Сүхбаатар Мах маркет ХХК мах авч эхэллээ.

2015 Оны 12 Сарын 14

Гурван жил зогсонги байдалтай байсан “Сүхбаатар Мах маркет” мах боловсруулах үйлдвэр ажиллаж эхэллээ. Нийслэлийн иргэдийг мах махан бүтээгдэхүүнээр хангах үйл ажиллагаа эрхэлдэг Капитал маркет компани Сүхбаатар Мах маркет ХХК-ийг худалдан авч ийнхүү үйл ажиллагааг нь сэргээгээд байгаа юм. 12 сарын 16-наас өөрийн зоориндоо бүх төрлийн махыг авч эхлэнэ, харин 2016 оноос малыг амьдаар нь авах юм байна.
Малчид ард иргэдийн гар дээрээс махыг Улаанбаатарын ханшаас 100-200 төгрөгийн доогуур үнээр  худалдан авч, түүнийгээ төрөлжүүлж, жижиглэн  ангилан савлаад буцаагаад аймгийн иргэдэд нийлүүлнэ. Ингэснээр малчид цаг хуацаа, бензин тосоо гарздан заавал Улаанбаатар хот орно гэхгүй аймаг орон нутагтаа мал, махаа өгөх боломжтой болж байгаа юм. Нөгөөтэйгүүр иргэд ч хаврын цагт зориулалтын газар хадгалдж нөөцөлсөн махыг худалдан авч хэрэглэх боломжтой.
Тус үйлдвэр нь ээлжиндээ 500 бог эсвэл 100 бод нядлах хүчин чадалтай, 20 тоннын гүн хөлдөөх, 700 тоннын хөлдөөсөн мах хадгалах зоорьтой. Үйлдвэрийн байрыг худалдан авч 230 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж, тоног төхөөрөмжийг шинэчилжээ. Одоогоор нийт 13 ажилтантай, бүгд орон нутгийн хүмүүс.
Сүхбаатар мах маркет үйлдвэрийг өмнө нь Жаст Агро компани эзэмшиж байсан бөгөөд 7 жил үйл ажиллагаа эрхэлж байгаад 2012 оноос зогсоод байсан юм.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг