Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналт хураалтыг ирэх зургаадугаар сарын 9-нд орон даяар явуулах тогтоолыг УИХ-аас баталсан. Үүнтэй холбогдуулан хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд ирэх сарын 9-ний өдрөөс эхлэн зогсоох юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” хэмээн заажээ. Мөн тус хуульд зааснаар иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргах аж. Түүнчлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх зохицуулалт нь ээлжит, ээлжит бус, дахин сонгуульд нэгэн адил хамаарах зохицуулалтыг тус хуульд тусгасан байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зохион байгуулахаараа онцлогтой. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” хэмээн заасан байдаг.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин