Шинээр спортын мастер 1, спортын дэд мастер 6 төрлөө.

2015 Оны 12 Сарын 7

Сүхбаатар аймгийн “Оюутан Залуучуудын Хөгжлийн Төв” ТББ-ын 10-н жилийн ойн хүрээнд тус төвийн тэргүүн Болдын Жавхлангийн санаачлагаар  зохион байгуулагдсан “SB LEAGUE-2015” сагсан бөмбөгийн лигийн анхдугаар тэмцээн 3 сарын турш Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тус тэмцээний хаалт буюу, аваргын төлөөх тоглолт Баруун-Урт хотноо зохион байгуулагдсан юм. Сагсан бөмбөгийн баяр нэртэй хаалтын арга хэмжээний үеэр Сүхбаатар аймгийн сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлагч С. Мөнхбаяр спортын мастер, шигшээ багийн тамирчин Дамдинсүрэн, Золбаяр, Золжаргал, Энхтөр, Саранхүү, Одбилэг нар спортын дэд мастер цолны болзол хангаж ЭМС-ын сайдын тушаалаар цолны үнэмлэх тэмдэгээ гардан авлаа.

Ингэж багийн спортоор нэгэн дор ийм олуулаа спортын цолны болзолыг хангаж, авч байсан тохиолдол Сүхбаатар аймагт анх удаа гэлдгийг албаны хүн онцолж байлаа.

Сагсан бөмбөгийн баярын хаалтанд зориулж SBL Хасын хүлгүүд, Сүхбаатар аймгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн нь үзэгч олныг хөгжөөж, Сүхбаатар аймгийн сагсан бөмбөгийн спортын хөгжлийг харуулж чадсан сонирхолтой үйл явдал болсон юм.

Сүхбаатар аймгийн шигшээ баг нь сүүлийн хэдхэн сарын хугацаанд улсын чанартай гурван томоохон тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртээд байгаа билээ.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг