Орхон аймгийн МАН-ын хороо эв, хүчээ нэгтгэсэн шийдэлд хүрч чаджээ

2016 Оны 3 Сарын 28

       Орхон аймгийн МАН-ын хорооны хурал энэ сарын 27-нд болж, 2015 оны МАН-ын хорооны ажилд үнэлгээ дүгнэлтээ өгөхийн зэрэгцээ ирэх сонгуульд оролцох бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга О.Содбилэг, МАН-ын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, МАН-ын бага хурлын гишүүн Н.Энхтайван нар оролцож ажлын тайлангаа тавьсан. Мөн хурлын үеэр намын дотор үүсээд байсан зөрчлийн асуудалд эв эеийн цэг тавьж, нэгэн зорилгийн зүгт нэгдэж чадсан нь хамгийн том амжилт байлаа. МАН-ын дотоод асуудал, үүсээд буй цаг үеийн бэрхшээл, нийгмийн хүндрэл, өрийн дарамтаас шалтгаалаад итгэл хүлээлгэж ойртон буй сонгуульд найдлага тавьж буй жирийн гишүүд, нийт ард иргэдийн анхаарлын төвд орчихоод байсан. Тэгвэл улс төрийн ууган хүчний Орхон аймаг дахь хороо дотоод ардчилалтайгаас гадна асуудлаа бүгдээрээ хэлэлцээд шийдэж чаддаг, эв нэгдлээ хангаж, нэгэн зорилгийн зүг мөр зэрэгцэн алхаж чаддаг журмын нөхөд-хамт олон болохоо харууллаа. Гишүүдийн санал шүүмжлэл, урмын үг, санаачлага, идэвхи дунд үргэлжилсэн намын хорооны хурал МАН-ын бага хурлын шийдвэрийн дагуу тэргүүлэгчид, намын хорооны гишүүдийнхээ тоог нэмэгдүүлж, бүтцийн зарим өөрчлөлтийг хийснээр өндөрлөсөн юм.