70001921
info@nam.mn
Мэдээ

Б.ДӨЛГӨӨН: ЦАР ТАХЛЫН УЛМААС ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЗОГССОН, ДОГОЛДСОН ХЭСЭГТ АНХААРЧ БАЙНА

НамАдмин
2021/04/06

 

   Дэлхий нийтэд тархсан коронавирус манай улсыг тойроогүй. Эрүүл мэнд төдийгүй эдийн засагт томоохон сорилт болж байгаа учраас улс орон бүр өөр өөрсдийн арга барилаар цар тахалтай тэмцэж эхэлсэн. Манай улсын хувьд эхлээд эрүүл мэнд нэгдүгээрт гэж үзсэн бол эрүүл мэнд, эдийн засгийн аль алийг нь нэгдүгээрт тавих болсон. Тийм ч учраас Засгийн газраас 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэгвэл уг төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар эдийн засагчид хэрхэн дүгнэж байна вэ. Энэ тухайд эдийн засагч Б.Дөлгөөн “Засгийн газар 10 их наядын цогц төлөвлөгөөг сар гаруйн өмнө танилцуулсан. Гурван жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр гэдэг талаас, өнгөрсөн хугацааны гүйцэтгэлийг нь харахад боломжийн гэж дүгнэж болно. Мэдээж улам сайжруулах хэрэгтэй. Сайжруулахын тулд төр, хувийн хэвшил, банк талдаа ч хийх зүйл их байна. Төрөөс бодлогыг нь гаргаж байгаа. Ингэхдээ бодлогод суурилсан хэрэгжилтийг анхаарах шаардлагатай. Банкуудын хувьд 100 хувь барьцаагаа гаргах боломжтой аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээрт тавьж байгаа. Бүх аж ахуйн нэгжээ 100 хувь гэж үзвэл хамгийн түрүүнд эргэлтийн хөрөнгө нэмэх болон бусад зорилгоор гурван хувийн хүүтэй зээлийг барьцаа хөрөнгөтэй нь авч байна гэсэн үг. Төр хамааралгүйгээр банкан дээр өрнөж буй асуудал л даа. Дараагийн шатанд нь 40-50 хувийг хангаад үлдсэнийг нь Зээлийн батлан даалтын сангаар гаргах жижиг, дунд үйлдвэрийн газрууд хамрагдах болов уу гэсэн хүлээлт бий. Барьцаагүй ч ирээдүйд их ашиг олно гэсэн ялангуяа IT салбарынхан бас мөнгө босгоод явж байна. Өөрөөр хэлбэл, өндөр эрсдэл, өгөөжтэй сангуудаас хөрөнгө татаад явж байгаа. Түүнээс биш ямар ч барьцаагүйгээр зээл авах явдал дэлхийн аль ч улсад хүндрэлтэй байдаг. Жижиг, дунд гэхээр компани, байгууллагын түвшний асуудал. Өрхийн үйлдвэрлэл бол иргэдийн зээлд орно. Иргэдийн зээл дотроо хэрэглээний эсвэл үйлдвэрлэлийн чиглэлийн зээл гээд явчихдаг. Үйлдвэрлэлийн чиглэлийн зээл гэхээр өрхийн үйлдвэрлэгч зээл авч болохгүй гэсэн үг биш шүү дээ. Өрхийн үйлдвэрлэгч зээл авах боломжтой. Сүүлийн статистик харахад 19 мянган хүсэлт ирүүлснээс 2000 иргэн зээл авсан байна. Тэд хашаа байшин, орон сууцаа барьцаалдаг. Огт барьцаагүй өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг гэвэл эргэлзээтэй. Ядаж нэг оёдлын машин, тоног төхөөрөмжтэй байж таарна. Тэрийгээ барьцаалаад зээл авч болно. Ер нь 10 их наядын цогц төлөвлөгөөг богино болон дунд хугацаагаар харах хэрэгтэй. Одоо хэрэгжиж буй хөтөлбөрийн тухайд цар тахлын сөрөг нөлөөг бууруулахад чиглэж байгаа гэдэг утгаараа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан ч цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсож, эргэлтийн хөрөнгөө хөл хорионы үед хэрэглээд дууссан учраас яахаа мэдэхгүй байдалд орсон зүг рүү чиглүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, “гал унтраах” чиглэлд түлхүү анхаарч байна гэсэн үг” гэлээ.

М.Өнөрөө
Эх сурвалж: ""Монголын үнэн" сонин


 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.