Өмнөговь аймгийн МАН саяхан 32 дугаар бага хурлаа хийж МАН-ын даргаар Нанзадын Наранбаатар сонгогдлоо

2015 Оны 12 Сарын 9

Өмнөговь аймгийн МАН саяхан 32 дугаар бага хурлаа хийж МАН-ын даргаар Нанзадын Наранбаатарыг 70 гаруй хувийн саналаар сонгосон. Намын шинэхэн даргатай уулзаж цаг үеийн асуудлаар хэдэн хором ярилцсанаа хүргэж байна.


Намын дарга болсон танд баяр хүргэе. Бага хурлаас ямар шийдвэрүүд гарав?
-За баярлалаа. Юуны өмнө Өмнөговь нутгийнхаа нийт ажилсаг хичээнгүй ард түмэндээ, түүний дотор намынхаа гишүүд дэмжигчдийнхээ амар мэндийг эрин мэндчилье. Манай намын 32 дугаар Бага хурал, түүний үр дүнгээр байгуулагдсан намын хорооны анхдугаар хурлууд өмнөө тавьсан зорилго зорилтуудаа амжилттай хэлэлцэж бүрэн шийдвэрлэлээ. Бид бага хурлаа ИТГЭЛЦЭЛ-ЭВ НЭГДЭЛ гэсэн уриан дор зохион байгуулсан. Миний бие аймгийн намын бага хурлын төлөөлөгчдийн итгэл, дэмжлэгээр намын даргаар сонгогдлоо. Манай намд даргын хэмжээнд бэлтгэгдсэн олон боловсон хүчин байна. Гол нь бүгд нэг санаа зорилготой учраас хэн нь даргаар сонгогдох нь сонин биш байлаа. Хурлын гол онцлогийг томьёолоход:
НЭГ. Манай нам шинэчлэгдэж намын эгнээг залуучуудаар өргөжүүлэн тэлж байгаа.
ХОЁР. Намын дотоод ардчилал өндөр түвшинд хүрсэн.
ГУРАВ. Манай нам сонгогдож, томилогдсон сонгуультнууддаа сайн ажилласан бол урам өгч, хангалтгүй ажилласан бол хариуцлага тооцож чаддаг болжээ гэж ойлгогдлоо. Намын бага хурлын 119 төлөөлөгч сонгогдсоны 74 хувийг залуучууд бүрдүүлсэн байгаа юм. Мөн шинээр сонгогдсон тэргүүлэгчдийг харахад ихэнх нь анх удаагаа сонгогдсон, 30 орчим хувь нь 35–аас доош насны залуучууд сонгогдсон байгаагаас харахад энэ нам хэрхэн залуужсаны илэрхийлэл гэж ойлгож болохоор байна. Ер нь манай нам АХМАД-ДУНД-ЗАЛУУ гэсэн гурван үеийн алтан хэлхээн дээр оршин тогтнож, үйл ажиллагаандаа залгамж чанарыг байнга анхаардаг нам шүү дээ.

Та нэг хэсэг улс төрөөс хол байсан. Өнгөрсөн хугацаанд хаагуур, ямар ажил өрнүүлж явсан нь манай уншигчдад сонин байх болов уу?
-Ер нь бол улс төржөөд нэг их яваад байдаггүйг хамт ажиллаж байсан хамт олон нутгийнхан маань мэдэх байхаа. 2002 онд аймгийн Татварын хэлтсийн даргаар томилогдон ирснээс хойш аймагтаа ажиллаж амьдарсан. 2009 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргааар ажиллаж байгаад сургуульд суралцахаар болж ажлаа өгсөн. Тэгээд АНУ-ын Калифорнийн Их Сургуульд суралцаад ирлээ. Мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж байх шаардлагын улмаас өндөр хөгжилтэй орныг сонгосон нь тэр. Ирснийхээ дараа хэсэг хугацаанд хувийн хэвшилд ажиллаж Дорноговь аймгийн “Айл баян”-гийн уурхайн захирлаар ажиллалаа. Сургууль төгссөнөөс хойш 13 жил төрийн албанд тасралтгүй ажилласан учраас хувийн хэвшил тэр дундаа уул уурхайн салбарт ажиллаж тэдний зовлон жаргалыг мэдэх, бизнесийн туршлага олж авах гол зорилготой гэхүү дээ.

Намын даргын хувьд ажлаа юунаас эхлэх гэж байна?
-Ер нь бол улс төржиж бусдын хийснийг үгүйсгэдэг биш ухаалаг, оюунлаг мэдлэгжсэн нам байхад анхаарна. Намын дэргэдэх залуучуудын байгууллагатайгаа хамтарч хүүхэд, залуучууд руу чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Өмнөговь аймгийг оюу толгой биш оюунлаг толгой хөгжүүлнэ гэдэгтэй санал нийлдэг хүн. Тийм учраас тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэмжээ, сургалтуудыг зохион байгуулна. Мөн намын гишүүд дэмжигчдийнхээ урмыг сэргээсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Тодорхой хугацаанд аймаг орон нутгийнхаа өнгө төрх, үйл ажиллагааг өөр өнцгөөс харах боломж бүрдсэн учраас шинээр хийхээр санасан бодсон зүйл олон бий. Хамгийн гол нь иргэдэд яг одоо ямар асуудлууд бодитойгоор тулгамдаад байгааг олж тогтоогоод шийдвэр гаргагчдад уламжилж шийдвэрлүүлэх ажил чухал байна. Үүн дээр намын удирдлага, намаас сонгогдон ажиллаж байгаа шат шатны хурлын төлөөлөгчдийн үүрэг хариуцлага оролцоог хангана.

Таны аймаг удирдаж байсан үеийг бодвол одоогийн нөхцөл байдал их өөрчлөгдсөн. Аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн түвшнийг юу гэж харж байна вэ? Цаашид анхаарах ямар асуудлууд байна вэ?
-Тиймээ, мэдээж хэрэг өөрчлөгдсөн байлгүй яахав. Улс орон маань хөгжиж байна, цаг хугацаа урсан өнгөрч байна шүү дээ. Манай аймагт дэлхийд томоохонд тооцогдож буй “Оюу толгой” төсөл хэрэгжиж олборлолтын 2 дахь үе шатандаа орох гээд бэлтгэл ажлууд нь хийгдэж байна. Мөн “Таван толгой” тойрсон олон төслүүд түүний дотор “Ухаа худаг”-ийн их бүтээн байгуулалтыг нэрлэж болно. Үүнийг дагаад зам талбай тавигдаж, барилга байшин баригдаж байна. Хамгийн гол нь энэ том төслүүдэд Өмнөговийн маань, нутгийн дүү нар, залуучууд оролцож, сурч хөдөлмөрлөж амьдрал ахуйгаа авч явааг харахад бахархмаар байдаг шүү. Уул уурхайгаас олж байгаа орлогыг эрүүл мэнд, боловсрол, байгаль хамгаалалд түлхүү зарах ёстой. Мэдээж байгалийн баялаг нэг өдөр дуусна. Тэр үед бидэнд юу үлдсэн байх вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Ирээдүйд өндөр мэдлэг чадвартай боловсон хүчин л бидэнд агаар ус шиг хэрэг болно.

Шат шатны сонгууль хаяанд тулж ирлээ. Улс төрийн намуудын тухай, сонгуулийн тухай хуулиуд хаврын чуулганаар ид хэлэлцэх шатандаа байна. Таны хувийн байр суурь?
-Тиймээ сонгуулийн чимээ хаяанд сонсогдож эхэллээ. Сонгууль бүрийн өмнө л бид сонгуулийн систем, хуулийн орчинд нь томоохон бүтцийн чанартай өөрчлөлтүүдийг хийж ирлээ. Гэхдээ хуулиуд нь цаашдаа тогтвортой байх нь чухал байгаа юм. УИХ-д суудалтай улс төрийн намууд, УИХ-ын гишүүд сонгуулийн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж байгаа ч сонгуулийн тогтолцоон дээр зарчмын өөр өөр байр суурийг илэрхийлж байна. Манай намын байр суурь бол тэр энэ гэхээсээ илүүтэйгээр нийт ард түмэн сонгогчдоосоо асуугаад шийдүүлчихэе л гэж байгаа шүү дээ. Аль нэг намын санал болгосноор сонгуулийн тогтолцоог давамгайлж шийддэг байдлаар биш, иргэд, олон түмэн төр засаг, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа ямар сонгуулийн тогтолцоогоор эмхлэн байгуулахаа өөрсдөө шийдэх нь зүйтэй. Энэ зарчмын дагуу Үндсэн хууль болон Ард нийтийн санал асуулгын хуульд заасны дагуу МАН-ын бүлгийн гишүүд Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан байна лээ. Үүний дагуу цэвэр мажоритар тогтолцоогоор сонгуулийг явуулах уу, эсвэл холимог тогтолцоогоор сонгуулийг явуулах уу гэдгийг ард иргэдээс асууж шийдүүлнэ гэсэн үг. Энэхүү санал асуулгын үр дүнг Сонгуулийн хуулийн төсөлд харгалзан үзэж УИХ шийдэх ёстой байх. Ард түмэн төрийг эмхлэн байгуулахад оролцдог хамгийн гол субъект. Ямар арга хэлбэрээр, ямар тогтолцоогоор сонгууль явуулахаа ард түмэн шийдэг. Харин УИХ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бусад хэм хэмжээг тогтоож, сонгуулийн шинэ хуулийг батлах нь зүйтэй болов уу. Тэгэхээр тэр нь сайн энэ нь муу гээд хэрэлдээд байвал наанадаж цаг хугацаа, цаанадаж ард түмнээ талцуулсан муу үр дагаварууд л харагдаад байгаа. УИХ, орон нутгийн сонгуулиа нэгтгээд нэг хийснээр иргэд, сонгогчдын хувьд хөрөнгө мөнгө, цаг хугацаа гээд олон зүйлийг хэмнэхээс гадна хөдөөгийн малчдад маань ч гэсэн ид өвлийн үеэр сонгууль гэж цаг алдалгүй өвлийн бэлтгэлээ базаах бололцоо нь хангагдах юм. Ер нь тэгээд малчид гэлтгүй төв суурингийн биднээс авахуулаад төр, аж ахуйн байгууллагууд бүх л шатандаа өвөлжилтийн бэлтгэл хангадаг цагаар л орон нутгийн сонгууль гээд хэдэн тийшээ гараад давхидаг шүү дээ.
Ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.

Сүүлийн: Өмнөговь аймаг

Онцлох: Өмнөговь аймаг