Архангайн “Ардын нам”-ынхан зөвлөлдлөө

2015 Оны 9 Сарын 19
Тийм ч учраас манай нам хүндээ хандсан зөв бодлого баримтлалтай мөрийн хөтөлбөр гаргасан” хэмээн хэлсэн. Тэрбээр мөн намын XXVI их хурлаар Архангай аймгийн Хотонт сумын уугуул Солийн Данзангийн үүсгэн байгуулсан Ардын нам гэдэг нэрээ сэргээснийг онцлов.
Архангай аймгийн Цэцэрлэг хотод Монгол Ардын Намын анхан шатны байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн болов. Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан баг оролцсон ба бүрэлдэхүүнд нь “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ХХААХҮ-ийн дэд сайд П.Баянмөнх нар оржээ. 
Зөвлөлгөөнд сумдын намын хорооны дарга, дэд дарга, төлөөлөгчид оролцлоо. Ардын намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийн талаар оролцогчдод танилцуулж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраас хийж бүтээсэн ажлын талаар мэдээлэл хийсэн юм. 
Мөн намын анхан шатны байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудлыг намын Удирдах зөвлөлд уламжилж, санал бодлоо хуваалцан шийдвэрлэх арга замыг хэлэлцсэнээрээ ач холбогдолтой байлаа. Уулзалтыг нээж “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат үг хэлсэн. Тэрбээр “Архангай аймгийн Монгол Ардын Нам хэмээх энэ айлын зүрх, тархи нь болсон, хамаг хүнд хүчир ажлыг нь хариуцдаг чухал хүмүүс энд цугларсан байна. 
Энэ жил сонгууль гэдэг улстөрийн “олимп” болно. Бид энэ олимпод тамирчдаа бэлтгэж байгаа. Сум, баг бүхэнд ажиллах дасгалжуулагчид энд сууж байна. Манай нам зүүн төвийн үзэл баримтлалтай. Зүрх зүүн талдаа цохилдог, нар зүүнээс манддаг, монгол гэрийн зуухны ам зүүн талдаа байдаг гээд бүгд зөв зүгт харсан байдаг. 
Тийм ч учраас манай нам хүндээ хандсан зөв бодлого баримтлалтай мөрийн хөтөлбөр гаргасан” хэмээн хэлсэн. Тэрбээр мөн намын XXVI их хурлаар Архангай аймгийн Хотонт сумын уугуул Солийн Данзангийн үүсгэн байгуулсан Ардын нам гэдэг нэрээ сэргээснийг онцлов.
Зөвлөлгөөнд оролцогчид сонгуульд хэрхэн амжилттай оролцох тухай л санал бодлоо солилцсон гэхэд болно. 
Тухайлбал, Эрдэнэмандал сумын Монгол Ардын Намын хорооны дарга н.Батдорж “Манай сум 6000 гаруй хүн амтай, түүний 3800 нь сонгогчид. Бид 2012 оны сонгуульд бүх л хүч чадлаа дайчлан ажиллана. Аймгийн намын хорооны чиглэлийн дагуу ажлуудаа хийж байна. Хамгийн гол нь намын хороодын гишүүдэд урамшуулал олгох, тэдний ажил хийх урам зоригийг төрүүлэхэд анхаарлаа хандуулаарай” хэмээн захиж байв. 
Мөн Хотонт сумын Монгол Ардын Намын хорооны дарга н.Базаррагчаа “Намынхаа анхан шатны байгууллагаас эхлээд хаана хаанаа хүн болгонд хүрч ажиллах хэрэгтэй байна. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс намын анхан шатны байгууллагатай нягт хамтран ажиллах хэрэгтэй. 
Нэр дэвшигчид тодрохоор ийм бодлого барьж ажиллах нь зүйтэй” гэдгийг санууллаа. Энэ мэтчилэн намын хороодын дарга, төлөөлөгчид санал бодлоо хуваалцахын сацуу 2012 оны сонгуульд Монгол Ардын Намын ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Монгол орон хөгжлийнхөө торгон зааг дээр ирсэн байгаа энэ үед Оюутолгой, Тавантолгойгоо хөдөлгөөнд оруулж чадлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр 86 хувийн биелэлттэй байна. Үүнд 1000 гаруй асуудал багтаж байгаа юм. Биелсэн бүх асуудал ард иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж байгаа. 
Манай намын хөтөлбөр бүх салбарыг багтааж чадсанаараа бусад намынхаас ялгагдана. Ахмад, хүүхэд, залуус гээд бүх давхаргад хүрч чадсан мөрийн хөтөлбөр болсон” гэв. Хүүхэд гаргасан эмэгтэйчүүд хүүхдээ 18 сар хүртэл асарсан хугацааг ажилласан жилд тооцож нийгмийн даатгалд хамруулах заалт мөрийн хөтөлбөрт туссаныг эмэгтэйчүүд сайшааж байлаа. Мөн мөрийн хөтөлбөрт ахмадууд ч ам сайтай байгаа нь ажиглагдсан.
Тэднийг асарч хамгаалах Ач санах хуультай болохоор хөтөлбөрт тусгасанд нэн баяртай байгаа ажээ. Ийнхүү намын Удирдах зөвлөлөөс томилогдсон багийнхан болон намын хороодын дарга нар бүтэн өдрийн турш санал бодлоо хуваалцаж ярилцсан юм. Ингээд зөвлөлгөөнийг хааж, “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат “Бид намын амьдрал, зовлонг мэддэг, ядаж эргээд жирийн гишүүдтэйгээ уулздаг, анхан шатныхаа гишүүдийн саналыг сонсч чаддаг, тэднийхээ төлөө ажиллаж чаддаг тийм л хүмүүс энэ сонгуульд гарах ёстой гэж бодож байна. 
“Монголын үнэн” сонины хамт олон чадлынхаа хэрээр ажиллана, цаашид ч мөн адил ажиллана гэдгийг та бүхэндээ амлаж байна. Энэ намын зүрх, тархи болсон Архангай аймгийн намын хороо, намын үүрийн дарга нар нийт гишүүддээ сонгууль гэдэг энэ олимпийн тэнцүү тэмдгийн ард ялалт гэдэг үгийг бичээсэй гэсэн ерөөлийг дэвшүүлье. 
Бүгдээрээ ялалтын төлөө хамтдаа зүтгэе. Ардын нам, Ардын засаг мандтугай” гэсэн сайхан ерөөлөөр зөвлөлгөөнийг өндөрлөв. Уг арга хэмжээний үеэр Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат аймгийнхаа намын анхан шатны байгууллагуудыг унаажуулах ажлын эхлэл болгож, аймгийн намын хороонд “Делика” автомашин, сумдын 99 намын үүрт тус бүр нэг ширхэг мотоцикль бэлэглэсэн юм.
 Тэдгээр төмөр хүлгийг Ж.Мөнхбат Ардын намын анхны долоогийн амьдралаар бүтээсэн “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны киноныхоо орлогоор авчээ. 

Д.МЯГМАРСҮРЭН

- See more at: http://www.unen.mn/content/11350.shtml?alias=#sthash.YtRy3ARk.dpuf

Сүүлийн: Архангай аймаг

Онцлох: Архангай аймаг