Хөвсгөл аймгийн Галт сумын НАМЗХ өргөө гэрийнхээ өрхийг татлаа

2015 Оны 11 Сарын 24

Орон нутгийн  залуус мэдээллээр цангаж байна.  Зорьсон мэдээллээ олж авах интернэт орчин, баг хамт олноороо тойрон сууж санал бодлоо нэгтгэж ном, сэтгүүл уншихаас эхлээд хууль эрхзүйн талаарх мэдлэгээ зузаатгах, сэдэв солилцох боломжтой тухтай газар суманд амьдарч байгаа залууст тэр бүр байдаггүй. Залуусын хөгжилд үнэн, зөв мэдээлэл  ус агаар мэт хэрэгтэй байгааг олж харж шийдвэрлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Галт сумын НАМЗХ-ны залуус нэгдэж төрөлх сумандаа “Иргэдийн мэдээллийн төв” байгуулжээ. Тус сумын МАН-ын хороо, гишүүд дэмжигчид болон “Галт ирээдүй хөгжлийн сан”-аас залуусынхаа санаачлагийг дэмжиж үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн нутгийн иргэдийн хандив тусламж өргөө гэрийнхээ үүдийг нээхэд урам зориг өгч байсанд баярлаж талархаж байгаагаа залуус илэрхийллээ. Сумын НАМЗХ өөрийн гэсэн байртай болж нутгийн иргэдийнхээ  оюунлаг оролцоог дэмжсэн үйл ажиллагаа өрнүүлэх боломж нээгдэж байгаад баяр хүргэхээр  НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн нийслэлээс 1000 км алслагдсан Галт суманд ирсэнд сумын иргэд талархаж байлаа. Галт сумын “Иргэдийн мэдээллийн төв” бүрэн интернэтэд холбогдсон, цаг үеийн мэдээ мэдээллийг багтаасан сэтгүүл, сонин, олон сувгийн зурагттай, нэг удаадаа 50 хүний уулзалт зохион байгуулах талбай, ширээ сандалтай гээд санал бодлоо солилцох бүхий л нөхцөлийг хангажээ.

Мөн тус суманд  улс орон даяар өрнөж байгаа “Бид хамтдаа” аяны үйл ажиллагаа болж аймгийн МАН хорооноос  мэдээлэл сургалт хийж бүтэн өдрийн турш шагайн харваа, бөхийн барилдаан, гар бөмбөг, шатар, даалууны тэмцээн болж аваргуудаа тодруулжээ. Галт суманд зохион байгуулагдсан “Бид хамтдаа” аянд нийтдээ 600  гаруй иргэд оролцлоо. Мөн Галт сумын МАН-ын хорооноос гишүүд, дэмжигчдийнхээ дунд азын сугалаа зохион байгуулаад зогсохгүй үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулсан МАН-ын хорооны үүрийн дарга нартаа гадаадад аялах эрхийн бичиг гардуулсан байна.

Сүүлийн: Хөвсгөл аймаг

Онцлох: Хөвсгөл аймаг