Ч.Энхбат: Эрх баригчдад сонгуулийн дараа галав юүлсэн ч хамаагүй бололтой

2015 Оны 11 Сарын 13

 УИХ дахь МАН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Энхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй ирэх оны төсвийн төслийн хүрээнд ярилцсан юм.

-Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөл нэлээд өөрчлөгдөж задарч байна. Иймээс Засгийн газарт төсвийг нь буцааж, дахин оруулж ирэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд байсан ч цаг хугацааны хувьд амжихгүй гэх шалтгаанаар шууд хэлэлцэж батлахаар шийдлээ. Эдийн засагч хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ер нь сүүлийн жилүүдийн төсвийн тооцоо судалгаа, төлөвлөлт, төсвийн хуулийн хэрэгжилт, гүйцэтгэл, УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт эрс суларсан гэж болно. Жил жилийн төсөв, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг 1-3 удаа тодотгодог боллоо. Тухайлбал, 2015 оны төсөвт хоёр удаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд гурван удаа гар хүрч өөрчиллөө. Энэ нь улс орны макро эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тооцооллыг үнэн, зөв бодитой хийж чадахгүй байгаагийн нотолгоо юм. Нөгөөтэйгүүр, төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийг нэг дор өргөн барьж байгаа нь буруу. Эхлээд тухайн жилийн төсвийн тодотголоо хэлэлцэн өөрчлөлтөө оруулсаны дараа түүн дээрээ үндэслэн ирэх оны төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтыг төлөвлөн боловсруулах ёстой. Гэтэл бүгдийг нь нэг дор өргөн бариад УИХ дээр баахан өөрчлөлт оруулан хөл, толгой нь мэдэгдэхгүй, цаг хугацаагаар шахан бужигнуулдаг нь өнөөгийн эрх баригчдын арга барил, уламжлал болсон гэхэд хилсдэхгүй байх. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн баригдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотой хууль, тогтоолын төслүүдээ Засгийн газар татаад авчихсан, үүнтэй холбоотой төсвийн зарлага хэсэг дээр өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар татан авч хийлгүй, УИХ-аар хийлгэж байгаа нь зохисгүй юм. УИХ нь цаг хугацаагаар шахуулан тооцоо судалгаа, үндэслэл муутай төсөв хэлэлцэн батлахыг хувьдаа буруу гэж үзэж байгаа. “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг дараа нь дахин дахин төсвөө тодотгох асуудал үүсэх байх. 

-Ирэх оны төсөв нэмэгдсэн, хасагдсан дүнгээр үндсэн тэнцлээ хадгалсан төсөв болж байна хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан хэлж байсан. Үнэхээр ингэж хадгалж чадах уу?

- Чадаагүй гэж бодож байна. Тухайлбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6981.4 тэрбумаас 31.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 7011.9 тэрбум, нийт зарлагыг 46.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 7929.5 тэрбум болгосон. Үүнээс үүдэн нэгдсэн төсвийн алдагдал 16.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 917.6 тэрбум төгрөг болсон. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ОУВС 0.6 хувь, Дэлхийн банк 0,8 хувь байна гээд тооцоолсон байхад Сангийн яам 4.1 хувьтай байхаар тооцон төсвийн орлого, зарлага, алдагдлыг тооцон гаргасан. Байшингийн суурийн тооцооллыг алдаатай хийвэл байшин нурах аюултай болдгийн адилаар эдийн засгийн өсөлтийг хэт өндрөөр тооцон орлогоо төлөвлөн өсгөж, зарлагаа нэмэгдүүлэх нь төсөв сууриараа буруу болж байгаа гэсэн үг. 

-Тэгэхээр..?

-Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдийн алдагаа давтсан хөөсөрсөн төсөв болсон. Тиймээс 2016 оны төсвийн төсөл хямралыг сөрсөн төсөв болж чадаагүй. Харин бүр эдийн засгийн хүндрэлийг улам даамжруулах, өрийн дарамтыг ихэсгэх л төсөв болсон. Эрх баригчидад улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал, баялаг бүтээгчдийн хүндрэл падгүй бололтой. Яаж ийж байгаад сонгуультай золгох, түүнээс цааш галав юүлсэн ч хамаагүй гэсэн байдлаар улсын төсөвт хандаж байгаа нь туйлын харамсалтай.

-Ирэх жил улсын өр хэд байхаар тооцож байгаа вэ? Өрийн хэмжээ буурах уу?

- Төсвийн алдагдал жилээс жилд нэмэгдэж байгаагаас төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр сүүлийн 3 жилд хурдацтай нэмэгдэж байна. 2016 онд бид зөвхөн өр, зээлийн хүүнд 963 тэрбум төгрөг төлөхөөр болсон. 4 жилийн өмнөхтэй харьцуулахад 26 дахин нэмэгдсэн. Улсын өрийн хэмжээ буурахгүй, нэмэгдэнэ. ДНБ-ий өсөлтийг өндөр тооцон түүнтэй харьцуулсан хувь хэмжээгээр харахад улсын өрийн хэмжээ буураад байгаа юм шиг зарим хүмүүст харагдаж магадгүй. Нөгөөтэйгүүр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өнгөрсөн 2 сард өөрчлөлт оруулан зарим салбарт оруулсан өрийг улсын өрд тооцохоо больсон. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өрийг  мөн хассан. Үүнээс үүдэн Засгийн газрын өрийн хэмжээ багасч, шинээр өр үүсгэх орон зайг бий болсон. Тиймээс Засгийн газрын өр, зээл бодит амьдрал дээр буураагүй улам л нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, эрх баригчид мэдсээр байж өөрсдийгөө, Монголын ард түмнийг хуурч байгаа юм. Олон улсын нэр хүнд бүхий судалгааны байгууллагууд монгол улсын өр эрсдэлтэй өндөр хэмжээнд хүрснийг хэлж, анхууруулж байгаа нь үүний нотолгоо. 2016 оны төсвийн хуулийн төсөлд тооцсноор 2016 онд Засгийн газрын өр оны үнээр 1,6 их наяд төгрөгөөр нэмэгдэн 17,1 их наяд төгрөг хүрэхээр байгаа. Энэ нь өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 54,4 хувьтай тэнцэж байгаа болно.

-Ажлын хэсгийн гишүүд өөрсдийнхөө тойрогт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг гэх яриа гишүүдийн амнаас цухалздаг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Өдгөө ажлын хэсэгт багтсан гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтыг судалж үзсэн үү?

-Тойргоос сонгогдсон гишүүн бүр нутагтаа ямар нэгэн үнэ цэнтэй зүйл хийхийг хүсдэг байх. Ажлын хэсгийн гишүүд бусад гишүүнээс давуу эрх идэлдгийг сонсоогүй юм байна. Хэрвээ тийм зүйл байгаа бол төсвийн хөрөнгө оруулалтын бодлого байхгүй болохыг л харуулж байна гэсэн үг. УИХ 2012 оны 60 дугаар тогтоолоор дөрвөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах үүргийг Засгийн газарт өгсөн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын  нэгдсэн бодлого байхгүй, татвар төлөгчдийн хөрөнгийг талаар нэг тараан үр ашиггүй зарцуулах нөхцлийг бүрдүүлж өгөөд байгаагаас л ийм хардлага байнга гараад байгаа юм. Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн асуудал дээр бодлогын шинэчлэл хийх цаг аль хэдийн болсон. 

-Бүсээ чангалсан хэмнэлтийн төсөв хийнэ гэж Засгийн газар мэдэгдэж байсан. Ирэх оны төсөв хэрхэн яаж батлагдах төлөвлөгөөтэй байна. Хэр их хэмнэлт хийж чадаж байгаа бол. Таны ярианаас дүгнэвэл энэ үзүүлэлт хангагдаагүй бололтой?

-Ард иргэд, аж ахуйн нэгжүүд аль 2014 оноос эхлээд бүсээ чангалаад эхэлсэн. Одоо бүсээ цааш бараг чангалах боломжгүй болж байгаа байх. Гэтэл эрх баригчид сайд, дарга нарынхаа тансаглалыг барьж дийлэхгүй, үрэлгэн зардлууд байсаар л байна. Сүүлийн гурван жилийн төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч,   энэ нь бараг уламжлал боллоо. Үүнээс үүдэн зарлага, хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэхгүй, алдагдал ихсэж, өрийн дарамт нэмэгдсээр байна. Гэтэл эдийн засгийн өсөлт ирэх онд нэг хүрэхгүй хувьтай байна гэж байхад 2016 оны төсвийн орлогыг 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 937,8 гаруй тэрбум төгрөгөөр, зарлагыг 676,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж байна. Үүнээс харахад хэмнэлтийн төсөв болж чадаагүй. 

-Сөрөг хүчнийхэн цалин бууруулахыг дэмжихгүй гэснээс болж урсгал зардлыг танаж чадаагүй гэлцдэг?

-УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс 2016 оны төсвийн төсөлд урсгал зардлыг 50 гаруй тэрбум төгрөгөөр хасах, данхайсан чиг үүрэг давхардсан бүтэц орон тоог цомхотгох. Мөн тэвчиж болох шинээр эхлэх хөрөнгө оруулалтыг хасч оронд он дамжин баригдаж байгаа барилга, байгууламжийг барьж дуусгах. Түүнчлэн төр засаг, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд байгаа 1000 орчим том оврын жийп машиныг худалдан борлуулах замаар урсгал зардлыг бууруулах гэх мэтчилэн олон тодорхой саналуудыг гаргасан. Харамсалтай нь, зарим саналууд нь дэмжигдэн, зарим нь кнопны олноор дэмжигдэхгүй үлдэж байна. 

-Ер нь зарлага, орлогыг хэт хөөсрөлтэй байна гэж дүгнэж болох уу?

-Төсвийн орлогыг бодитой тооцож чадаагүй, орлогыг бодитой тооцон,  бууруулах нь битгий хэл 2015 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлээс 900 шахам тэрбум нэмэгдүүлсэн гэдгийг түрүүн хэлсэн. Нэгдсэн төсвийн зарлагын хувьд төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг дээр урсгал зардлыг 51.8 тэрбум бууруулсан. Харин төрийн албан хаагчдын цалинг 10-30 бууруулах гэж байсныг УИХ дахь МАН-ын бүлгийн шахалт, шаардлагын дагуу зогсоосон, Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой хуулийн төслүүдийг татаж авсан зэрэгтэй холбогдон урсгал зардал 186.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 92.2 тэрбумаар бууран 1924.2 тэрбум төгрөг болсон. 2016 онд шинээр эхлэх 92 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн санхүүжигдах 92.3 тэрбум төгрөгийг хасахаар, Хөгжлийн банкнаас санхүүжих дүнгээс 17 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх 59.6 тэрбум төгрөгийг хасахаар болсон. Үүнээс гадна Хөгжлийн банкнаас санхүүжигдах найман төслийн 2016 онд санхүүжигдэх дүнг 42.7 тэрбум төгрөгөөр бууруулсан. 

-Он дамжин хэрэгжиж байгаа хичнээн төсөл, арга хэмжээ байгаа вэ. Мөн шинээр хийгдэх хөрөнгө оруулалтад хичнээн төгрөг төлөвлөв?

-Харин Улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад  нэмж 30 төсөл, арга хэмжээ суулгаснаас он дамжин хэрэгжиж байгаа 13, 2016 онд шинээр эхлэх нь 17 байгаа бөгөөд 2016 онд санхүүжигдэх дүн 63.3 тэрбум төгрөг. Шинээр нэмэгдсэн төсөл, барилга, байгууламж нь хойшлуулж болшгүй, зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтууд байгаа юм. Тухайлбал, МАН-ын бүлгийн гаргасан саналын дагуу Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжид 8.1 тэрбум төгрөг, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл 5.6 тэрбум төгрөг гэх мэт.

-Ирэх оны төсвийн орлого бүрдүүлэлтийг хэрхэн авч үзэж байгаа вэ. Эдийн засагчдын хэлж байгаагаар ирэх онд орлого нэг их наядаар тасрах магадлалтай. Учир нь өмч хувьчлалаас олох 104 тэрбум төгрөг эргэлзээтэй. Орд газраас оруулах 200 тэрбум төгрөгт ч хэт итгэх нь буруу гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Эдийн засгийн өсөлтийг үндэслэлгүй өндөр тооцсоноос болж орлого төлөвлөгдсөн хэмжээнд хүрэхээргүй байгаа нь тодорхой. Тиймээс ирэх оны төсвийн орлого нэлээдгүй хэмжээгээр тасрах байх. Өмч хувьчлалаар ирэх онд 171.7 тэрбум төгрөг олно гэж төлөвлөсөн нь эрсдэлтэй. Учир нь 2015 оны төсөвт өмч хувьчлалаар 181.4 тэрбум төгрөг төвлүүрнэ гэж тооцоолсон боловч энэ оны есдүгээр сарын байдлаар төлөвлөгөө 166.5 тэрбум төгрөгөөр тасарч гүйцэтгэл дөнгөж есөн хувьтай байгаагаас харахад ирэх онд ч ийм нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Сүүлийн 2-3 жил томоохон төслүүдийг эрчимжүүлэн төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөө биелээгүй. Тиймээс сонгууль болох ирэх жил томоохон төслүүд идэвхжээд төсвийн орлогыг нэмэгдүүлэх тооцоолол эрсдэлтэй юм.

-Хөрөнгийн бирж, Төрийн банк, МИАТ-ийг хувьчлах нь хэр оновчтой санал вэ. Эдгээр аж ахуйн нэгж хувьчлах жагсаалтад багтаагүй?

-Эдийн засгийн хямралтай, аж ахуйн нэгжүүдийн орлогогүй болж байгаа нөхцөлд татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болсон төрийн өмчийг үнэгүйтүүлэн хувьчлах нь буруу. Нөгөөтэйгүүр, хувьчлагдах төрийн өмчийн жагсаалт өнөөдрийг хүртэл Засгийн газраар шийдэгдээгүй. Хөрөнгийн бирж, Төрийн банкийг хувьчлах саналыг сая төсвийн хуультай өргөн барьсан. Бусад хувьчлагдах өмчийн жагсаалт тодорхойгүй байхад төсөвт 91.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гээд тооцчихсон байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ Хөрөнгийн бирж, Төрийн банкнаас гадна өөр ямар өмчийг хувьчлахыг нь мэдэхгүй харанхуйгаар л хувьчлалаас олох орлогыг нь баталж байна. Төсвийн хуулиар баталгаажуулан авсан үүргээ хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар хувьчлагдах өмч, түүний үнэ өртгийг зоргоор тогтоон гаргах нь боломжтой болж байгаа юм.  УИХ дахь МАН-ын бүлгээс хувьчлагдах өмчийн жагсаалтыг гаргаж УИХ-аар хэлэлцүүлсэний дараа өмч хувьчлалын асуудлыг ярих шаардлагыг тавьж байгаа билээ.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар төсөвт сохор зоос ч төвлөрөхгүй гэлцэж байна. Энэ үнэн үү? 

-Сангийн яамны тооцоогоор ирэх оны төсөвт эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн нөлөөллөөр 140 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон. Биелэгдэх эсэхийг цаг хугацаа л харуулах байх даа. 

-Засгийн газар ганц ч татвар нэмэхгүй гэж байсан ч Онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр боллоо. Сөрөг хүчний намын гишүүний хувьд энэ талаар байр сууриа илэрхийлээч. Эрх баригчид сонгуулийн мөнгөө босгохын төлөө хэт улайраад байна уу, эсвэл сонгуулийн жилийг угтаж сөрөг хүчин шоудаад байна уу?

-Эрх баригчид төсвийн алдагдлаа багасгахын тулд татвар нэмж иргэдийн халаас руу гараа дүрж байгаа юм. Угийн эдийн засгийн хямралтай байгаа үед иргэд, аж ахуйн нэгжээ дэмжин дотоодын импортын бензин, дизелийн үнийг бууруулсан бол эдийн засагт ихээхэн дэмжлэг болох байлаа. Харамсалтай нь эрх баригчид шатахуун, дизель түлшний импортын онцгой албан татварыг дээд хязгаарыг 3 дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. МАН-ын бүлгийн байр суурь анхнаасаа тодорхой байсан. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ жил гаруйн хугацаанд 60 гаруй хувиар буурсан. Ойрын жилд өсөх хандлага бага байгаа тул татвар нэмэгдүүлэхгүйгээр шатахууны жижиглэнгийн үнийг бууруулах, Монгол Улс даяар ижил үнэтэй байлгах шаардлагыг тавьж байсан. Харамсалтай нь, татварыг нэмэгдүүлэхээр болж байгаа ч улс даяар жижиглэнгийн үнийг ижил үнэтэй байлгах талаар УИХ-аас Засгийн газарт тодорхой зохицуулалт хийх үүрэг өгсөн байгаа тул нааштай шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй байна. Ерөнхий сайдын татвар нэмэхгүй гэсэн амлалт  хаданд хэлсэн цуурай л болж байх шиг. 

-Эдийн засгийн өсөлтийг ОУВС 0.6 хувь байна гээд тооцоолсон байхад Сангийн яам 4.1 хувь гэж таамагласан. Таны хэлдгээр байшингийн суурь ганхахаар байгааг Ч.Хүрэлбаатар гишүүн сануулсан. Та  4.1 хувийн өсөлтийг хэр үндэслэлтэй гэж үзэж байгаа вэ?

- Үндэслэл муутай гэж үзэж байгаа. Эдийн засаг хүндэрч байгаагаас болж Монгол улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 65.7 мянга буюу 52.5 хувь үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаагийн зэрэгцээ манай улсын экспортын гол нэр төрлийн түүхийн эдийн үнэ унасан, ойрын хугацаанд өсөх хандлагагүй болсон, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй гадагшлах болсон, төр, хувийн хэвшлийн гадаад, дотоод өрийн дарамт ихэссэн, банкны систем эрсдэлтэй байдалд орсон зэргээс үзэхэд 2016 онд ДНБ-ий өсөлтийг 4.1 хувь хүрнэ гэдэг бодитой бус юм.

-Хэтэрхий өөдрөг энэ төсөөлөл ямар эрсдэл учруулах бол?

-Энэ жилийн эдийн засгийн өсөлт гурав хүрэхгүй хувьтай гарах болов уу гэж харж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, томоохон төслүүд эрчимжихгүй бол сайжирна гэсэн гэрэл гэгээ харагдахгүй л байна. Өнөөдөр банкны салбар ямар эрсдэлтэй байдалд орсон байгаа билээ, валютын нөөцөө шавхагдан өр зээлээр аргацааж байгаа байдлаас үзэхэд 2016 онд 4.1 хувийн өсөлт гаргана гэдэг хэцүү. Тиймээс ОУВС-ийн тооцоолсон 0.6 хувь, Дэлхийн банкны 0.8 хувиар өснө гэсэн үндэслэлтэй, үнэнд ойртсон тоо гэж бодож байна. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж гарч ирсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн хүндрэлийг улам гүнзгийрүүлж болзошгүй төсөв оруулж ирсэн. Засгийн газрын бодлого, шийдвэр ч үүнийг нотолж байгаа. Тухайлбал,  шинээр татвар бий болгох, татвар нэмэгдүүлэх, төсвийн орлого зарлагыг үнэн зөв, бодитой тооцоолохгүй хөөсрүүлэх, төсвийн алдагдал, өрийн хэмжээг нэмэгдүүлж байгаа зэргээс харагдаж байгаа юм.  Эрх баригчдад бодлогын алдаагаа засах ухамсар, чадамж байхгүй болох нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2016 оны төсвийн төсөл,явуулж буй бодлогоос тодорхой харж болно. Монголбанк, ОУВС-гийн нэгдсэн төсвийн алдагдлыг аль болох бага байлгахыг зөвлөөд байхад Засгийн газар төсвийн алдагдлыг 900 гаруй тэрбум төгрөг байхаар тооцон оруулж ирсэн нь улс оронд тулгарсан эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг бодитой үнэлж чадахгүй байгаагын зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоо хангагдаагүй байгаа нь харагдаж  байна. 

Л.НИНЖСЭМЖИД

 

Сүүлийн: ЗАСГИЙН ГАЗАР

Онцлох: ЗАСГИЙН ГАЗАР