70001921
info@nam.mn
Мэдээ

АНУ МОНГОЛ УЛСТАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТОГТООЛЫГ БАТЛАВ

НамАдмин
2021/04/19

АНУ-ын Сенатын танхим Монгол Улстай байгуулах стратегийн түншлэлийн тогтоолыг баталлаа. Тогтоолд Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх АНУ-ын корпорацыг Монгол Улсын эдийн засгийн хөгжил, эмэгтэй удирдлагатай жижиг, дунд бизнесүүдийг дэмжих чиглэлд үйл ажиллагаагаа тэлэхэд уриалах заалтыг тусгажээ. Мөн АНУ-ын төр, хувийн хэвшлийг Монголын дэд бүтцийн чухал төслүүдэд хөрөнгө оруулахыг уриалснаараа онцлог юм. АНУ-ын сенатор Дэн Салливан Сенатын Гадаад харилцааны хорооны гишүүн Бен Кардин нар стратегийн түншлэлийн харилцааг баталгаажуулж, тогтоолоо санал нэгтэй баталсанд талархал илэрхийлээд "Энэ бол Монгол Улсад ардчилал хөгжсөний30 жилийн ойд зориулсан тогтоол. Монгол Улс 1992 онд ардчиллыг тогтоосон Үндсэн хуулийг баталж, коммунизмаас ардчилалд шилжсэн Азийн анхны орон болсон. Монголын ард түмэн дэлхийн ардчилал, хүний эрхийн хамгийн том өрсөлдөгч хоёр улстай хөрш зэргэлдээ амьдардагч эрх чөлөөний тугийг өндөрт өргөж ирсэн. Мөн ардчиллын үнэт зүйл, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргасныг дурдах хэрэгтэй. Монгол Улс бол АНУ-ын стратегийн чухал түнш бөгөөд Энэтхэг, Номхон далайн бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг хадгалахад хоёр талын харилцаа нэн чухал. Цаашид хоёр улсын хоорондох эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын хэлхээ холбоог гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд энэхүү тогтоолоороо Монголын ард түмэнд АНУ-ын сенатын нийт гишүүд нэгдмэл, тууштай дэмжлэг үзүүлж байгаагаа харуулахыг зорилоо” гэжээ. Хоёр улс 1987 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосон. Тэр үеэс хойш хамтын стратегийн ашиг сонирхол, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, хүний эрхийг хүндэтгэх зэргээр харилцаагаа бэхжүүлсэн юм. Монгол Улс Афганистан дахь АНУ-ын ажиллагааг дэмжих зорилгоор цэргээ илгээж, Вашингтонтай гуравдагч хөршийн харилцаатай байхаа мэдэгдсэн юм. Түүнчлэн Сенатын танхимын мэдэгдэлд Монгол Улсын үе үеийн Засгийн газрууд иргэний нийгмийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр чухал алхам хийснийг онцолжээ.

Х.Заяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.