Л.Ганболд: Энэхүү шилжилт хөдөлгөөн Хөвсгөлчүүдийн сонголтыг дарах гэсэн үйл ажиллагаа гэж үзэж байна

2016 Оны 6 Сарын 20

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаад байгаа Хөвсгөл аймагт мянга мянгаараа шилжин ирэгсэдтэй холбоотой асуудлаар Хөвсгөл аймгийн МАН-ын хорооноос мэдээлэл хийлээ. Энэхүү  Хөвсгөлчүүдийн өмнөөс сонголт хийх гэсэн хууль бус үйлдлийг МАН-аас зохион байгуулсан хэмээн худал мэдээлэл тараасанд харамсаж байгаагаа илэрхийлээд аймгийн Сонгуулийн хороонд энэхүү хууль бусаар шилжин ирэгсдийн асуудалд анхаарлаа хандуулж, зохих арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дарга Л.Ганболд " АН-ын удирдлагууд Хөвсгөл аймагт ард иргэдтэй уулзах үеэрээ МАН-аас нэр дэвшин энэ удаагийн сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчид рүү хандсан буруу ташаа мэдээллийг түгээж Сонгуулийн хуулийг зөрчиж байна. Урд өмнө байгаагүйгээр олон хүн Хөвсгөл аймагт шилжин ирж саналаа өгөхөөр бүртгүүлж байна. Энэхүү бүртгэлийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу хийгдэж байгаа эсэхэд  Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны сонгуулийн штаб эргэлзэж байна. Энэхүү шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бидний авсан мэдээлэл болон төрийн шат шатны байгууллагуудаас авсан мэдээлэл зөрөөтэй байгаагаас гадна албанёсоор тоо баримтыг мэдээлээгүй байна. Энэхүү шилжилт хөдөлгөөн бол Хөвсгөлчүүдийн сонголтыг үгүйсгэсэн, Хөвсгөлчүүдийн сонголтыг дарах гэсэн үйл ажиллагаа гэж үзэж байна" гэв.

Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг хэлэхдээ "Энэ бол анх удаа болж буй хэрэг биш 2000 УИХ-ын сонгуулийн үеэр "Эрэл" компанийн олон зуун сонгогчид ирж Хөвсгөлчүүдийн өмнөөс сонголт хийж байсан. Манай аймагт шилжин ирсэн 2000 гаруй хүнийг манай намаас  зохион байгуулсан мэтээр ярьж байгаад харамсаж байна. Манай намаас 37,38,39-р тойргуудад нэр дэвшигчийн сонгуулийн штабад ажиллаж байгаа 100 гаруй хүн байгаа. Өөрөөр бид сонгогч шилжүүлэх ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Тиймээс Сонгуулийн хороонд сонгогчдийн шилжүүлгийн асуудалд анхаарлаа хандуулж,  зохион байгуулалттайгаар шилжин ирсэн хүмүүсийг санал өгүүлэхгүй байх боломжийг судалж үзэхийг хүссэн албан бичгийг өгч байна. Бид цаашдаа ч Сонгуулийн хуулийн хүрээнд, хуулийн хугацаандаа мөрийн хөтөлбөрөө сурталчилж, нэр дэвшигчээ танилцуулах болно.  Хийж бүтээснээрээ шударга өрсөлдье гэж уриалмаар байна" гэлээ.

 

Сүүлийн: Хөвсгөл аймаг

Онцлох: Хөвсгөл аймаг