Т.АЛТАНСҮХ: ХУВИЙН ХЭВШИЛД ХҮРТЭЛ ЭНЭ УЛС ТӨРЖИХ ӨВЧИН ХАЛДВАРЛАЧИХАЖ

2015 Оны 12 Сарын 10

- Юуны өмнө танд сониноороо дамжуулан уншигчидтайгаа мэндчилэх боломж олгоё? 
- Өмнөговьчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан намаржиж байна уу? Энэ зун манай аймагт зуншлага харьцангуй сайхан байлаа. Удахгүй налгар намрыг үдэж өвөлтэй золгоно. Малчид, иргэд та бүхэндээ өнтэй сайхан өвөлжихийн ерөөлөөр ярилцлагаа эхэлье. 
- Танай нам энэ зуныг нэлээн шаргуу их ажилтай өнгөрүүлэх шиг боллоо. БИД ХАМТДАА аян өрнүүлж байгаа талаар ушигчдад мэдээлэл өгнө үү?
Олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. МАН-ын удирдах зөвлөл, аймгийн намын хороо намынхаа бодлого шийдвэрийг иргэд олон түмэндээ хүргэх, таниулах тэдний санаа бодлыг сонсохоор “БИД ХАМТДАА” аяныг өнгөрсөн зургаан сард улсын хэмжээнд өргөн хүрээтэй зохион байгуулсан. Манай намаас сонгогдсон УИХ, болон Засгийн газрын гишүүд, аймгийн намын удирдлагууд гээд бүх шатны сонгуультнуудаа оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй сумдаараа явж иргэд сонгогчидтой уулзан тэдний санал бодлыг сонсохын зэрэгцээ амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдээр орж сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ. Намдаа болон улс орондоо олон жил ажилласан ахмадуудтайгаа уулзлаа. Мөн урлаг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Аяны хүрээнд аймгийнхаа 19300 өрхөд “Бид хамтдаа” гэсэн захидлыг хүргэх ажлыг зохион байгуулж байна. Мөн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын ээлжит чуулганыг сум бүрийн төлөөлөл оролцуулан нийт 300 гаруй бүсгүйчүүдийг хамруулсан “ХАТАН УХААН” чуулганыг амжилттай зохион байгууллаа. Даланзадгад сумын8 багийн ахмадуудаа “Ахмадын аялал” хөтөлбөрт хамруулж нийт 240 гаруй ахмад хамрагдсан үр дүнтэй арга хэмжээ боллоо. Нийгмийн бүх салбарынхантай уулзаж санаа бодлыг нь сонсох арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Ер нь олон түмнээ сонсож асуудлын гүнд нь орсон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Улс орны одоогийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал их хүнд байгаа нь илүү их мэдрэгдэж байгааг иргэн бүр хэлж байна. Эрх баригчдын гаргаж байгаа буруу үйлдэл ард түмний амьдралд дарамт болж иргэдийг бухимдуулж байна. Энэ төр засаг эзэнгүй, удирдлагагүй хий хоосон болчихлоо гэж хааяагүй уулзсан, ярилцсан хүн бүр л хэлээд байна. 
- Өмнөговийнхоо өрх бүрт илгээж байгаа захидлын талаар тодруулахад?
- Дээр би хэлсэн БИД ХАМТДАА аяны хүрээнд аймгийнхаа 15 сум, 58 баг, малчны хот, уурхайчны хотхон гээд нийт 19300 өрхөд захиагаа хүргэж аминчлан үгийг нь сонсож, ард иргэдийнхээ үнэтэй саналыг үйл хэрэгтээ тусгах, ажил хэрэг болгох зорилготой юм. Аймаг орон нутгийн өмнө тулгамдаж байгаа ямар асуудлууд байна, шийдлийн ямар гарц байгаа вэ? Ер нь өнөөдрийн төр засгийн бодлого шийдвэрүүд хөрсөн дээр, амьдрал дээр хэрхэн бууж байна вэ? цаашид юуг анхаарвал болох вэ? гэх мэтчилэн олон асуултын учгийг ард иргэдээсээ захианы хариугаар авах юм. 2016 оны сонгууль хаяанд ирлээ. Сонгуульд намууд мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг. Энэ мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа бид мэдээж хэрэг эрдэмтэн судлаачид, төр нийгмийн олон зүтгэлтнүүд мэргэжлийн түвшинд мөрийн хөтөлбөрөө боловсруулна. Гэхдээ иргэд маань яг юу хүсч байна, амьдрал дээр ямар асуудал байна гэдгийг нь иргэдээс өөрсдөөр нь хэлүүлж аваад салбар бүрээр нь багцлаад 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулж өгснөөр бодит амьдралд нийцсэн мөрийн хөтөлбөрийг МАН гаргаж тавих юм. Захидлын хариуг МАН-ын байрны үүдэнд байрлуулсан захидлын хайрцагт авч байгаа ба иргэд маань захидал хүргэж очсон хүмүүст захианы хариуг эргүүлэн өгч болно гэдгийг хэлье. 
- Намын хэрэг эрхлэх газрын даргын хувьд одоо хэлэлцэгдэх сонгуулийн хуулиудын тухай ямар байр суурьтай байгаа вэ? Ер нь танай намын байр суурь ямар байна?
- Улс төрийн намууд сонгогч олон түмнээ гэхээсээ илүүтэйгээр өөр өөрийн боломжит хувилбаруудаа зүтгүүлж байгааг бүгд л харж байгаа шүү дээ. Манай намын хувьд иргэдээсээ асууж байгаа. Тэдний хүссэн хувилбарыг л хууль болгон батлах хэрэгтэй гэж боддог. Иргэд УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагтай гэж үзэж байна. Хэд хэдэн ноцтой алдаа 2012 оны сонгуулиар гарсан гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, иргэд ард түмний төлөөлөгч УИХ-ын гишүүнээ ард түмэн шууд сонгодог байхыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл жагсаалтаар сонгодог байхыг огт дэмжихгүй, байж болохгүй хувилбар гэж үзэж байна. Хоёрдугаарт, тооллогын дүнг хар машинаар тоолохгүй гараар тоолдог байхыг шаардаж байна. Ядаж л гараар дахин тоолж баталгаажуулдаг байх хэрэгтэй. Миний хувьд орон нутаг болон УИХ-ын сонгуулийг нэг хуулиар нэг удаа хийдэг болвол зүгээр гэж боддог. Хүн хүчний хувьд ч, хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд ч бүх талаасаа хэмнэлттэйн дээр ард иргэдийнхээ нам болж талцах хугацааг нь хагас жилээр ч гэсэн багасгах боломжтой. 
- Манай аймгийг их улс төрждөг гэдэг? Орон нутгийн өнөөгийн удирдлагын үйл ажиллагаанд хэрхэн дүгнэлт өгч байгаа вэ?
- Мэдээж хэрэг эрх барьж байгаа том дарга нар, эсвэл цөөнх болсон бид энэ асуултанд өөрийн өнцгөөс хариулах нь зохимжгүй. Тиймээс иргэдээсээ асууж байгаа. Иргэдээс ирж байгаа санал хүсэлтийн дийлэнх нь орон нутгийн удирдлагуудын хууль бус үйл ажиллагааг шүүмжилж байна. Иргэд нь цалингаас цалингийн хооронд, банкны өртэй зүдрүүхэн амьдарч байхад дарга нар “цалингаараа” яаж амьдарч байгааг та бүхэн харж байгаа шүү дээ. Энд тэнд өндөр барилгууд, үнэтэй хауснууд тэр даргын байр, энэ даргын байр гээд хүмүүс ам дамжин шуугидаг болсон нь үнэн шүү дээ. Ер нь улс төржилт хэрээс хэтэрч байна. 2008 оноос хойш төрийн албан хаагчдыг улс төржиж олноор нь халсан, одоо энэ асуудал бүр улам даамжирч сумд руугаа халдварласан. Саяхан Цогт-Овоо сумын ЗДТГ-ын даргыг Засаг дарга нь улс төржөөд ажлаас гаргасан байх жишээтэй. Хувийн хэвшилд хүртэл энэ улс төржих өвчин халдварлачихаж. Ажилд авахдаа намын харъяалал харах, улмаар сонгуулиар нэр дэвшүүлэх, үгүйдээ л сонгуульд ажиллах үүрэгтэй томилдог болж. Ардын намын даргатай сум ажлыг хичнээн сайн хийгээд ч 14, 15 дугаар байрт, харин АН даргатай бол муу ч байсан эхний байруудад ордог болсон. Тэгээд суманд нь очоод танайх тэдэд орлоо сайн, муу гээд тархи угаадгаа энэ дарга нар болих хэрэгтэй. Сум бүрийн онцлог хүн ам, эдийн засгийн чадавхи, газар нутгийн онiцлог, амьдралын хэв маяг гээд бүгд өөр шүү дээ. Уурхайтай сумыг жижиг сумуудтай харьцуулах нь зохимжгүй, хоцрогдсон арга. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтууд нэмэгдэж, бодит ажил хийгдэж байна. Гэхдээ гүйцэтгэл, үр дүн чухал. Аймгийн үерийн хамгаалалтын далан нэг удаагийн ширүүн борооноор сэтэрч, дахин засварлах зардал гарч байх жишээтэй. Засмал замууд тавигдаж байгаа боловч шаардлага хангахгүй борооны усанд цөмөрч, эвдэрч, дахиад л зардал, тэгээд далан давхар нөхөөс... Цэцэрлэг сургуулийн хүрэлцээ, хангамжийг хичнээн жил ярив, шийдэгдээгүй л байна. Мөн аймгийн эрүүл мэндийн салбараар энгийн иргэд нь үйлчлүүлдэг, харин дарга нар нь болохоор гадаадад эмчлүүлдэг. Боловсролын салбар мөн л хэцүү байна шүү дээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг хар, улсдаа сүүл мушгиад явж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хамран сургалт 80 хувь, өмнөх оноос нэмэгдлээ гэж ярьж байгаа боловч амьдрал дээр цэцэрлэгт хамрагдах ёстой таван хүүхэд тутмын нэг нь гэртээ цоожлуулж байна шүү дээ. Гэтэл дарга нарыг нь боловсролын салбарт ээлтэй гэж ирээд л шагнаж байх, нөгөөх нь ичих ч үгүй авч байх жишээтэй л байна шүү дээ.
- 2016 оны сонгуульд намууд нэгдсэн мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх нь тодорхой. Гэхдээ тухайн намын боловсон хүчний байдлыг нэлээдгүй харгалзаж үзэх байх л даа? Намын гал тогоог удирдаж байгаа хүний хувьд?
- Бид ярьдаг даа, мөнгөөр биш мөнчигрөөрөө үнэлэгдсэн хүмүүс энэ орон нутгийг хөгжүүлнэ гэж. Үнэхээр ч боловсон хүчний асуудал бол улс төрийн намын хамгийн үнэ цэнэтэй бодлого байх учиртай, боловсон хүчнээрээ дамжуулан төрийн бодлого шийдвэрт оролцдог. Бид намынхаа боловсон хүчнүүдийг системтэйгээр бэлдэж мэдлэг боловсролыг нь байнга дээшлүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Ер нь манай намыг боловсон хүчин сайтай гэж иргэд хэлдэг. Өнгөрсөн хугацаанд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад намын дарга Н.Наранбаатар, АНУ-ын Калифорнийн Их сургууль, гишүүн С.Цэрэнбаяр, Австралийн Macquarie Их сургууль, З.Амарсанаа, АНУ-ын Virginia их сургуулиудыг мөн зарим гишүүд маань Энэтхэг, Солонгос, Тайвань зэрэг улсуудад мастерт улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцаад ирсэн. Мөн дотоодын их дээд сургуулиудад магистерийн түвшинд 8, Удирдлагын академид 10 орчим намын гишүүд дэмжигчдийг сургаж байна. Төрийн албаны туршлагатай, орон нутгийн удирдах түвшинд олон жил ажилласан, анх удаа аймгийн захиалгаар АНУ-ын нэр хүнд бүхий их сургуульд сурч төгссөн, өндөр боловсролтой хүн манай намыг удирдаж байна. Практикаас харахад аймаг, сумын ИТХ, Засаг дарга гээд Төрийн захиргааны бүх түвшний ажлыг манай намын боловсон хүчнүүд хариуцлагатай нэр хүндтэй хийж байсан, хийж ч байгаа. Манай нам боловсон хүчин бүрдүүлэх, шилж сонгох журмын хүрээнд МЕРИТ зарчмаар боловсон хүчнээ шилж томилдог уламжлалтайг иргэд маань мэддэг, сайшаадаг шүү дээ. Ард түмэн төрийн эрхийг ухаалаг, боловсролтой, чадвартай, алсын хараатай зөв удирдагчдаар жолоодуулдаг. Харин улс төрийн намууд тэр удирдагчдыг нь бэлтгэн нийлүүлэх үүрэгтэй. Бид үүргээ өнгөрсөн хугацаанд сайн биелүүлсэн гэж бодож байгаа. Одоо харин ард түмэн маань ачаа үүрүүлж итгэл хүлээлгэх байх гэдэгт бүрэн итгэж байгаа шүү.
- МЗХ-ны дарга Алтансүх ажлаа өгсөн, булаалгасан гэх явдлын тухай?
- Аймгийн залуучуудын холбооны албан тушаалыг авсан өгсөн талаар би дахин ярих шаардлагагүй гэж үздэг. Асуусан учраас өөрийн бодлоо хэлье. Залуучуудын холбооны даргыг яаж авсан нь хэн авсан нь чухал биш ээ. Нутгийн залуучуудаа, найзуудаа талцуулах, улс төржүүлэх, урмыг нь хугалах ажлыг дахин давтахгүй байх нь чухал. Бүх зүйл цаг хугацаатай, тухайн цагт нь асуудлыг үлдээгээд гэрэл гэгээтэй хүчирхэг амьдрах хэрэгтэй шүү дээ. Бид бүгдээрээ л аймаг, сумаа хөгжүүлэх алсын бодол тээж яваа нэг үеийн залуучууд. Энэ л нутагтаа хэдэн арван жил мөр зэрэгцэн амьдарна. Миний хувьд аймгийн залуучуудын байгууллагыг удирдаж өөрийнхөөрөө ажиллаж явсан цаг хугацаа үнэхээр үнэ цэнэтэй тод дурсамж болон үлдсэн. Залуучуудын холбоогоо сэтгэлээрээ дэмжиж, хамтран ажиллах болно.
- Өмнөговь аймгийнхаа хөгжлийг ойрын хоёр жилээр хэрхэн төсөөлж харж байна? Анхаарах асуудал юу байна.
- Мэдээж хэрэг гэрэлтэй сайхнаар төсөөлөлгүй яахав. Гэхдээ хараад суух биш бид өөрсдөө хөдөлмөрлөх ёстой. Өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн асар их нөөцийг байгаль орчиндоо ээлтэйгээр зөв зохистой ашиглах, орж ирсэн хөрөнгө мөнгийг үр ашигтай зүйлд зарцуулах, эдийн засгаа солонгоруулах, нэг зүйлээс хэт хамааралтай байхаас сэргийлэх хэрэгтэй гэж боддог. Эцсийн дүндээ хүнээ хөгжүүлэх асуудал л хамгийн чухал байх даа. Хөгжсөн хүн л хөгжил авчирна. Хүний эерэг хөгжил бол хамгийн том бөгөөд зөв хөгжил. Боловсролтой эрүүл хүнээс бүтээмж өндөр гардаг. Тийм учраас миний яриад байгаа боловсролын болон эрүүл мэндийн салбарыг онцгой анхаарах ёстой. Тэр тусмаа боловсон хүчин бэлдэх асуудлыг гол анхааралдаа байлгах хэрэгтэй. 
- За ажил алба, улс төрийн асуудлаар нэлээд ярилцлаа. Өмнөговь аймгийн шинэ үеийн төлөөлөл болж яваа залуу хүний хувьд өөрийн тань тухай хэдэн асуулт асууя. Ямар мэргэжилтэй вэ?
- Би эдийн засагч математикч мэргэжилтэй. Хүн амьдралдаа тасралтгүй суралцаж байх ёстой гэж боддог. Удирдлагын академийг төрийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Одоогоор төрийн удирдлага, хүний нөөцийн чиглэлээр магистарт суралцаж байна. За тэгээд зав зай гарвал ном сонин уншихаас эхлээд өөрийгөө аль болох хөгжүүлэхийг зорьдог. Хүн ер нь өмнөх үеэ гүйцэж түрүүлэх, хойч үедээ гүйцэгдэхгүй байхыг хичээж мэрийх хэрэгтэй гэдэг дээ.
- Та хэр баян хүн бэ?
- Хийж байгаа ажил, хүсэж байгаа мөрөөдөл, одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг. Баян байх гэдэг бол материаллаг байдлаас илүүтэй сэтгэл ханамж юм.
- Би таныг ном их уншдаг гэж сонссон. Хамгийн сүүлд ямар ном уншив? 
- Хүүхэд байхад байнга л ном уншдаг байлаа. Орондоо ч, хоол идэхдээ ч дэлгээд л суучихдаг байлаа. Аав маань миний тэр байдалд их дуртай. Ном уншиж байвал баярлаад л байдаг хүн. Одоогоор өөрийнхөө ажил мэргэжилтэй холбоотойгоор улс төр судлаач доктор Т.Гантулгын бичсэн сонгуулийн технологи гэдэг номыг уншиж байна. Улс төрийн намын байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд онолын түвшинд бас үзэх харах юм нэлээдгүй байдаг юм байна.
- Олон нийтийн байгууллагын удирдах түвшинд ажиллах нь өөрөө итгэл байдаг. Олон хүний итгэлийг үүрч явах нь зовлон мөн үү?
- Сонгосон сонголт л ийм байна даа. Намынхаа мянга мянган гишүүд дэмжигчдийн хүсэл мөрөөдөл болгоныг үүрэлцэж яваа маань зовлон гэхээсээ илүүтэйгээр алдах эрхгүй өндөр хариуцлага гэж ойлгодог.

Ярилцсан Ж.Сайнжаргал

Сүүлийн: Өмнөговь аймаг

Онцлох: Өмнөговь аймаг