СОЛИЙН ДАНЗАНГИЙН МЭНДЭЛСНИЙ 135 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Сэтгүүлч
2020/12/29

Үндэсний Эрх Чөлөө, Тусгаар Тогтнолоо сэргээсний 109 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна. Түүхэн өдрийн хүрээнд  МАН-ын дэргэдэх Стратеги академиас Солийн Данзангийн мэндэлсний 135 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд Монгол Улсын Шадар сайд, “Солийн Данзан сан”-гийн тэргүүн Я.Содбаатар, Монгол Ардын намын хяналтын хорооны дарга Б.Баярбаатар, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа болон эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Хэлэлцүүлгээр С.Данзангийн Монгол улсын хөгжилд оруулсан түүхэн гавьяаг олон нийтэл таниулах, эрдэмтэн судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, байр суурийг нэгтгэх, санал зөвлөмжийг нэгтгэн хэвлүүлэх, номын сангуудад хүргэх чиглэлд анхаарч ажиллахаар тогтлоо.

Энэ үеэр МУБИС-ийн Түүх, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн багш, доктор А.Алтанбагана, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Хишигт, Доктор, дэд профессор Л.Дашням, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн З.Лонжид нар Солийн Данзантай холбоотой үйл явдал, 1921 оны Монголын хувьсгалын дипломат түүхэнд оруулсан хувь нэмэр, сангийн яамны тэргүүн сайд байх үетэй холбоотой илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Солийн Данзан нь Монгол Ардын Намын анхны дарга, Сангийн яамны тэргүүн сайд, 1923 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, Бүх цэргийн жанжны албыг хашиж байсан юм.  Мөн Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, нам, улс төр, нийгмийн зүтгэлтэн төдийгүй санхүү, эдийн засгийн салбарт чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй өөрийн гэсэн үзэл бодолтой, төр, нийгмийн томоохон зүтгэлтэн юм.