У.Хүрэлсүх: Бид нэг цул болж, хүчээ нэгтгэж байж улс орныхоо тогтвортой хөгжлийг хангана

Сэтгүүлч
2020/09/30

       НИТХ-ын 2020 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ. Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн нээлтийн арга хэмжээн дээр хэлсэн үгнээс тоймлон хүргэж байна.

Та бүхэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөллөө сонгох ээлжит хариуцлагатай сонгуулийн өмнө тулж ирээд байна. УИХ-ын сонгуулиар ард түмэн улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намд итгэж саналаа өгсөн. Ард түмнийхээ итгэл найдварыг бид хичээл зүтгэлээр хариулах ёстой. Шинээр байгуулагдсан Засгийн газар томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгааг та бүхэн мэднэ. Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, дулааны цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, усан цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, орон сууцны хороолол, гэр хорооллын дэд бүтэц, инженерийн байгууламж, авто зам, хурдны зам, төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудыг бид хийж хэрэгжүүлэх ёстой. Улсын Ерөнхий сайдын хувьд би цаг хугацаагаа тодорхой төлөвлөж хийж байгаа. Бид 4-12 жилийн хугацаанд дэд бүтцүүдээ шийдэж, улс эх орныхоо хөгжлийг зохих төвшинд хүргэж ёстой. Цаашдаа хувийн хэвшлийнхэн, ард иргэд маань өөрсдөө амьдралаа залгуулаад явах хэмжээний хөгжилтэй, дэд бүтэцтэй улс орныг бий болгох нь бидний зорилго юм. Энэ бол Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилт. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар хичээл зүтгэл гаргаж ажиллах болно гэдгээ та бүхэндээ хэлэхийг хүсэж байна. Ард түмэн ч бид ч маань улс төржиж, хийрхэж, хоорондоо хэрэлдэхийг хүсэхгүй байгаа. Улс төрийн намуудыг хийрхлийг ч хүлээж авахгүй байгаа. Улс эх орноо хурдан хөгжүүлэх, ард түмний амьдрал сайжирч, айл өрх бүрийн орлого нэмэгдэх, хүн бүр ажилтай, орлого байхыг л хүсэж буй. Тиймээс ирэх он жилүүд их бүтээн байгуулалтын жилүүд байх болно. Ард иргэдийн энэхүү хүслийг бид ажил хэрэг болгохын төлөө хичээн ажиллах он жилүүд байх болно гэдгийг би Улсын Ерөнхий сайд, ууган намын даргын хувьд сонгогч олон түмэндээ хэлэхийг хүсэж байна.

Мэдээж бидэнд алдаа дутагдал бий. Монгол Ардын Нам төгс төгөлдөр улс төрийн хүчин биш. Бидэнд олон асуудал бий. Гэвч ард иргэдийнхээ шүүмжлэлийг хүлээн авч алдаа дутагдлаа засахын төлөө ажиллаж, намаа шинэчлэн өөрчилж байна. Монгол Ардын Намд шинэ үеийнхэн гарч ирж байна. Шинэ залуу боловсон хүчнээр бид намаа бэхжүүлж, намын удирдах төвшинд ч шинэ залуу боловсон хүчнүүдийг сонгон томилж байна. Тийм ч учраас бид энэ удаагийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд олон залуу боловсон хүчнийг нэр дэвшүүлсэн. Ард түмэн УИХ-ийн сонгуулиар Ардын намд итгэсэн. Бид хариуцлагаа хүлээж ажиллана. Энэ итгэл найдвар бидэнд бүх шатанд хэрэгтэй байна. Бид нэгдмэл нэг цул болж, хүчээ нэгтгэж байж улс орныхоо тогтвортой хөгжлийг хангана. Ингэж байж бид сонгуулийн мөрийн хөтөлбөр, амласан амлалтаа хэрэгжүүлэх ёстой. Үүнийг ард түмэн маань ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Товчоор хэлэхэд бид хариуцлагаа бүтэн хүлээе гэж байгаа юм. Ард түмэн бидэнд бүтэн хариуцлагыг үүрүүлээсэй гэж хүсэж байна, бид хичээж, зүтгэх болно. Тийм учраас бидний зорьсон зорилт, хийж бүтээж буй ажлыг хэрэгжүүлэхэд бүх шатанд тогтвортой засаглалыг бий болгох ёстой. Бид өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хэд хэдэн томоохон асуудлуудыг шийдсэн. Тухайлбал, сүүлийн 20 жил ярьсан нийслэлийн агаарын бохирдлыг төр засаг, ард иргэдтэйгээ хамтраад хоёр жилийн хугацаанд 50 хувиар бууруулж чадлаа. Ирэх дөрвөн жилд бид 80 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан, үйлдвэр нь ашиглалтад орж байна. Нийслэлийн хувьд агаарын бохирдол нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал байсан бол одоо түгжрэл нэн тэргүүний асуудал болоод байна. Тиймээс ирэх дөрвөн жилд түгжрэлийг сааруулах ажлыг бид шинээр сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн удирдлагуудтай, засаг захиргаатай хамтарч хийж хэрэгжүүлнэ. Хотын хөгжилд бүгдээрээ хүчээ нэгтгэцгээе!