
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар өнгөрсөн амралтын өдрүүдэд цар тахлын эсрэг дархлаажуулалтын явц болон цэгүүдийн үйл ажиллагаатай танилцжээ. Өнгөрсөн бямба гарагт дархлаажуулалтын 37 цэгт 93 багийн 643 эмч, ажилтан ажиллаж, 7871 хүнийг вакцинд хамруулсан байна. Ням гаргаас эхлэн дархлаажуулалтын цэгүүдийн тоог 80 хүртэл нэмж, хамрагдалтыг нь эрчимтэй нэмэгдүүлэхийг Засгийн газраас үүрэг, чиглэл болгосон юм. Мөн ням гарагт 18-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн бөгөөд дархлаажуулалтын 64 цэгт 138 багийн 1033 эмч, ажилтан ажиллаж, 18241 хүнийг вакцинжуулжээ.
Засгийн газрын тэргүүн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 3-нд хороодын вакцинжуулалтын явцтай танилцах үеэрээ “Вакцины татан авалтыг идэвхтэй хийж байна. “Синофарм” үйлдвэрийн вакциныг 900 мянган тунг авна. Бид дэлхийд дархлаажуулалтаар тэргүүлэгч болж, эдийн засгаа бүрэн нээсэн улс болох зорилттой. Хэсэгчилсэн хөл хорио өнөөдрөөс эхэлж байна. Өдөрт дунджаар 12 мянган хүнийг вакцинд хамруулж байсан бол хэсэгчилсэн хөл хорионы өдрүүдэд өдөрт 30 мянга хүртэл ачааллаа нэмэгдүүлнэ. Энэ хурдаараа явбал эхний вакцины тунг зургаадугаар сарын 1-нээс өмнө нийт иргэддээ хийж амжина. Улаанбаатар хотын хүн амыг тавдугаар сард багтаж дархлаажуулах зорилт тавьсан. Хэсэгчилсэн хөл хорио тогтоож байгаа нь эмнэлгийн байгууллагын ачааллыг багасгаж вакцинд анхаарал хандуулж буй хэрэг” хэмээн онцолсон.
КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨХ ЕРӨНХИЙ САЙДЫН УРИАЛГА
Түүнчлэн ням гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг нийт иргэддээ уриалсан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулган дээр “Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт байх болно” гэж хэлсэн. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ вакцинд үе шаттай хамруулахыг Засгийн газрын эхний 100 хоногтоо багтаан зохион байгуулахын тулд бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах цорын ганц зам нь вакцин гэдэг нь ойлгомжтой. Дэлхийн хүн амыг 7 тэрбум гэж үзэж, өдөрт 16 сая тун вакциныг өнөөдрийн дундаж хурдаар тооцож, нийт иргэдийг хос тунд хамруулахад багадаа хоёр жил шаардагдана гэсэн тооцоолол гарсан. Одоогоор дэлхийн хүн амын дөнгөж 1.8 хувийг хос тун вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж, улс орнуудын Засгийн газар бүхэн хүн амаа вакцинжуулахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийн тулд шуурхайлан ажиллаж, хоёрдугаар сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346745 иргэн буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг вакцинжуулаад байна.
Засгийн газраас дөрөв, тавдугаар сарын дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж, иргэдийн оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургаадугаар сарын 1 гэхэд хөдөө орон нутгийн насанд хүрсэн бүх иргэдээ тус бүр эхний тунд хамруулж, долоодугаар сарын 1 гэхэд нийт иргэнээ хос тунд хамруулах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, эдийн засгийн эхний эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ. Олон улсын байгууллагууд үүнийг онцолж байна.
Хатуу хөл хорио тавихгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж, иргэн бүр вакцинжуулалтад хамрагдах нь эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх юм. Монголчууд та бид эвлэлдэн нэгдэх бүрдээ ялан дийлж, хагаран бутрах болгондоо уруудан доройтсоныг эх түүх маань сануулдаг. Цар тахлын эсрэг тэмцэлд улстөржилт, талцал хуваагдалгүйгээр иргэн бүр нэгдэн нягтарч, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээн уриалсан юм.
ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЖ ЭХЭЛНЭ
ЭМЯ-наас өчигдөр цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийнхээ үеэр вакцинжуулалтын тухай талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, холбогдох албаны хүн сэтгүүлчдийн асуултад хариулав. Засгийн газраас вакцинжуулалтыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгсөн эхний өдөр буюу ням гарагт 29628 хүн дархлаажуулалтад хамрагдаж, улсын хэмжээнд нийт 376373 хүн вакцины эхний тунгаа хийлгээд байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.
Вакцинд хамрагдаж буй иргэдийг дүүргээр нь авч үзвэл өчигдрийн 11.00 цагийн байдлаар Баянзүрх дүүрэгт нийт 101568 хүн дархлаажуулалтад хамрагдсан нь хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Харин Баянгол дүүрэгт 55007, Хан-Уул дүүрэгт 47239, Сонгинохайрхан дүүрэгт 44187, Сүхбаатар дүүрэгт 43430, Чингэлтэй дүүрэгт 39900, Налайх дүүрэгт 8618, Багануур дүүрэгт 6024, Багахангай дүүрэгт 766 иргэн дархлаажуулалтад тус тус хамрагдаад байсан аж.
Хөдөө орон нутгийн хувьд Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Төв, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгуудад дархлаажуулалт эхэлжээ. Аймгуудаас Өмнөговь аймаг хамгийн өндөр буюу 9676 иргэнээ дархлаажуулалтад хамруулсан бол Говь-Алтай аймгийн хэмжээнд 99 хүн вакцины эхний тунгаа хийлгэжээ. Онцолж хэлэхэд, ням гаргаас 18-49 насныхан хуваарийн дагуу вакциндаа хамрагдаж эхэлсэн. Мөн энэ сарын 9-нөөс вакцины хоёр дахь тунг хийж эхлэх юм. Ингэснээр өдөрт вакцинжуулалтад хамрагдах иргэдийн тоо 50-60 мянга хүрэх тооцоо гарчээ. Энэ долоо хоногоос хөдөө орон нутгийн эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний багийнхныг вакцинжуулах ажил эхэлж байгаа аж.
Үүний зэрэгцээ ахмад, өндөр настнууд, асаргаанд байдаг иргэдээ вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Улаанбаатар хотод 6895 өндөр настай хүмүүс бие даан гэрээсээ гарч чадахгүй, хэн нэгний асаргаа халамжид амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэж, дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Уг ажлыг ЭМЯ-ны Геронтологийн үндэсний төв, НЭМГ, МУЗН, ДЭМБ-ын туслалцаа дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд тавдугаар сарын 1-нээс өмнө дархлаажуулалтдаа хамрагдаж чадахгүй байсан ч санаа зовох юмгүй. Нас, насны ангиллаар хуваарийн дагуу дархлаажуулалтад хамруулсны дараа ахмад настан, асаргаанд байгаа иргэдийнхээ гэрээр нь очиж дархлаажуулалт хийх ажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн байна.
Үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сарууд эхэлсэнтэй холбоотойгоор хэсэгчилсэн хөл хорио тогтоосон зарим нэг шийдвэртээ өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол, Улсын онцгой комиссын даргын тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай захирамж гаргасан байна. Энэ захирамжаар коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудын долоо хоногийн амралтын өдрийг дөрөвдүгээр сарын 10-ны бямба, 11-ний ням гарагт байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан байна. Өөрөөр хэлбэл, ирэх амралтын өдрүүдэд их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй, амрах юм.
Г.Хангарди
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин