Урин дулаан цаг ирж, барилгын салбарын ажил ид өрнөж эхэлсэнтэй холбоотой багагүй асуудал үүсэх болов. Тодруулбал, холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж, барилга байгууламж барьж буйд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, нэгэн компани Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцнуудын дунд 16 давхар барилга барих ажлыг эхлүүлжээ. Мөн Сэлбэ голын хамгаалалтын зурваст барилгын үйл ажиллагаа зөвшөөрөлгүй явуулж эхлээд буй. Тухайн нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэд энэ мэт асуудалд шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Тэгвэл үүсээд буй эдгээр асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын амин судас бол хот төлөвлөлт. Бид зөв төлөвлөлт хийж байж хотын үнэ цэн өснө. Үүнийг дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Тиймээс зөв төлөвлөлттэй ажиллах ёстой” хэмээн онцлоод зарим барилгын ажил болон газрын маргаантай холбоотой асуудлыг яаралтай шийдэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгчээ. Тухайлбал, Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко констракшн”-ыг хууль дүрмийн хүрээнд ажиллуулахыг үүрэг болгосон байна. Тэрбээр “Эко констракшны гаргаж байгаа зохисгүй үйлдлийг яаралтай засаж, залруулж, хууль, журмын хүрээнд ажиллуулах хэрэгтэй. Шаардлагатай бол “Эко констракшны захирал С.Нямдаваагаар иргэдээс уучлалт гуйлга. Газар дээр нь дагуулж очоод танилцуул, тэр газрыг буцаагаад хэвийн байдалд нь оруулах арга хэмжээ ав. Норм, дүрэм, журмаа барьж ажиллах ёстой. Тэрийгээ зөрчвөл сануулаад, болохгүй бол газрын эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ ав” хэмээн даалгажээ.
Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд үүсээд буй асуудлын тухайд холбогдох аж ахуйн нэгжүүд рүү албан бичиг явуулах үүргийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч өгсөн байна. Тэрбээр “Тэнд ногоон байгууламж, эсвэл цэцэрлэг байх ёстой. Дөрвөн байшингийн дунд дахиад байшин барина гэж байхгүй. Тийм учраас аж ахуйн нэгжүүд рүү цуцлах мэдэгдэл хүргүүл” хэмээн холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
С.ЮМСҮРЭН
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин