“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр дүнтэй бондын арилжааг нээснээ зарлаад байна. Тус компаниас төгрөг болон ам.долларын хосолсон буюу хоёр их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй, гурван үе шаттай бондыг олон нийтэд санал болгон, арилжааг эхлүүлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэхүү бондыг гурван үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаалах бөгөөд хоёр их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлнэ. Ингэснээр Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Тавантолгой” дулааны цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх юм. Олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам.долларын нийт 20 сая ширхэг хүртэлх бондыг СЗХ өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ тухайд “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажлын хүрээнд Засгийн газраас баталсан 2021 оны 42 дугаар тогтоолын дагуу СЗХ хөрөнгийн зах зээлийн өсөлтийг эрчимжүүлэх урт болон дунд хугацааны томоохон бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, анхны хамтын хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөрийн бус нээлттэй арилжих боломжтой мөн түрээслээд өмчлөх хэлбэрийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бий болгох, гадаадын болон дотоодын хөрөнгийн бирж хооронд үнэт цаасыг чөлөөтэй хөрвүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Харин энэ удаагийн “Эрдэнэс-Тавантолгой” ХК буюу төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс анх удаагаа дээр нь олон нийтэд санал болгон гаргахдаа хамгийн өндөр мөнгөн дүнтэй төгрөгийн болон ам.долларын хосолсон өрийн хэрэгслийг дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх гэж байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргахаас гадна Монгол Улсын макро эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, ажлыг байрыг нэмэгдүүлэх цаашилбал олон жил яригдаж байгаа дэд бүтцийн томоохон төслүүд эхлэх боломж бүрдэж байна” гэлээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин