Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын томоохон байршлуудад барьж буй орон сууцны хорооллуудын төлөвлөлттэй газар дээр нь танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч байгаа билээ. Хотын дарга тухайн орон сууцны хорооллыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, орц гарц, автозамтай байх шаардлага тавьж, нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Засаг даргын Зам, тээвэр хариуцсан орлогч Б.Одсүрэн, нийслэлийн Газрын албаны дарга А.Энхманлай, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нарын хамт өчигдөр хэд хэдэн газар ажиллаж, холбогдох үүрэг даалгавар өгөв. Мөн иргэдийн санал хүсэлтэд үндэслэж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
“НУТГИЙН БУЯН”, “НЭХМЭЛИЙН ШАР” БАЙРНЫ ДУНД БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох “Нутгийн буян”, “Нэхмэлийн шар” байрны дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар дахин барилга барихаар газар ухсаныг оршин суугчид нь эсэргүүцэж буй. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт тухайн газар дээр ажиллаж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Иргэдийн төлөөлөл “Энд дахин төлөлтийн барилга байгаагүй. Жижиг цех байсан газрыг хашаа татаж, томруулсан. Хоёр орон сууцны дунд талын талбай байсан юм. Одоо газар ухсаар хажуу талын байрны суурь руу орсон. Энэ давчуу зайнд барилга барина гэдэг хэцүү. Хажуу талын байрнаасаа найман метрийн зайнд л барилга барих гээд байгаа юм. Хөл гишгэх газаргүй болж байна. Бидэнд хүүхэд тоглох тоглоомын талбай, ахмад настнууд нарлаж суух газар хэрэгтэй байна” гэдгээ уламжилж байлаа.
Тухайн орон сууцнуудын дунд барилга барихаар ухсан тус газрыг барилгатай нь хамт 1994 онд өмч хувьчлалаар авчээ. Тус газарт хэвлэх үйлдвэр ажиллаж байгаад 2016 онд барилгаа буулган шинээр барилга барих зөвшөөрөл авч, газар шорооны ажлаа эхлүүлэх гэтэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан гэдгийг нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулгадаа дурдлаа.
Хотын дарга тухайн газрын нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ оршин суугчдын төлөөллийн санал бодлыг сонссоны дараа тус газарт орон сууц бариулахгүй гэдгийг хэлж, иргэдээс санал авч, шийдэхийг даалгав. Тэрбээр “Доороо автомашины гарааштай, дээрээ ногоон байгууламжтай байх уу, эсвэл шууд ногоон байгууламж барих уу гэдэгт иргэд, оршин суугчдын санал хүсэлтийг авах хэрэгтэй. Мөн аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж, санал солилц. 1994 онд мөнгөө төлөөд хувьчлалаар авсан бол газрыг нь өөр газар дүйцүүлэх байдлаар шийд” хэмээн холбогдох албаныханд үүрэг өглөө.
Хотын даргыг зорьж ирэн нөхцөл байдалтай танилцаж, санал, сэтгэгдлийг нь сонсож, барилга бариулахааргүй болгосонд оршин суугчид талархаж буйгаа илэрхийлж байлаа.
ОРЦ ГАРЦЫГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА БАРИХЫГ ДААЛГАВ
Үүний дараа Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны “King tower” хотхоны төлөвлөлттэй танилцаж, орц гарцыг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэгийн барилга барих хэрэгтэйг санууллаа. "Эко констракшн"-ы барьж ашиглалтад оруулсан төлөвлөлтөөр таван гарц хийсэн ч компаниудын маргааны улмаас иргэд зөвхөн нэг гарцаар орж, гарч байгаа аж.
Тус газарт 5000 гаруй айлын орон сууц барихаар төвлөж, эхний ээлжийн 2000 гаруй айлынхыг ашиглалтад оруулжээ. Гэхдээ тус хороололд улсын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг огт бариагүйд, таван гарцтай байхаар төлөвлөсөн ч оршин суугчид нэг гарцаар орж, гарахын тулд хоёр цаг түгжирч буйд Хотын дарга шүүмжлэлтэй хандаж, төлөвлөсний дагуу нэмэлт гарч хийх шаардах бичиг хүргүүлж, сарын дотор шийдвэрлэхийг, мөн дараагийн ээлжийн орон сууцны төлөвлөлтийг дахин оруулж ирэхийг холбогдох албаныханд даалгав. Харин "Эко констракшн" компанид хандаж, холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй тохиолдолд барилга барих зөвшөөрлийг нь цуцлах хэмжээний арга хэмжээ авахаа дуулгав. Тэрбээр “Бид хувийн хэвшлээ дэмжинэ. Гэхдээ холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг дэмжихгүй. Хатуу хариуцлага тооцно. Улаанбаатар хот ямар ч төлөвлөлтгүй. Гамшиг болчихсон. Энэ асуудлыг хамтдаа засах хэрэгтэй” гэв.
Мөн тус дүүргийн "Хан хиллс" хотхоны гарцыг хоёр талд нь гаргах ёстойг сануулж, барилга барих зөвшөөрлийг Туул гол руу тулгаж олгосонд шүүмжлэлтэй хандаж, цуцлахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Түүнчлэн тус хорооллын урд талын нэг км замыг түргэн шуурхай үргэлжлүүлэхийг даалгаж, нийтийн эдэлбэр газар бол хамгийн чухал тул тухайн хэсгийг явган болон дугуйн зам, ногоон байгууламжтайгаар төлөвлөж, хийх ёстойг анхааруулсан байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин