70001921
info@nam.mn
Мэдээ

АГААРЫН ХИЛИЙГ НЭЭВЭЛ ДОЛОО ХОНОГТ 1-2 НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

НамАдмин
2021/04/20



Засгийн газар, УОК-ын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс олон улсын хилээ нээхээр төлөвлөж байна. Хилээ нээж эдийн засагт үр өгөөжөө өгч, уналтад орсон агаарын тээвэр, аялал жуучлалын салбарыг дахин хөл дээр нь босгох шаардлагатай хэмээн салбарын төлөөллүүд үзэж, бэлтгэлээ хангажээ. Тодруулбал, хил нэвтрэх дүрэм журмаа тодорхой болгохоор ГХЯ, ЭМЯ, МХЕГ, БОАЖЯ, ЗТХЯ, ИНЕГ хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Гэхдээ бүх улс орон руу хилээ зэрэг нээхгүй гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Тус яамнаас хил нээхээр болсонтой холбогдуулан ирэх сараас чартер нислэгийг зогсоож, тогтмол нислэгийн хуваарьт шилжүүлэхээр болсныг дуулгасан юм.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Бид хилээ нээж, нислэг үйлдэх бэлтгэлээ бүрэн хангаад УОК-ын шийдвэрийг хүлээж байна. Гэхдээ одоогоор бусад улс орны тухайд журам нь тодорхойгүй байгаа учраас Монгол Улс бусад улстай нислэг үйлдэх хэлэлцээр хийх, тохиролцоонд хүрэх асуудал яригдаж байна. Тавдугаар сард хуваарийн дагуу нислэг товлож, хуваарь гаргасан ч улс орнууд одоогоор захиалгат нислэгийн журмыг мөрдөж байна. Тэгэхээр тогтмол нислэг хийхээр тухайн улс орнуудтай тохиролцсон асуудал алга. Олон улс вакцинжуулалтын нөхцөл байдлыг харж байна” гэлээ.
Урьдчилсан байдлаар тавдугаар сард хилээ нээснээр таван чиглэлд 16 нислэг үйлдэхээр төлөвлөснийг Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-аас мэдээлж байгаа юм. Тус яамнаас хилээ үе шаттайгаар нээж агаарын тээврийг сэргээх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлж байгаа төдийгүй цар тахлын хуулийн дагуу ЗТХЯ-аас УОК, ИНЕГ-тай хамтран тавдугаар сарын нислэгийн хуваарийг баталжээ. Ирэх сарын 1-ний Токио, Сөүл чиглэлийн нислэгээр нийт 430 гаруй хүн ирж магадгүй гэх тооцоо гарч, энэ дагуу УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байрны нөөцийг бэлдсэн байна. Мөн тавдугаар сард Бусан хот руу шууд нислэг үйлдэхээр болсон аж. Хил нээгдснээр долоо хоногт 1-2 нислэг үйлдэхээр тооцжээ.
Монгол Улс агаарын хилээ үе шаттай нээх талаар холбогдох судалгааг хийсэн байна. Эхний ээлжид Монголтой шууд нислэг үйлддэг Япон, Герман, Солонгос, Хятад, Орос, Турк, Казахстан улстай харилцан адил нөхцөлөөр хилээ нээж нислэгийг сэргээх боломжтой хэмээн үзэж байгаа юм.


Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин



 


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.