70001921
info@nam.mn
Мэдээ

НИЙСЛЭЛД ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ, ЗАРИМ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАНА

НамАдмин
2021/04/01

 
 
   Улаанбаатар хотод бүх нийтийн хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа гаргалаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт эрдэмтдийн баг эрсдэлийн үнэлгээ хийж, халдвар их тархаж буй салбар, аж ахуй нэгжүүдийг тодорхойлсон байна. Эрсдэлтэй тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ сарын 3-наас 18-ны хооронд хязгаарлаж, тодорхойцагийн зохицуулалт хийх байдлаар ажиллах УОК-ын Шуурхайажлын хэсгээс гаргасан саналыг дэмжиж, холбогдох шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал, тавдугаар сарын 1-нээс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, тандалт судалгааны өргөтгөсөн багийг ажиллуулж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх ажилд онцгой анхаарал хандуулах зэрэг холбогдох шийдвэрийг гаргасан байна. Энэ нь цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлоготой холбоотой юм.
Дээрх хугацаанд буюу энэ сарын 3-наас 18 хүртэл ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй бол хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх юм байна. Харин үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллана.
Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах зэрэг зарим нэг зохицуулалт хийжээ. Тодруулбал, худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх, Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллахаас гадна амралтын өдрүүдэд ажиллахгүй. Хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд орон нутаг руу зорчих автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

 
ГАДААДААС ИРЭХ ИРГЭДИЙГ ДОЛОО ХОНОГ ТУСГААРЛАНА
Тодорхой зохицуулалт хийх зорилгоор нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх, 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах, хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах, барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах ажлын хэсгийг байгуулах юм байна.
Тандалт судалгаа, дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх, гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага, эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг гэрийн эмчилгээний багц хүргэхээр болов. Мөн гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгож, 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих, тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах шийдвэрийг гаргажээ. Мөн энэ хүрээнд орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг, энэ сарын 5-наас өмнө орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид зэрэг зорилтот бүлгийнхнийг дархлаажуулахаар болов. Энэ мэтээр долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна. Гуравдугаар сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд 290108 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.
ЦАР ТАХЛЫН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМЧ, АЖИЛТНУУДАД УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Засгийн газар ээлжит хуралдаанаараа дээрх шийдвэрийг гаргахаас гадна Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах зарим арга хэмжээ, боловсролын салбарын цахим шилжилт зэрэг 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн бөгөөд үүнд тусгасан таван бодлого, 20 зорилт, 127 арга хэмжээний биелэлт өнгөрсөн оны эцсийн байдлаар 75.9 хувьтай гарсан байна.
Засгийн газраас гаргасан дараагийн онцлох шийдвэр нь эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгох юм. Үүнд шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна. Халдварын голомтод 2230 эмч, ажилтан, 1100 резидент эмч ажиллаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа боловч халдварын тоо өсөж, эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл нэмэгдсээр байна. Ажлын ачаалал, эрсдэлтэй нөхцөл зэргээс болж эрүүл мэнд, гэр бүлийнхнийх нь болон хувь хүний сэтгэл зүй хямрах, халшрах, ажиллах урам зориггүй болох зэрэг бэрхшээл гарч байгаа аж.
АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХҮРЭЭНД 153 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд Ажлын байрыг дэмжих зээл олгож байгаа билээ. Энэ хүрээнд гуравдугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг аж. Урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн тухайд 1078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг аж. Харин 2043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна.

М.Өнөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
 
 
 


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.