40 жилийн түүхийг “өмчлөгсөд” Монгол-Оросын харилцаанд сэв суулгаж мэдэх нь

2016 Оны 5 Сарын 14

Өнөөдөр Монголын зууны манлай бүтээн байгуулалт, хуучнаар ЗХУ, одоогийн ОХУ-Монгол улсын найрамдлын бэлэг тэмдэг болсон Эрдэнэт хотын 40 жилийн ойн ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Уг ойг Орхон аймгийн наадамтай хамтруулан 07-р сард тэмдэглэхээр төлөвлөсөн ч тодорхойгүй шалтгаанаар баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагааг нь ийнхүү 5-р сард буюу сонгуулийн өмнө ёслон тэмдэглэхээр болсон. Шагнал гардуулалт, А.Амарын хөшөөнд цэцэг өргөх ёслол, мөн Эрдэнэт хотыг “Сүхбаатар”-ын одонгоор шагнасныг хүлээн авах зэрэг хүндэтгэлийн үйл ажиллагаанаас бүрдсэн тэгш ойн баяр чамгүй асуудал дагуулах төлөвтэй. Эрдэнэт хотын 40 жилийн ойг эх түүхээс нь салгаж, бүтээн байгуулагчдаас нь холдуулж зөвхөн нэгээхэн цаг мөчлөгт засаглагчид “намдаа хувьчлан” явуулсан нь Эрдэнэтчүүдийн дургүйцлийг төрүүлсэн юм. Зууны манлай бүтээн байгуулалтыг 40 жилийн турш цогцлоосон хүмүүсийг байтугай ОХУ-аас Эрдэнэт хотноо суугаа консулыг ч ёслол хүндэтгэлийн өргөөндөө залсангүй, хүндэтгэлийн индэрт урьсангүй. Москва хотноо ажиллаж  байгаад зөвхөн энэхүү үйл ажиллагааг зорьж, хоёр улсын өн удаан жилийн баялаг түүхт найрамдалт харьцааг төлөөлөхөөр ирсэн  Р.Р.Ракшаева энэ байдалд дургүйцлээ илэрхийлээд үйл ажиллагааг дундаас нь орхиж явав. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд ОХУ-ын тусламж дэмжлэгээр, энэ улсын үй олон мэргэжилтэн-ажилсаг хөвгүүд, охидынх нь гар, сэтгэл оролцож бүтсэн бүтээн байгуулалт-Эрдэнэт хотын 40 жилийн ойд ОХУ-ын төлөөлөлд үг хэлэх бүү хэл хүндэтгэлийн индэрт гарах эрх олдоогүй нь энд цугласан жирийн иргэдийн гайхшийг барав. Дөрөвхөн жилийн хугацаатай эрх мэдэлдээ халуурагсдын энэ үйлдэл хоёр улсын харилцаанд ч сэв суулгаж магадгүй нь. Монгол-Орос хоёр улсын харилцааны анхаарлын төвд байдаг Эрдэнэтийн удирдлагуудын уг алсын хараагүй үйлдэлд мөнхийн хөрш эх гүрэн нь ямар нэг хариу барих нь гарцаагүй. Харин түүний хор уршигыг нь америк маягын ардчиллаар туйлагсад бус жирийн иргэд- Эрдэнэтчүүд хүртэж мэднэ. Дээдсийн тэнэглэлийн хор уршиг жирийн олондоо шууд ирсэн энэ дөрвөн жилд Монголчууд үүнийг сайтар ухаардаг болоод буй. Одоо ч стратегийн бүтээгдэхүүний хувьд бүрэн хараат байдаг, хуучны найрсаг харилцаат ОХУ-аа үл тоомсорлох нь ямар хор уршигт хүргэдгийг Үүл даргын хариуцлагагүй үгний балгаас харагдаад өнгөрснийг олон нийт одоохондоо мартаагүй байгаа. Үүний зэрэгцээ Эрдэнэт хотноо ямар ч ажил төрлийн холбоогүй М.Батчимэг гишүүнээ байнга хүндэтгэн залдаг АН-ын удирдлага Эрдэнэт хотоос иргэдийнх нь итгэлийг хүлээн төр түшилцэж буй УИХ-ын гишүүн, Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэртэй, яг өнөөдөр дурсагдах ёстой хүнийн нэг, МУ-ын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсны хүү Содбилэгийг хүндэтгэлийн тайзнаа урьсангүй. Төрийн дээр нам  гарч, түмний бүтээн байгуулалт, баяр цэнгэл бүгдийг намчирхан хувьчилдаг болсон нь үүнээс дэндүү тод харагдлаа. Өнөөдөр Эрдэнэтийн 40 жилийн ойг тэмдэглэж, нүүр “баатар” зогсч байгаа эрхэмүүд үнэндээ 4-хөн жилийн настай ч “бүтээн байгуулалт” хийж чадаагүйг олон түмэн харсаар, мэдсээр байгаа билээ...