АЙМГИЙН МАН-ЫН ДЭД ДАРГА С.МӨНХБАЯР: Дэлхийн боловсролтой хэдэн хүнтэй болов, дээгүүр орлоготой хүн хэд болов, дагшин байгаль хаана бий болов гэдэг дээр ард иргэд л дүн тавина.

2015 Оны 12 Сарын 9

- “Бид хамтдаа” аяны хүрээнд хөдөө сумдаар тойроод ирсэн. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт газар дээрээ ямар байгааг мэдээж сонирхсон байх?
- МАН-аас “Бид хамтдаа” аяныг өнгөрсөн зургаадугаар сард УИХ, ЗГ-ын гишүүдийн хамт орон даяар эхлүүлснээс хойш аймгийн төвийн үйлчилгээний салбарынхан болон сумдаар явж иргэдтэй тэр дундаа хурал цуглаанд ирж амждаггүй төсвийн байгууллагын ажилтнууд , хувийн хэвшлийнхэнтэй ажлын байранд нь очиж уулзалт ярилцлага зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг нь сонсож байна. Ажлын байрны орчин нөхцөл, төсөв санхүүгийн хүрэлцээ, хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд, ажилтнуудын нийгмийн асуудлууд гээд олон сэдвээр харилцан ярилцаж явлаа. Ер нь ингэж явсны бас нэг зорилго нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд аймгийн Засаг даргын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах байлаа. Та бүхэн санаж байгаа бол аймгийн удирдлагууд 2012 оноос эхлэн 5Д буюу Дээгүүр орлоготой, Дэлхийн боловсролтой, Дэд бүтэцтэй, Дэгжин хоттой, Дагшин байгальтай Өмнөговь болгоно гэсэн хөтөлбөрийг санал болгон дэвшүүлээд хэрэгжүүлж байгаа. Өмнөговь аймгийн төсвийн орлого 2004 оноос 2015 оны хооронд уул уурхайн салбарын өсөлтийн үр дүнд олон дахин нэмэгдэж улсаас татаас авдаг байснаа улсад орлого төвлөрүүлдэг аймаг болсон.


- Дээрх тоо баримтаас харахад сүүлийн 10 жилд аймгийн төсвийн орлого бараг 70 дахин нэмэгдэж зарим жилд нь 120 тэрбум төгрөгт хүрсэн байдаг. Манай аймаг хүн амын тоогоор ойролцоо Завхан аймгаас 7, Дорноговь аймгаас 3 дахин их төсвийн орлоготой байгаа нь хийж бүтээх боломж нөхцөл илүү харагддаг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд зам, барилга, дэд бүтэц рүү нэлээд томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Зарим нэг хөрөнгө оруулалтын үр өгөөж, чанар, ашиглалт муу байгаа талаар иргэд ярьж байна. Тухайлбал ихэнх сумдын эмнэлэг багийн эмчийн унаагүй, төсөвгүй байхад Ноён сумын Сум дундын эмнэлэгт 220 сая төгрөгөөр түргэний машин авч өгсөн байх жишээтэй. Гэтэл өнөөх машин нь эвдэрхий, сэлбэг хэрэгсэл нь үнэтэй учир авч чаддаггүй. Ийм хэмжээний хөрөнгөөр 10 эмнэлэгийг машинтай болгох боломжтой. Түүнээс гадна дэлхийн боловсролтой Өмнөговь зорилгын хүрээнд 299 сая төгрөгөөр 18 сургуулийн биеийн тамирын танхимыг орчин үеийн стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангасан гэж мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд тайлагнасан байна. Гэвч газар дээр нь очиж танилцахад ашиглахаас өмнө эвдэрсэн, урагдсан, ашиглах боломжгүй, хүүхдийн эрүүл мэндэд тохиромжтой бус гэдгийг хэлж байлаа. 
- Иргэдтэй уулзаад явахад ямар асуудал тулгамдаж байна вэ?
- Сумдад ажилтай орлоготой хүн гэвэл төсвийн байгууллагынхан болон дэлгүүр, үйлчилгээний газрынхан л байна. Гэтэл тэдний 90 хувь нь банкны зээлтэй учир цалингийн багахан мөнгөөр амьдралаа залгуулж байна. Тэгвэл ажилгүй орлогогүй нь яаж амьдарч байгаа нь тодорхой. Өвлийн бэлтгэлээ хангаж буй ард иргэд нүүрсний үнэ, чанарыг маш ихээр шүүмжилж байлаа. Сумын өрхөд нэг тонн нүүрс 55-85 мянган төгрөгийн үнэтэй хүрч байна. Хангай газрынхан шиг мод руугаа ороод түлээгээ бэлтгэнэ гэх биш, говийнхонд нүүрс худалдаж авахаас өөр сонголт байхгүй. Төрийн байгууллагуудын төсөв хаанаа ч хүрдэггүй томилолт, шатахууны зардалгүй байхад аймагт тэмцээн, уралдаан, сургалт семинар, эрүүл мэндийн шинжилгээ гэх мэтээр олон дахин өөрсдийн зардлаар явах шаардлагатай болдог нь төрийн албан хаагчдад хөгжил дэвшил өгөхөөсөө өмнө бас зарлага нэмээд байна уу даа гэж бодогдсон. Уул уурхай нь зогсчихоор тэнд ажиллаж байсан залуучууд ажилгүй, орлого байхгүй болж зээлээ төлж чадахгүйд хүрч байна. Ажилгүй болсон иргэд зээлээ төлж ар гэрээ тэжээхийн тулд алт, чулуу хайж өдөр хоногийг өнгөрөөж байна. 
- Энэ олон асуудал байгааг хараад танд юу бодогдож байв? 
- Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал удахгүй 2016 оныхоо төсвөө хэлэлцэж үндсэн чиглэлээ батлах гэж байна. Эдийн засгийн хямралын энэ үед бүтээн байгуулалтын ажлын хажуугаар ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарлаа илүү хандуулаасай. Мөн түүнчлэн төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог нь хангаж чирэгдэлгүй ажиллах талаар анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Ер нь хүмүүс нь ажилтай орлоготой, бие эрүүл, сэтгэл тэнэгэр биш бол тэр олон барилга байшин, зам, талбайг хэн ашиглах юм. 
- Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа гэж үзэж байна вэ?
- Холбогдох салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан хэрэгжилтийг нь судалж байгаа. Өнгөрсөн 2014 оны жилийн эцсийн байдлаар дээрх 5 зорилгын хүрээнд 121 төрлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Зарим ажлыг нь газар дээр нь нүдээрээ харж, заримтай нь цаасан дээрх хэрэгжилттэй нь танилцаж байна. Сумдад баригдаж эхэлж байгаа орон сууцнууд тэнд амьдарч байгаа иргэдийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чухал учраас энэ ажил үргэлжилж бүх сумдад хийгдээсэй гэж харж байгаа. Урьд нь 2006 онд одоогийн намын дарга Н.Наранбаатар АЗДТамгын газрын дарга байхдаа эмч, багш, оюутнуудын хөтөлбөрийг “Оюу толгойтой” хамтран хэрэгжүүлэн сумдад жижигхэн сууцны байшин баригдаж одоог хүртэл ашиглагдаж байгаа юм байна лээ. Хамгийн чухал нь хямд үнээр түрээслэх болон тодорхой шаардлага хангасан нөхцөлд хувьчилж болохоор нөхцөлтэй хийх хэрэгтэй. Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хийж байгаа хөрөнгө оруулалтуудыг үргэлжлүүлэх, үр ашгийг нь сайжруулахад илүү анхаарал тавих ёстой. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээс төлөвлөсөн ажил нь хийгдсэн болон гарсан үр дүнг нь харахаар зөрүүтэй ба өөр зүйлийн тухай тайлагнасан тохиолдол ч ажиглагдаж байна. Өнгөрсөн жил дээгүүр орлоготой Өмнөговь аймаг зорилгын хүрээнд худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт оруулан ил тод байдлыг хангах замаар төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх ажлыг 100% бэлтгэл хангагдсан гэж тайлагнасан. Гэтэл энэ жил шилэн дансны тухай хууль нь хэрэгжиж эхэлчихээд байхад төсвийн зарлагуудыг харах боломжгүй, худалдан авах ажиллагаа нь ил тод биш, зарим орон нутгийн өмчит компаниуд нь санхүүгийн мэдээллээ цахим орчинд огт тавьж эхлээгүй байна. Ер нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг том зорилгоор нь, бас хугацаагаар нь харвал дэлхийн боловсролтой хэдэн хүнтэй болов, дээгүүр орлоготой хүн хэд болов, дагшин байгаль хаана бий болов гэдэг дээр ард иргэд л дүн тавина. 
- Танай хамт олон одоо ямар ажилд анхаарал хандуулж байна вэ?
- Аймгийн Иргэдийн Хуралд бүлгийн гишүүдээрээ дамжуулж өнгөрсөн жил Бага хурлын гишүүн Х.Мандахбаярын санаачлагаар өрх бүрт 2 тн нүүрс олгоё гэдэг саналыг, Аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Л.Энхболдын дэвшүүлсэн Улаанбаатар хотод Өмнөговийн оюутнуудад зориулж хямд түрээстэй Оюутны хотхоныг барих төслийг, мөн сумын эмч төсөл гээд хэд хэдэн санал санаачлагууд гаргасан боловч төсөв байхгүй, боломжгүй гэх зэрэг хариу өгч хэлэлцээгүй. Удахгүй болох аймгийн ИТХ-д дээрх асуудлуудаас гадна төсвийн байгууллагын ажилтнуудад урьд нь олгож байсан Говийн нэмэгдлийг ялангуяа эдийн засгийн хямралтай байгаа энэ үед нь олгуулах талаар тус тус саналаа хүргүүлж хэлэлцүүлэхээр зорьж байна. Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал гэж үг байдаг. Нутгийн хишиг нэрээр иргэн бүрт 500000 төгрөг олгож байсантай харьцуулахад говийн нэмэгдэл бага мөнгө. Мөн Намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг томилон ажилд нь оруулсан. Одоогоор салбар тус бүрээр нь судалгаа хийж байна. Иргэдийн хуралд тавьж байгаа дээрх болон бусад асуудлуудыг хэлэлцэж шийдэхгүй бол бид ирэх жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэхийг зорино. 
- Салбар бүрт л асуудал байгааг хэллээ. Хамгийн түрүүнд анхаарлаа хандуулах шаардлагатай салбар гэвэл? 
- Техник технологийн ийм хөгжлийн үед салбар бүрт л өөрийн онцлогтой засаж сайжруулах, анхаарал тавих асуудлууд байнга гарч байдаг. Цаашид боловсролын салбарт л гэхэд анхаарахгүй бол манай аймаг ахлах анги төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын дунджаас сүүлийн жилүүдэд доогуур байна. Дэлхийн боловсрол ярихаасаа өмнө эхлээд улсын дундаждаа хүрэх хэрэгтэй. Сурлагын чанартай холбоотой сургуулийн төсөв хүрдэггүй , хүүхдийн тоо цөөн, улмаар шилжилт хөдөлгөөн гээд бусад аймгуудаас ялгагдах хэд хэдэн онцлог байна. Багшийн хөгжлийн төвийг санхүүгээр дэмжих нь чухал байна. 9 жилтэй сургуулиудын хүүхдүүд ахлах ангид аймаг руу шилжиж суралцахад нь дүүг нь дагуулаад явуулчихдаг тохиолдол их байдаг. Ингэснээр сумын сургуулийн сурагчдын тоо цөөрч багш нарын ажлын байр баталгаатай бус болдог байна. Мөн хүүхэд цөөрчихөөр нэг багш олон төрлийн хичээл заагаад эхлэхээр сургалтын чанар муудаж байна. Өрх толгойлсон хүүхдүүд олноор эцэг эхээсээ хол амьдрахаар хичээл номондоо муудаж байгаа талаар багш нар ярьсан. Багш нарын ажлын байр нь баталгаагүй, сурч хөгжих орчингүй, нийгмийн асуудлууд нь орхигдсон байхад тэдний ажиллах урам зориг сул байгаа нь сумдад ажиглагдсан. Эдгээр олон асуудлыг салбарын яам, аймаг орон нутгийн түвшинд судалж оновчтой гарц олж шийдэх цаг нь болсон.

Сүүлийн: Өмнөговь аймаг

Онцлох: Өмнөговь аймаг