэл зураг бол түүх өгүүлдэг гэдэг үгтэй би санал нийлдэг. 
 
Гадаадад байгаа түүхийн дурсгалт зүйлс их байдаг. Гэхдээ түүхч, судлаач хүний хувьд үүнд ямар тайлбар хийх нь сонирхол татаж байна?
ХIX зууны сүүлч ХХ зууны эхэн үед монгол оронд ОХУ гэлтгүй Герман, Швед,  Дани гэх  олон орны эрдэмтэн судлаачид, жуулчид, худаалдааны төлөөлөгчид ирсэн байдаг. Зөвхөн нэг жишээ хэлэхэд Оросын эзэн хааны нэрэмжит газар зүйн нийгэмлэг байгуулагдаж төв азийг судлах судалгааны экспедицийг илгээх болсон. Эрдэмтэн Ж.Цэвээн “Монгол ардын засаг байгуулагдсанаас эхлээд 64 экспедиц анги явсан байна”, мөн Орос  эрдэмтэн Е.М.Даревская “1870 оноос 1920 он хүртэл бүрэн бус мэдээгээр 150 гаруй эксдедици ажиллажээ гэж номдоо  бичсэн байдаг.  Архив номын санд хадгалагдаж үлдсэн монголын түүхэнд холбогдох материалуудыг судалгааны эргэлтэд оруулах хэрэгтэй гэж боддог.
 
Монголын түүхэн холбогдол  бүхий гэрэл зургийн тухай?
Нийслэл хүрээнд Хятад болон Орос гэрэл зургийн газар ажиллаж байсан архивын баримт байдаг. А.Д. Шаповын “Өргөө дэх гэрэл зургийн газар” гэсэн тамга дарсан гэрэл зургууд хадаглан авч  үлдсэн байдаг.  ХХ зууны эхэн үед холбогдох зарим түүхэн зургуудыг авч Монгол Улсад анх удаа гэрэл зургийг дэлгэрүүлсэн хүн бол YIII Богд Жавзандамба хутагтын жолооч, механикч хийж байсан Ванпилов Бадам юм. Хэнтийн Ононгийн буриад хүн  бөгөөд хувьсгалын эхэн үед Намын төв хорооны гражжийн дарга, механик, гэрэл зурагчин, радио техникч, кино үйлдвэрийн анхны кино механикийн курсын багш, захирал хийж байсан. Мөн Богдын ордонд кино гаргаад зогсохгүй Монголд анх кино зураг авсан анхны зураглаач. 1918-1919 оны үед Богд хааны мөргөл хийж байгаа байдал, голын ногоон ордонд болон цагаан сүмийн дотор болж буй үйл явдлыг харуулсан зураг авсан гэдэг. Гэвч энэ чухал хэрэглэгдэхүүн бидний үед  байхгүй устсан байна. Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан үеэс Оросын мэргэжилтнүүд, их зохиолч Д.Нацагдорж, Н.Гомбожав, М.Гомбожав, Б.Чойжинням нарын гэрэл зурагчид ажиллаж байсан.  
 
Их жанжин Д.Сүхбаатартай холбогдолтой хэчнээн баримт, зураг байдаг вэ? 
Ер нь ардын хувьсгалын түүхэнд холбогдох зураг бол цөөхөн байдаг. Бид одоо цөөхөн хэдэн гэрэл зургийг  судалгаа, ном, сонин сэтгүүлдээ ашиглаж байна. Тухайн үед зураг авдаг хүн цөөхөн. Хүрээнд Хятад болон Орос гэрэл зурагчин ажиллаж байсан баримт бий. Д.Сүхбаатарын амьдрал, үйл ажиллагаа гэр бүлтэй нь холбоотой 60 гаруй зураг байдгаас яг өөрийнх нь дүртэй 10 гаруй зураг байдаг. ЗХУ,  Улаан армийн дарга нартай авахуулсан зургууд байдаг. Магадгүй бусад хүмүүс өөр түүхэн зураг хадгалагдаж байж болно. 
 
Оршуулгын үеэрх зураг байдаг, байдаггүй гэх ам яриа бий? 
С.Данзан, Б.Цэдэндорж, Хатанбаатар Магсаржав, Навааннэрэн нар Сүхбаатарын оршуулга дээр гээд нэг зураг байдаг. Тухайн үед оршуулгын зургийг Номунханов гэдэг хүнээр авахуулав гэсэн байдаг. 

 
Энэ зураг их гоё зураг. Чөлөөлөх дайны үед холбогдоно. Цаад талд нь хятадын цагаан хэрэм байгаа. Цагаан хэрмийн өмнө цэргийн жагсаал зохион байгуулсан маршал хир олон байдаг бол, парад жагсаасан улс байдаг болов уу гээд бодохоор сонин санагдаад байдаг юм. 
  • Нэрт удирдагч Х.Чойбалсангийн холбогдол бүхий зургуудын тухай
Маршал Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга, туслахаар 1939-1947 онд ажиллаж П.Шагдарсүрэн гуай Улсын баатар болсон. Тэрээр маршал Х.Чойбалсангийн амьдрал үйл ажиллагаатай холбоотой, Халх голын түүхэнд холбогдох зарим түүхэн зургуудыг авч үлдээсэн. Маршал Х.Чойбалсангийн намтарт холбогдох хамгийн сүүлчийн зургийн талаар П.Шагдарсүрэн “Москва явахын урьд өдөр бичгийн ширээ болон төмөр авдар доторхи юм хумаа янзалж, Ю.Цэдэнбалыг ирүүлэн хамт зургаа авахуулаад, нууцын төмөр авдрын түлхүүрийг түүнд өгсөн юм” гэж дурсаж бичсэн байна. Энэхүү зураг нь П.Шагдарсүрэн гуайд хадгалагдаж байгаа болно. 
 
Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар (1952 оны 01-р сар) 
(П.Шагдарсүрэнгийн хувийн архиваас)
 
Энэ зураг бол Анхны партизан нарын зураг байгаа юм. Зураг дээр Х.Чойбалсан мөн анхны 4 хорооны хоёр хорооны дарга болох Г.Бумцэнд, Цэрэндорж нар байна. Хамгийн сонин нь голд сууж байгаа хүний баруун гар. Баруун гар талд суусан хүнийхээ өмнө зангидсан байхыг харахад магадгүй ямар нэг юм барьсан байх талтай. Тэгэхээр энэ зурагны эхийг  олж үзвэл сонин. Бас нэрийг нь тодруулах хэрэгтэй. 
 

Ардын засаг Нийслэл Хүрээг тогтоогоод байсан үе. Нөхөр Сүхбаатар, Бодоо, Данзан, Япон Данзан, Элбэгдорж нар. Энэ бас их сонин зураг тухайн үед сонинд хэвлэгдсэн зураг. Одоо бас эх зураг нь байхгүй байна. 
 
Очих нэлээдгүй газрууд, сонирхож үзэх зүйлүүд гээд их байгаа юм аа даа?  
Шведийн Стокхольм хот дахь Этнографийн музей, Готебургийн дэлхийн соёлын музейд эрдэмтэн Свет Хедин удирсан шинжилгээний ангийн цуглуулга болох монголын түүхэнд холбогдох 1000 гаруй эд зүйл байдгийн тодорхой хувийг түүхэн гэрэл зураг  эзэлдэг гэсэн. Түүнийг сонирхож байна. Мөн ОХУ-ын архивт хадгалагдаж байгаа гэрэл зургууд байна. Мөн 1914 онд А.В.Бурдуковын авсан зургаар хийсэн “Монголын үзэмж” ил захидал, Н.А.Чурушины 200 гаруй зурагтай “Өргөөгийн үзэмж” гэрэл зургийн цомог гээд  сонирхох зүйл олон байна. Болдогсон бол энэ үед гарч байсан ил захидал, цомгуудыг цуглуулах юмсан гэж бодож байна.  
 
Харилцаа, холбоо өндөр хөгжсөн энэ цаг үед боломжгүй зүйл бол биш. Гэхдээ хэрхэх талаар бодсон санасан зүйл байгаа байх?
Дэлхий дахинаа  таран суурьшин  байгаа  монголчууд маань тухай газрынхаа  музей үзэхийн зэрэгцээ Монголын түүхэнд холбогдох материал юу байна судлаад, бие биедээ мэдээлэл хүргэж байвал их хэрэгтэй юм болов уу гэж боддог.  
 
Цөөн хоромд чинь сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
Бүх хүмүүс эрүүл энх байгаасай гэж хүсэн ерөөе.  Инээв 
 
Баярлалаа танд... 


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.