АРДЧИЛАЛД ХААЛГА НЭЭЖ ӨГСӨН ТӨРИЙН ТЭРГҮҮН ЖАМБЫН БАТМӨНХ

Сэтгүүлч
2020/12/10

Ардчилал, хүний эрхийн өдөр өнөөдөр тохиож байна.  Өдгөө 31 дэх жилтэйгээ золгож буй ардчилсан хувьсгал ялахад хувь нэмрээ оруулсан ардчиллын партизануудын гавьяа зүтгэлийг энэ өдөр нэхэн санадаг.Тэдгээрийн нэг нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнх бөгөөд Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн  мөчид  төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь  Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн хэмээн үздэг. Тэрээр эгзэгтэй  үед түүхэн шийдвэр гаргаж,  Улс төрийн товчоог  бүрэн бүрэлдэхүүнээр  огцруулсан нь “оготны хамраас цус гаргаагүй” бий болсон ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлэгдэж, нэн шинэ цагийн түүхэнд үлдсэн байдаг. Монгол Ардын Намаас жил бүрийн энэ өдөр түүний дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөдөг уламжлалтай. Харин энэ жил ковидоос шалтгаалан онцгой нөхцөл байдал үүссэн учраас ulsturch.mn сайтад нийтлэгдэж байсан "АРДЧИЛАЛД ХААЛГА НЭЭЖ ӨГСӨН ТӨРИЙН ТЭРГҮҮН ЖАМБЫН БАТМӨНХ" нийтлэлийг Та бүхэн хүргэж байна.   

АРДЧИЛАЛД ХААЛГА НЭЭЖ ӨГСӨН ТӨРИЙН ТЭРГҮҮН ЖАМБЫН БАТМӨНХ

Жамбын Батмөнх гэхээр сүүлийн үеийнхэн энэ чинь хэн  билээ гэж бодож мэднэ. Харин социализмын үеийнхэн түүнийг андахгүй, сайн танина. Энэ хүн бол социалист гэгдэж байсан үеийн Монгол Улсын сүүлчийн удирдагч. Манайхны хумүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэм гэж зарлан тунхаглаад байдаг өнөө цагийн нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд ихийг хийж бүтээсэн хүн билээ.  Ялангуяа,  1980-1990-ээд онд Монголын нийгэм, улс төрийн амьдралд тохиосон эгзэгтэй үйл явдлын төвд байж, үүдэн бий болсон хурцадмал асуудлыг ул суурьтай шийдэж, ухаан сийрэг, уужуу тайвуу зан, улс төрийн ноён нуруугаараа үүрч гарсан гавьяатай хүн. Түүний гавьяа зүтгэлийг түүхийн хуудаснаас харж, тоочин бичиж, дурьдах нэг хэрэг. Харин  Жамбын Батмөнх агсны амьдралын замналыг нүдэнд харагдтал зураглах нэгэн бол түүний  гэргий, тухайн үеийн тэргүүн хатагтай А.Дариймаа гуай билээ л.         Жамбын Батмөнх агсны мэндэлсний 92 жилийн ой өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд тохиосон.  Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын зүгээс түүний гэргий, ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор энэ жил МАН-ын Удирдах зөвлөлөөс Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаад хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрээр өдгөө 86 насыг зооглоод буй юм.

       Ардчилсан хувьсгалыг тайван замаар эхлүүлж, өнөөгийн төр нийгмийг цогцлоон бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэдгээр нь Ж.Батмөнх агсныг мэдэх хүн цөөнгүй. Тэгвэл тухайн үеийн эрчим хүч, уул уурхай геологийн хөгжлийн түүхийг ч түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.  Ингээд түүний хүүхэд нас, ажил амьдралын гараа хаанаас эхэлснийг сонирхож, гэрийнх нь архивыг сонирхохоор  А.Даариймаа гуайг зорьж очиход тэрээр  бидэнд зургийн цомог дэлгэн байж хуучилсныг энд товч сийрүүлье.

          Ж.Батмөнх агсан хөдөөгийн эгэл жирийн малчны гэр бүлд төрж, өсчээ. Түүх сөхвөл 1926 онд арван баядын нутаг-Увс аймгийн Хяргас суманд төржээ. Ардын сургуулийн босгыг алхахдаа ах Жамбын ам бүлд багтаж түүгээр овоглох болсон байна. Тэрээр төрөлх Увс нутагтаа долдугаар анги төгсч, гэр намраа Улсын их сургуулийн хоёр жилийн бэлтгэл ангид элсэн суралцжээ. Ж.Батмөнх 1947-1951 онд тус сургуулийн эдийн засгийн ангийг дүүргэж, дээд боловсрол эзэмшсэн байна.

Их, дээд сургуулийн багш, захирлын албыг 20 гаруй жил хашсан энэ профессор төрийн удирдлагын дээд өндөрлөгт ахар богино хугацаанд нэр дэвшин гарч ирсэн нь хэний ч сонирхлыг татна. Тухайлбал, 1973-1974 онд профессор Ж.Батмөнхийн ажил, амьдралд огцом эргэлт гарчээ. Хамт ажиллаж байсан нөхөддөө “Өндөр мэдлэгтэй, сайн зохион байгуулагч” хэмээн үнэлэгдээд байсан эрдэмтэн багшийг 1973 онд Намын төв хорооны Шинжлэх ухааны боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилон ажиллуулаад, 1974 оны хавар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар томилж, тэрхүү шинэ албан ажилтайгаа бүрэн танилцаж амжаагүй байхад нь 1974 оны VI сард хуралдсан Ардын их хурлын ээлжит чуулганаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын хариуцлагатай албан тушаалд тохоон тавьсан байдаг.

Энэ тухайд А.Дариймаа гуай хуучлахдаа “Би 12 дугаар хороололд байдаг гэртээ хоол ундаа хийчихээд хүлээж байтал өвгөн маань ирдэггүй. Гэтэл нэг залуу орж ирээд “А.Дариймаа гуай дарга Их тэнгэрийн аманд урд гэртээ харьчихсан. Сайд нарын Зөвлөлийн дарга болсон болохоор хамгаалалтад ороод гарах аргагүй. Таныг аваад ир гэсэн. Би комиссар нь байна” гэж хэлэв. Тэр комиссарыг дагаад Ихтэнгэрийн аманд очтол үүдэнд буутай харуул байна. Намайг ороход өвгөний хажууд Чойжинхорлоо гэдэг эмч сууж байна. Би сандраад “Бие чинь яагаа вэ?” гэвэл Чойжинхорлоо инээгээд “Яагаа ч үгүй ээ. Та сандрах хэрэггүй” гээд гараад явчихав. “Өвгөн минь юу болж байна даа?” гэвэл “Улсын их хурлын чуулган намайг Сайд нарын Зөвлөлийн даргаар баталчихлаа. Мэдлэг, чадвар мөхөсдөнө гэдгээ яаж ч тайлбарлаад ойлгуулж чадсангүй” гэхэд нь би ханийнхаа сэтгэл зовж байгааг ойлгосон ч, Монголын иргэн, аль нэг аавын хүүд оногдох ёстой л алба байгаа.Түүнийг нам, төр маань итгэл найдвараа тавьж чамд минь оноожээ. Нэгэнт гарсан Их хурлын чуулганы шийдвэрийг иргэни йхээ хувьд биелүүлэх учиртайгаас хойно чаддаг мэддэг бүхнээ хийгээд үзэх л тулгараад байна гэж би ойлгож байна. Хоол ундаа идээд эртхэн амар гэж хэлж билээ” хэмээн тэртээх өдрүүдийг дурссан юм.

             Товчхондоо, Жамбын Батмөнх нь 1948 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар тус тус томилогдон ажиллаж байжээ. Тэрээр  1984 оныг хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байв. Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх, техникийн бааз байгуулахыг уриалснаар 1970-аад оноос эдийн засаг, нийгмийн хөгжил хүчээ авсан гэж үздэг.

Өдгөө 86 нас хүрч буй энэ буурай Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул. А.Дариймаа гуай ханьтайгаа  танилцсан үеэ ийн дурсав. “Өвгөн бид хоёр 16 настай оюутан байхдаа анх танилцсан. Би Хөдөө аж ахуйн техникумд, Ж.Батмөнх МУИС-ийн эдийн засгийн ангид суралцаж, хуучны “Есөн гудамж”-нд оюутны байранд амьдарч байхад нь танилцаж байлаа. Хоёулаа хөтлөлцөн гүйж яваад 17-тойдоо айл болж байлаа. Өвгөн 1951 онд сургуулиа төгсч Багшийн дээд сургуульд багшаар хуваарилагдсан. Бид 1952 онд Богдын өндөр гэдэг байрны нэг өрөөнд айл болж байлаа. Би Хөдөө аж ахуйн техникумд суралцаж, малын ахлах бага эмч мэргэжлээр сургуулиа дүүргэсэн. Тухайн үед малын эмч ховор байсан учраас Дорнод аймгийн “Хөдөлмөр” нэгдлийн их эмчийн орон тоон дээр очиж ажиллахаар явж байлаа. Малын эмчийн ажил тийм ч амар байгаагүй. Хөдөө дуудлагаар явж байхдаа би хөлөө хөлдөөгөөд хөглөж явлаа. Тэгэхэд өвгөн маань Хөдөө аж ахуйн сайд Балжинням гуай дээр орж “Манай хүн хөдөө ажиллаж байгаад хөлөө хөлдөөчихлөө” гэхэд нь “Намын дээд сургуулийн багш хүн байж, эхнэрээ хөдөө явуулчихаад сууж байдаг. Ямар сонин хүн бэ. Өөрөө араас нь явахгүй юу” гэж хэлсэн гээд инээж байсан гэдэг. Тэгээд намайг дэргэдээ татаж авсан юм.

         Хотод ирээд би ТМС-ийн анхны суурь мэргэжлийн курс гэж байгуулахад тэнд хичээлийн эрхлэгч хийж байлаа. Гэтэл Хөдөө, аж ахуйн яамнаас намайг орон нутагт сайн ажилласан гээд Хөдөө, аж ахуйн дээд сургуульд дахин суралцах эрх олгосон юм. Тэнд гурван жил суралцаж байхад өвгөн хойшоо сурахаар болов. Тэгэхэд аав минь “Нэг гэрийн хоёр хүн хоёулаа эрдмийн мөр хөөхөөр тэр айл зутарна. Миний охин хүүхдүүдээ сайн асарч, гэр орноо сайхан авч яв.  Ж.Батмөнхийгөө дэмжээд явж бай. Заавал дээд сургууль төгсөх гээд яах вэ” гэж хэлээд намайг сургуулиас гаргасан.Сургуулиас гарангуутаа би Намын дээд сургуулийн номын санд түр ажилд орсон юм. Номын санч малын эмчийн хажууд сайхан ажил байлаа. Би их сургуулийн номын санд 33 жил ажиллаж байгаад 1988 онд тэтгэвэрт гарсан” гэв.

     Ж.Батмөнхийг Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаж байсан тэр үе бол их бүтээн байгуулалтын үе. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, техникийн бааз байгуулж дуусгах уриан дор монголчууд хичээнгүйлэн зүтгэж байсан үе. Өөрөөр хэлбэл, 1970-аад оноос манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжил эрч хүчээ авч байсан гэж үзэж болно. Чухам  энэ үед л Монгол орны нүүр царайг тодорхойлж буй Эрдэнэтийн зэс молибдений үйлдвэр, Эрдэнэт хот, Багануурын нүүрсний ил уурхайн цогцолбор, манай улсын хамгийн том эрчим хүчний үйлдвэр болох Улаанбаатарын цахилгаан станц, төвийн бүсийн өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээ, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр гэх мэт томоохон  үйлдвэрүүд, барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулж байсан юм.  Үүнээс гадна хөнгөн, хүнс, гурил тэжээл барилгын материал, мод боловсруулах салбарын шинэ үйлдвэрүүд ашиглалтанд орж, хуучин ажиллаж байсан олон арван үйлдвэрт өргөтгөл, шинэтгэлийн ажил хийгдсэн байдаг.  Мөн үүний үр дүнд манай улсын аж үйлдвэрийн хоёр дахь төв болох Дархан, Чойбалсан хот бий болсон байдаг. Ялангуяа “Эрдэнэт” үйлдвэрийг богино хугацаанд барьж ашиглалтанд оруулах талаар Намын төв хороо, Засгийн газар, тухайлбал Ж.Батмөнх гуай өөрөө холбогдох яам, удирдах хүмүүстэй хамтран шаардлагатай арга хэмжээг авч ажиллан, өнөөдөр монголчууд бидний бахархал болсон олон том үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулахад чухал нөлөө үзүүлсэн нь түүх болон үлджээ. 

          Засгийн газрын тэргүүний хувьд, тэрээр түлш эрчим хүчний үйлдвэрийг хөгжүүлэх, улс орны эрдэс түүхий эдийн нөөц баялгийг ашиглах, уул уурхайн үйлдвэрийг барьж байгуулах, үндэсний геологийн албыг өргөтгөн бэхжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар санаачлагатай ажиллаж байсныг тухайн үеийн төр засгийн удирдлагууд, Монголын ард түмэн сайшаан магтсан байдаг нь түүний амьдралын замналыг өгүүлсэн олон зохиол, бүтээл, баримтат кино, түүхийн хуудаснаас тодорхой харагдана.

        Түүний хийж бүтээсэн гавьяат үйлсийг энд ч бас тоочоод баршгүй. Түүхийн хуудас сөхвөл, Жамбын Батмөнх гэх энэ эрхэм монголчууд бидний идэх хоол, өмсөх хувцсыг бэлдээд өгчихсөн хүн юм гэж харахаар олон сайхан зүйлийг хийж бүтээжээ. Энэ тухай мөн цөөн хэдэн зүйлийг нь дурьдахыг хүслээ. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хот болон төвийн бүсийн нүүрсний хэрэгцээг хангах манай хамгийн том уурхай Багануурын нүүрсний ил уурхайн цогцолбор, Улаанбаатарын дулааны IV цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинээр ашиглалтанд оруулж, төвийн эрчим хүчний системийг ЗХУ-ын Сибирийн эрчим хүчний системд холбожээ. Мөн Бор-Өндөрийн жонш баяжуулах үйлдвэрийг хуучны ЗХУ-тай хамтран барьж байгуулснаар манай улс жонш олборлох талаар тухайн үед дэлхийд тэргүүн байранд орж байв. Түүний удирдаж байсан Засгийн газар 1970-1980-аад онд Монголд үндэсний геологийн албыг хөгжүүлэх талаар онцгой анхаарч, геологи уул уурхайн яамыг бие даалган байгуулж байсан түүхтэй. Түүнчлэн олон улсын геологийн экспедицийг манайд байрлуулан, шинэ ордыг нээн илрүүлэх, тэдгээрийн нөөцийг тогтоох талаар их ажил хийжээ. Тухайн үеийн ТМС төгсөгчид ч бас боловсрол, мэдлэгтэй болж, улс орны хөгжлийг түүчээлэгч мэргэжилтэй ажилчдын эгнээг өргөжүүлсэн гавьяаг түүнтэй холбон ярьдаг. Учир нь тэрээр техник мэргэжлийн сургалтын бүхэл бүтэн бие даасан тогтолцоог бүрэлдүүлэн, олон арван мянган мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд чухал хувь нэмрийг оруулжээ. 

      Ж.Батмөнх агсны гэр бүлийн зургийн цомгийг үзэж суухад хийсэн бүтээсэн зүйлээр нь бараг нэг үзэсгэлэн гаргачихмаар, сонирхолтой зураг цөөнгүй харагдаж байв. Олон зурагны дунд орос, монгол хүн сансарт ниссэн, түүхийн гэрч болсон нэг зураг байна. Түүний тухай бас түүхийн хуудас сөхөж, учир утгыг нь олж харахыг хичээв.

       Ж.Батмөнхөөр толгойлуулсан Засгийн газар ЗХУ болон социалист орнуудтай ойртон нягтрах, хамтран ажиллах талаар их зүйлийг хийж байжээ. Энэ ажлын хүрээнд тэрээр ЗХУ-д хэд, хэдэн удаа айлчлал хийсэн байна. Ялангуяа түүнийг Сайд нарын Зөвлөлийн дарга байх үед манай улс бусад социалист орнуудын хамт “Интеркосмос” программын дагуу сансар огторгуйг энхтайвны зорилгоор ашиглахад идэвхтэй оролцож байжээ. Үүний үр дүнд БНМАУ-ын иргэн Ж. Гүррагчаа 1981 оны гуравдугаар сарын 22-ны ням гаригт олон улсын багийн бүрэлдэхүүнд оролцож, Зөвлөлтийн “Союз-39″ хөлөг, тойрог замын “Салют-6″ станцаар сансрын нислэг хийхээр эх дэлхийгээс хөөрчээ. Талын монгол малчны хүү анх удаа сансарт ниссэн энэхүү мэдээ нь тэнгэр газрын савслага бүхэнд хүрч, дэлхийн чихийг дэлдийлгэсэн гайхамшигт үйл явдал болсон нь түүний хийсэн ажлын бас нэгэн үр дүн байжээ.  

       Ж.Батмөнх гуайн засаг, төр удирдаж явсан үеийг дурсахаар ардчиллын тухай яриа эрхгүй сөхөгдөнө. Монголчууд ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэлд босч, төв талбай тэр чигтээ бухимдсан олны хөлд дарагдсан 1990 оны цагаан морин жилийг хүмүүс мартаагүй. Бүхэл бүтэн 70 жил коммунист дэглэмээр явсан иийгмийн тогтолцоог өөрчлөхийн тулд хүмүүс жагсч, сүүлдээ тэмцлийн хурц хэлбэрт орж, улс төрийн өлсгөлөн зарласан юм. Хаврын урь орж, гадаа гуравдугаар сар гарсан ч өвлийн хүйтэн өдрүүд дуусаагүй байсан нь өнөө цагийн хүүхдүүдэд тэр үеийн бичлэг, баримтат кино, гэрэл зургийн хальснаас тодорхой харагдана. Тэр үед ард түмэн хүйтэн сэрүүнээс халгалгүй,  Сүхбаатарын талбайг зорин ирж байв. Өвлийн хүйтэн байтугай бүхнийг өөрийн дур сонирхол, харцаараа удирддаг байсан нэг намын дарангуйллаас тэд эмээгээгүй юм. Тухайн үед ард түмний жагсаал цуглааныг тараах, дарах шиг амархан зүйл эрх баригчдад байгаагүй. Тийм ч учраас цугласан олныг хүч хэрэглэн тараах бичиг тогтоол үйлдчихээд, ганцхан хүний гарын үсэг хүлээж суужээ. Харин Монголын төр үеийн үед уул шиг нуруутай, ухаант хүмүүсээр дутаж байгаагүйн хүчинд цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг цэргийн хүчээр нухчин дараагүй юм.

        Улс төрийн нөхцөл байдал хурцадсан тэр хүнд үед нам, төрийн тэргүүн Ж.Батмөнх асуудалд нухацтай хандаж “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” гэсэн хатуу байр суурь баримталж байсан гэдэг. Хурцадмал байдлыг улс төрийн аргаар шийдвэрлэх ганц зам бол МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох явдал гэж Ж.Батмөнх үзэж, Улс төрийн Товчооны хуралдаанаар хэлэлцэн зөвшөөрүүлээд дараа нь Намын төв хорооны VIII бүгд хурлаар уг асуудлыг шийдвэрлүүлсэн юм. Зарим хүмүүс Улс төрийн Товчоо гутамшигтайгаар огцорлоо, уналаа, ялагдлаа, бууж өглөө, намыг хунд байдалд орууллаа гэж зэмлэж байсан удаатай. Гэтэл энэ нь Ж.Батмөнхийн улс төрийн ухаалаг зориг, ардчиллын өмнө байгуулсан том гавъяа байсныг  цаг, хугацаа харуулж байна.        Энэ талаар Ж.Батмөнх агсны гэргий А.Дариймаа гуай ярихдаа “1990 оны гуравдугаар сард шүү дээ. Тэр үед МАХН-ын Төв хорооны VIII бүгд хурал болох гээд өвгөн маань гэртээ илтгэлээ бичээд сууж байсан юм. Тэгсэн утас дуугараад хэсэг ярьж байснаа “Хэдхэн монголчууд бие биенийхээ хамраас хэрхэвч цус гаргаж болохгүй” гээд утсаа тархийтэл шидсэн. Ер нь ингэдэггүй тайван хүн. Тэгээд “Дарга нар цуглаад нэг зүйл дээр намайг гарын үсэг зур гэнэ. Тийшээ яваад ирье” гэсэн. Хувцсаа өмсч байхдаа хажуудаа байгаа зангиагаа харахгүй “Миний зангиа хаана байна” гээд байсан.

        Одоо бодож байхад их л сандарч тэвдэж байж дээ. Хоол ч идээгүй, үүдэнд зогсч, аяга цай уугаад гарсан. Гадаа жагсч байсан залуус нь хоорондоо мөргөлдөөд сүйд болсон юм болов уу гэж бодоод дэмий санаа зовоод л үлдсэн. Үнэндээ гадаах жагсаал, хөдөлгөөнийг дарах, тараах зорилготой тогтоолд гарын үсэг зуруулах гэсэн юм билээ. Манай хүн тэнд очоод ” Би үүнд хэзээ ч гарын үсэг зурахгүй. Хэдхэн монголчууд бие биенийхээ хамраас цус гаргахдаа тулаагүй” гээд ширээгээ цохиод гарсан гэдэг юм. Орой нь ирэхдээ огцорсон байсан. Надад энэ тухай ч бас тодорхой зүйл яриагүй. Ер нь ажлынхаа тухай олон юм яриад байдаггүй хүн байсан. Их тайван хүн байсан даа хөөрхий” хэмээн дурсан ярьж байв.

      Ж.Батмөнх гуайн гэргийтэй ярьж суухад амьдралынхаа ихэнхийг Монголын улс төрд зориулсан энэ буурал эрхэм албан тушаалаа өгснөөс хойш ар гэртээ, хүүхдүүддээ цаг, хугацааг арай илүү зарцуулдаг болсон юм шиг санагдсан.  Тэрээр хүүхдүүддээ “Монгол Улсыг авч явах хүмүүс нь залуучууд та нар юм шүү. Та нар ажил төрлөө сайн хий. Худалдаа наймаа гэж янз бүрийн юм хийгээд хэрэггүй. Монгол Улс тэгж явахгүй” гэж захидаг байжээ. 1990 он тэдний амьдралд ч бас хүнд, хэцүү байж. “Том хүү маань орон тооны цомхтголоор ажлаасаа гарч цагаан хоолны газарт төмс арилгадаг байлаа. Дунд хүү нэхмэлийн машин олж цамц, өмд нэхэж, зах дээр борлуулдаг байсан. Харин бага хүү “Ажнай” хоршоо байгуулан ажиллаж байсан. 1990 оны давалгаагаар манайхныг бүгдийг нь хэлмэгдүүлж, ажилгүй болгосон. Ажилгүй баахан залуучууд ийш, тийшээ тараад явчихсан.  Монголдоо байгаа нь амьдралаа болгох гэж хичээж зүтгэж, янз бүрийн зүйл хийж оролдож байв. Зарим нь бас гадагшаа гарч явсан гэж байв.

            1990 онд өвгөнийг минь огцроход 500 төгрөгнөөс өөр юу ч өгөөгүй. Бидэнд байр, унаа байгаагүй. Багш байхад нь 12 дугаар микрорайонд дөрвөн өрөө сайхан байртай байсан. Тэгсэн өвгөн “Хоёулаа улсын байранд орлоо. Хүүхдүүд бага болохоор тэр байрыг тэнд цоожтой байлгаж байхаар хотын захиргаанд гэрчилгээг нь аваачаад өгчих. Нэг ч гэсэн хүн толгой хоргодог гэхээр үгэнд нь орж, Балжинням гэдэг даргад байрныхаа гэрчилгээг аваачаад өгчихсөн. Ингээд 1990 оны гуравдугаар сард өвгөн ажил, байргүй болж хаашаа ч очих аргагүй болж байсан. Одоо энэ амьдарч байгаа байрнаас өөр юу ч байхгүй. Бид хоёрын мөнгө нийлээд 800-хан төгрөг болдог байв. Байр, цахилгаан, хоолоо авахад хаанаа ч хүрдэггүй байсан. Тэр үед бид хоёр аль олдсон ажлыг л хийж явлаа. Нөхөр талхаа өөрөө барьдаг боллоо. Би буриад гутал хийж, дээл оёж зардаг байлаа. Хүү маань хойшоо, урагшаа явж даавуу авчирч дээл оёж таньдаг хүнээр заруулж хэд гурван төгрөг болгоно.

Намайг гэртээ юм оёол суучихаар өвгөн минь очиж картын бараагаа авдаг байсан. Тэгээд ирэхдээ “Ёстой эвгүй юмаа. Нэг л их урт дугаар байна,  Хойно зогссон минь хүмүүс урагшаа ороод ав гээд байх юм. Надтай адилхан хөгшчүүл, хүүхэд гээд янз бүрийн хүн дугаарлаж байхад “Миний юмыг өг” гээд дайралтай нь биш. Адилхан л зогсч байгаад аваад ирлээ гэдэг байсан.

      Манайх гурван хүүтэй. Том хүү маань НАХЯ-ны сургууль төгсөөд салбарын яамандаа ажиллаж байлаа. Дунд хүү их сургуулийн төлөвлөгөө, эдийн засаг гэж байхад нь төгсч төлөвлөгөөний комисст ажиллаж байсан. Бага хүү Статистикийн төв газарт ажиллаж байгаад Москвагийн их сургуульд шалгалт өгч, сэдвээ авах гээд ирэхэд аав нь огцорч орох байр ч үгүй сууж байсан. Тэгсэн “Толгой ажиллуулж болдоггүй юм бол гар, хөлөө ажиллуулъя” гээд “Ажнай” гэж хоршоо байгуулан оёдол хийн биднийг хоолтой залгуулж байсан даа.

Тэгээд хүү маань 1992 онд Дамбадаржаад газар авч, хашаа хатган аавтайгаа байшин барьж дотор гаднагүй шавардаж билээ. Бид хоёр хашаандаа битүү хүнсний ногоо болон жимсний мод хүртэл тарьсан. Хоёр дахь жилдээ жимс нь  гардаг юм билээ. Тэгсэн нэг өглөө сэртэл жимсний модыг маань газартай нь ухаж аваад явсан байсан. Бид хоёр дэлгүүрээс ногоо аваагүй дээ. Тусгай хангамжид байхдаа идээгүй ногоогоо наадмаар идэж суулаа. Өвгөнөө бухран болтол бид 1997 он хүртэл Дамбадаржаад амьдарсан...хэмээн хуучилж байв.

        А.Дариймаа гуайн ярианаас сонсоход тэдний туулсан амьдрал тийм амар, хялбар байгаагүй байна. Тэгээд элдэв юм сонирхож асуув. Төрийн өндөрлөгүүд гадаадад албан ёсны айлчлал хийхдээ гэргийгээ дагуулж явдаг. Ж.Батмөнх гуай таныг авч явдаг байв уу гэхэд “Чамайг албан ёсны айлчлалаар аваад явахаар улсаас өндөр зардал гарна. Чи өөрийнхөө зардлаар хаашаа ч хамаагүй явж болно” гэж хэлдэг байсан гэнэ. Хамгийн сүүлд тэрээр 1988 онд Ардчилсан Солонгос, Энэтхэг рүү нөхрөө дагаж явсан гэж байв. Мөн “Манай хүн намайг орон нутгаар ч ховор авч явна. Би Баянхонгор, Завхан, Говь руу явж үзсэн. Өөр газраар яваагүй” гэж хуучиллаа. Ж.Батмөнх гуай амралтын өдөр, чөлөөт цагаараа юу хийдэг хүн байсныг асуувал “Өглөө гараад орой гэртээ ирэхдээ зүгээр ирэхгүй. Бичих юм ихтэй ирнэ. Уулзалт, их хурлын илтгэлүүдийг гэртээ сууж бэлтгэнэ. Заримдаа Батаа гэж туслах нь ирж, хоёулаа юм ярьж суудаг байсан. Хүн орж ирэхээр их баярладаг байсан даа хөөрхий минь. Миний том, бага эгч нөхөртэйгөө ирэхээр хэдүүлээ нийлээд энд тоглоод суудаг байсан. Яахав дээ, өвгөнийг минь саатуулах гэж ирдэг байсан биз. Ганц боддог зүйл нь “Монтолын ард түмэн болохоо байлаа” гэж үглэсээр байгаад л бурхан болсон доо. .Манай хөгшин хууч өвчингүй цоо эрүүл байсан. Дарга байхдаа ганц удаа ч эмнэлэгт хэвтэж үзээгүй. Амгалан, тайван зантай хүн байлаа. Дотроо бухимдсаар байгаад л бурхан болсон доо хөөрхий.Хэрэв багшийнхаа.ажлыг хийж байсан бол өнөөдөр байж л байх байсан гэж дандаа боддог юм...” хэмээн дурссан.

 Монгол төрийн  төлөө чөмгөө дундартал зүтгэсэн буурал удирдагчийн  улс эх орондоо зүтгэсэн замын эхэн, дунд, төгсөл ийм. Тэр улс эх орон, түүний  хөгжил цэцэглэлт, ард түмний амар тайван аз жаргалант амьдралын төлөө тууштай зүтгэсэн хугараагүй ноён нуруу билээ.

 

Эх сурвалж: ulsturch.mn