Г.Угалзцэцэг: Хөдөлмөрлөж үзээгүй хүн л бусдыг шүүмжилдэг

2016 Оны 3 Сарын 28

2015 онд Хөвсгөлчүүд   дэлхийн аваргаар алдартнуудынхаа эгнээг тэлсэн билээ. Хөвсгөл аймгийн уугуул Г.Угалзцэцэгтэй ярилцснаа та бүхэндээ хүргэж байна.  Өнөөдөр бодибилдингийн дэлхийн  аварга Г.Угалзцэцэгийн төрсөн өдөр тохиож байгаа юм байна.

 

Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Манайх хэдэн үеэрээ Хөвсгөл аймгийн уугуул хүмүүс. Аав маань Арбулаг сумынх, Ээж Их-Уул сумын уугуул. Харин би Алаг-Эрдэнэ суманд байдаг аавынхаа ээж аав дээр өссөн дөө. Манай өвөөг Чүлтэм гэдэг Хатгал тосгонд нягтлан хийдэг байсан. Харин манай эмээг Должин гэдэг. Намайг эмээ өвөөгийндөө очдог байхад  тэд маань Алаг-Эрдэнэ сумын Манхан гэдэг газар нутаглаж  мал малладаг байсан.

Би дөрвөн охинтой айлын том нь . Манай аавыг Ганбагаа гэдэг .Ээжийг Норовням гэдэг. Маш хөдөлмөрч, тууштай хүмүүс . Ээж аав хоёр маань зах зээл эхлэхээс  авхуулаад л янз бүрийн юм хийдэг байсан. Майхан хийж зарна, хөнгөн цагаан авна, 1994 оны үед Хөвсгөлд ундааны цех байгуулсан нь явсаар байгаад "Сонголт" гээд том үйлдвэр болсон.  Аав ээжээсээ тууштай занг нь өвөлсөн гэж боддог.

Хүүхэд насаа дурсвал?

Алаг-Эрдэнэ суманд төрсөн, сургуульд ортлоо эмээ өвөө дээрээ байсан. Сургуульд ороод аав ээж дээрээ Улаанбаатарт ирж Арванхоёрдугаар сургуулийг төгссөн.

Зуны амралт болохоор бид гурвыг өвөө эмээгийнх руу хуваагаад явуулчихдаг байсан. Манай хоёр дүү ээжийн аав, ээжийнд би Алаг-Эрдэнэ рүү аавын ээж аавынх руу очдог байсан. Бусад хүүхдүүд шиг зусланд явах юмсан гэж боддог байлаа.

Манай ээж аав хоёр бид гурвыг ачааны машин дээр замын хүнд захиад л явуулчихдаг байсан. Гурил ачсан машин дээр сууж яваад л цав цагаан болоод л буудаг байж билээ.

Манай өвөө зүгээр суухаар уурладаг байсан болохоор их айдаг байж билээ. Өвөөг юманд явахаар нь амарч байгаад л алсаас барааг нь харангуутаа ямар ч хамаагүй ажил хийж байгаа харагдана. Зарим нь гарч хотоо малтаад л, аяга таваг угааж байгаа дүр эсгээд л одоо бодоход их хөгжилтэй.

Өглөө босч нормтой талх өрмөө идчихээд, ганц хоёр ааруул кармалаад л хониндоо явдаг байлаа. Ирээд л үнээгээ саана гээд л хөдөөний өдөр тутмын бүхий л ажлыг хийгээд л өнгөрөөдөг байсан. Одоо бодоход  хөдөө зуны амралтаа өнгөрөөдөг байсан  болохоор маш олон зүйлийг сурсан. Манай үеийнхэн тэр болгон гэдэс арилгаж, үнээ сааж чаддаггүй намайг хаана ингэж сурсан юм бэ? гэж ирээд л гайхдаг. Ахлах анги болон оюутан байхдаа зуны амралтаараа гэр бүлийнхээ "Сонголт" компанийнхаа дэлгүүрт худалдагч хийж, үйлдвэрт шил угаах зэргээр ажиллаж, ээж аавынхаа ажилд тусалж дэвтэр ном, хувцас хунарынхаа мөнгийг олдог байсан.

Та хэдэн оны оюутан билээ?

1996 онд арван жилийн сургуулиа төгссөн. Би чинь 18 настайдаа охиноо гаргасан. Охиноо нэг нас хүрэхээр нь 1998 онд ШУТИС-ын "Нэхмэлийн дизайн" мэргэжлээр төгссөн ч энэ чиглэлээр ажиллаагүй. Сургуулиа төгсөөд хоёр жил "Сонголт" компанидаа ажиллаж байгаад охиноо сургуульд орох болохоор нь буцаад Улаанбаатарт ирсэн.

Улаанбаатарт гэрэл зургийн студи ажиллуулдаг хажуугаар бэлэн хувцасны лангуу ажиллуулна. Дизайны мэдрэмжтэй болохоор ч тэрүү авчирсан хувцас маань хоёр хоноод л дуусчихдаг учраас дахиад л бараандаа явна. Ийм эргэлттэй явахаар сарын бараг 15 хоногийг замд явж өнгөрүүлдэг учраас нөхөр  маань гэр бүлийн харилцаа байхгүй болохын байна гээд больсон. Цусанд нь бизнесийн авьяас байдаг юм шиг байгаан. Тэр чигээрээ худалдааны бизнес эрхэлсэн бол амжилтанд хүрэх байсан байх.

Гэрэл зургийн студи дээрээ ажиллаж  байхад хөдөлгөөний дутагдалаас болоод жаахан жин нэмсэн тэгээд жингээ хасах зорилгоор фитнест явж эхэлсэн. Эхэндээ аэробикээр хичээллэсэн. Идэвхитэй хөдөлгөөн хийгээд эхлэхээр огцом турдаг юм билээ. Хэтэрхий тураад байсан учраас төмөр өргөж эхэлсэн. Тэгээд л дуртай болоод сүүлдээ бүр ажлаа ч орхисон доо.

Санаандгүй байдлаар л бодибилдингийн спортоор хичээллэдэг болжээ?

Би оюутан байхдаа гурван сар бодибилдингээр хичээллэж байсан юм. Тухайн үед фитнес хөгжөөгүй бодиболдингийн хоёр гурван клуб байсан. Би Мустанг клубт хичээллэдэг байсан. Бэлтгэл хийгээд хоёр сар ч болоогүй байхад Мустангийн захирал Баясаа ах намайг тамирчин бол гээд тэмцээнд оруулах гээд бэлдэж байсан. Надад цаанаасаа энэ төрлийн тамирчны авьяас байгааг олж харсан юм шиг байгаан. Бэлтгэлээ сэтгээлээсээ хийдэг байсан нь ч бас нөлөөлсөн байж магадгүй. Тэгээд л бэлдэж бэлдэж байгаад тэмцээнд орохын өмнө зугтчихсан. Тэр үед фитнесийн төрлүүд сайн хөгжөөгүй зөвхөн бодибилдинг төрлөөр тэмцээн болдог байсан.  Эрэгтэй хүн шиг гарч ирээд л зөвхөн булчингаа чангалж үзүүлдэг байсан нь надад таалагдахгүй байсан юм . Гэхдээ тэрнээс хойш  жил болгон л нөхрөөсөө фитнест явий гэж гуйна. Харин манай хүн хэрэггүй ээ эмэгтэй хүн эрэгтэй  хүн шиг булчинтай болох муухай гээд л хойшлуулаад байдаг байсан. Одоо би нөхөртөө чи намайг аль найман жилийн өмнө явуулсан бол би илүү их амжилт үзүүлчихсэн байхгүй гэхээр "үгүй ээ явах ёстой хугацаандаа яваад, үзүүлэх ёстой амжилтаа үзүүлж байна " гэж хэлдэг.

Хүний нэрнээс шалтгаалаад хувь тавилан бичигддэг гэдэгт итгэдэг үү?

Дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсний дараа Улаанбаатар фитнесийн албан ёсны хуудас болон  миний хувийн фэйсбүүкээр үзүүлбэрийн зурагны доор "Яг нэр шиг угалзарсан булчинтай юм", "хүний нэр их чухал байдаг"  гэх мэтээр их  бичдэг.  Миний нэрний хувьд ээж маань намайг гэртээ төрүүлсэн юм билээ. Тэгээд нутгийн нэг хөгшин намайг их барьж авсан гэдэг. Миний яг төрсөн газарт нэг цэцэгтэй улаан хивс байснаас санаа аваад миний өлгийдсөн ээж энэ нэрийг надад өгсөн. Хүмүүс надаас говийнх уу гэж асуудаг. Яагаад гэхээр говьд чинь угалзарсан салхи байдаг биз дээ, угалз гээд амьтан байдаг болохоор гэх мэтээр хариулдаг.

Хүн өөрийн хүссэнээ хийх, амьдралын урсгалаар амьдрах хоёрын ялгааг хэр мэдэрч байна ?

Би их сургуульд суралцахдаа өөрийн хүссэн мэргэжилээрээ суралцаагүй. Би охиноо мэргэжилээ сонгоход  яг өөрийнхөө хүсэл сонирхолоо дагаарай, ээжийгээ хар шал дэмий дөрвөн жилээ зарцуулсан гэж  зөвлөсөн. Заавал их сургуульд суралцах албагүй, хүссэн сонирхсон зүйлдээ л цагаа зарцуулах хэрэгтэйг зөвлөсөн.

Өөрийнхөө сонирхсон , хүссэн зүйлээ хийхээр амьдралаас мэдрэх кайф нь хамаагүй их. Хүн өөрийнхөө хүссэн ажлаа хийхээр уурлах бухимдах зүйл гарахгүй, сэтгэл зүрхээ зориулдаг учраас амжилт гаргах нь ч хурдан. Аав маань намайг хүнсний чиглэлээр суралцахыг их ятгадаг байсан би тэр болгонд нь хариу өгөхгүй л өнгөрдөг байлаа.

Анх фитнесийн спортоор хичээллэж эхлэхэд манайхан бүгд л эсэргүүцэж байсан. Харин одоо бол намайг өөрийнхөө хүссэн зүйлээ хийж байгааг дэмжиж, ойлгодог болсон.

Шагналыг та хэрхэн хүлээн авдаг вэ?

Гурван жилийн турш маш их хүч хөдөлмөр зарцуулсан болохоор  шагналыг урамшуулал гэж боддог. Хүмүүс урмаар л илүү тэжээгддэг. Сая дэлхийн аварга болсны дараа хүмүүс анхны дэлхийн аваргад гавьяат өгчихмөөр юм гэсэн сэтгэгдэлүүд маш их байсан. Харин би бол тэгж бодоогүй. Надад дахиад хийж хөдөлмөрлөх хугацаа байна. Тийм учраас үүнээсээ илүү амжилт гаргана гэж бодож байгаа. Хүч хөдөлмөрийнхөө үрээр авсан шагнал л илүү нэр хүнд, үнэ цэнэтэй байдаг гэж боддог. Харин Хөвсгөл аймгийн "Хөх сувд" наадмын спортын салбарын шилдэг тамирчин, холбооныхоо шагнал, гэх зэрэг шагналуудыг хамт олон, нутгийн олны маань урам, дэмжлэг гэж л хүлээж авсан.

Амьдралд чинь хамгийн их нөлөө үзүүлсэн ухаарал чинь юу вэ?

Хүмүүсийг анзаараад байхад өөр өөрийнхөө алдаан дээрээс л суралцдаг юм шиг анзаарагддаг. Өөрөө өөрийнхөө амьдрал, алдаан дээрээс ухаарч, урагшилж хөгждөг. Алдаагүй гаргадаггүй хүн юу ч хийгээгүй хүн байдаг гэсэн үг байдаг даа. Хөдөлмөрлөж байгаа хүн алдаа гаргаж түүнээсээ ухаарч цаашаагаа илүү хөгждөг.

Өөртөө хэр шаардлага тавьдаг вэ?

Тавьдаг. Өөртөө шаардлага тавихгүйгээр амжилтанд хүрнэ гэж байхгүй. Өнгөрсөн жил гэхэд л сарынхаа төлөвлөгөөг дэлгэрэнгүйгээр гаргаж яг тэр хувиараараа амьдарч, бэлтгэлээ хийдэг байсан.

Бүсгүйчүүд маань турах шийдвэр гаргачихаад л хоолны дэглэм ээ барьж эхлэхгүй маргааш, маргааш гэж хойшлуулсаар байгаад л худлаа болдог. Та шийдвэр гаргасан л бол өнөөдрөөс л эхлээрэй гэж зөвлөмөөр байна аа.

Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?

Манай нөхөр  Говь-Алтай амгийн уугуул Мөнгөнбаяр гээд зураач мэргэжилтэй хүн бий. Манай хүн удам дамжсан зураач. Өвөө нь Монгол улсын алдартай том зураач байсан. Одоо мэргэжилээрээ ажиллахаас гадна гоо сайхны шивээсээр мэргэшин ажилладаг. Хүмүүс ялангуяа бүсгүйчүүд надаас илүү манай хүнийг илүү таньдаг.

Том охиноо 1997 онд төрүүлсэн хүү маань 2002 онд төрсөн. Охин маань одоо ЭМШУИС-ийн оюутан, хүү маань дунд сургуулийн 9-р ангийн  сурагч. Гэр бүлээрээ л спортод дуртай. Гэр маань бараг л нэг жижиг заал шиг болчихсон дөрвүүлээ л дасгал сургуулилт хийнэ шүү дээ. Охин маань фитнесээр хичээллэж байгаа хүүгээ 16 хүрэхээр нь хичүүллэхээр ярьчихсан байгаа. Одооноос бодибилдингээр хичээллэвэл эд бие  хөгжиж яваа болохоор өсөлтийг нь хязгаарлах вий гэж болгоомжлоод байгаа.

Гэр бүлийн дэмжлэг хэр байх вэ?

Угаасаа амжилтанд хүрч байгаа хүн бүрийн цаана гэр бүл нь байдаг.  Миний хувьд дэлхий аваргын тэмцээнд бэлдэх бүх санхүүг гэр бүлийн хүн маань хариуцсан. Тэмцээний бэлтгэлийн үед санхүүгийн орлого зогсдог. Бодибилдингийн бүх тамирчид маань өөрсдөө бүх зардалаа даадаг. Олон улсын тэмцээнд амжилт гаргаад ирсэн тамирчиддаа ядаж замын зардалаа дарах хэмжээний мөнгөн шагнал олгодог болчихоосой гэж боддог. Холбооны зүгээс виз, болон очоод байрлах буудал, хоол ундны асуудал дээр л тусалдаг  санхүүжилт муутай байдаг болохоор тамирчдынхаа зардлыг бүрэн дааж чаддаггүй. Нийтийн бие тамирын спорт гэдэг утгаар төр нь бодлогоор дэмжээд өгвөл бизнесийн байгууллагууд нь ивээн тэтгээд явах боломжтой санагддаг.

Амьдарлын хэмнэлийн ялгаа хэр их гарч байна вэ?

Би фитнесээр хичээллэж эхлээгүй байх даа гэртээ хөнжил орны даавуу, аяга таваг цуглуулах сонирхолтой байлаа. Хувцасны сонголтын хувьд даашинз, туфль сонгодог байсан бол одоо гэр ахуйн хэрэгцээнд мөнгө зарцуулах нь багассан. Одоо бол уураг, спортын хувцас, малгайтай цамц гэсэн сонголтыг хийдэг болсон доо.

Тамирчины хувьд гэр бүлдээ зарцуулах цаг яалт ч үгүй багассан. Гэрийн эзэгтэйн хувьд оройн хоолоо бол хийдэг. Өдөржингөө бэлтгэл хийж байгаад гэртээ хариад гэр орноо цэвэрлэхээр ядраад байдаг учраас энэ ажлыг  хүүхдүүддээ  даалгадаг болчихсон. Сардаа нэг удаа л гэртээ их цэвэрлэгээ хийдэг болсон доо.

Жирийн иргэн байх, Алдартай нэгэн байх хоёрын ялгаа танд хэр мэдрэгдэж байна вэ?

Урьд нь олны танил хүмүүс хэвлэлд гарсан мэдээлэлд  гомдол мэдүүлэхээр нь юунд нь тэгдэг байна аа зүгээр л тоохгүй өнгөрч болдоггүй юм байх даа гэж боддог байлаа. Би тодорхой хэмжээгээр  телевиз, сониноор их гарч байгаа болохоор хүмүүс намайг таньдаг болоод байгаа. Танихгүй хүмүүс баяр хүргэнэ, хамт зургаа авхуулая гэнэ, хүмүүс зөрөөд өнгөрөхдөө ямар нэг яриад өнгөрнө.  Намайг огт бодитоор маань огт хараагүй зөвхөн тэмцээний үзүүлбэрийн үеэр булчингаа ялгаруулж байгаад даруулсан зургыг хараад "эмэгтэй хүн ийм булчинтай байх муухай", "нөхөр нь ямар хүн байдаг байна аа. Хэн ийм эмэгтэйг тэврээд хэвтдэг байна" гэх мэт сэтгэгдлийг хараад жаахан эмзэглэх хандлагатай юм билээ. Тийм мэдрэмж төрөнгүүт нь би өмнө нь бодож байсан шиг ээ л байя гэж боддог. Тиймэрхүү сэтгэгдэл бичсэн хүмүүсийн хаяг руу ороод үзэхээр илүүдэл жинтэй юм уу зургаа тавиагүй байх нь анзаарагддаг. Өөртөө итгэлгүй, хөдөлмөрлөж бүтээж үзээгүй хүмүүс л хүнийг их шүүмжилдэг юм болов уу гэсэн дүгнэлт хийгээд байгаа.

Цаг заваа зориулж сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Хөвсгөлчүүддээ хандаад хэлэх нэг сайхан ерөөл тавихгүй юу?

Хөвсгөл аймгийнхандаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Зорьсон бол түүндээ хүрэхийн тулд яг өнөөдрөөс эхэлж хичээгээрэй.

Эх сурвалж: Khuvsgulnews.mn

Б.Өнөр

 

Сүүлийн: Хөвсгөл аймаг

Онцлох: Хөвсгөл аймаг